ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Г.Сэнгэдоржийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Эднийх өвлийг өнөтэй давах бэлтгэлээ бүрэн базаасан байлаа.
Өвөлжилтийн бэлтгэл гэдэг малчид биднээс их шалтгаална. Малынхаа өвс, тэжээлээс гадна түлээ түлш, аргал, хоол ундаа базаах, өвөлжөөгөө төхнүүлэх гээд малчин бидний холч ухаан, хөдөлмөрч зан маш чухал хэмээн Г.Сэнгэдорж хуучилсан. Тэрбээр биеийн тамирын багш мэргэжилтэй. 1992 онд БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэж байгаад 2003 онд нутагтааа ирж малчин болжээ.
Г.Сэнгэдорж 14 жил мал маллаж өдгөө бог бод нийлсэн 800-гаад малтай, сумын аварга малчин өнөр өтгөн өрх юм. Тэрбээр хүний нутагт хөдөлмөрөө мөлжүүлж байснаас эх нутагтаа ирж, халуун хошуут малаа дагасан нь миний “амьдралын баталгаа” болсон хэмээн залуучуудад хандан хэлж байсан.
Г.Сэнгэдорж 100-гаад үхэртэй цаашдаа үхрийнхээ чанарыг сайжруулах тал дээр анхаарч, махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх зорилготой. Ер нь малчид эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх сонирхолтой болсон. Малын тооноос илүү чанарт анхаарч байгаа энэ бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа гэдгээ Сайд Б.Батзориг тодотгон хэлсэн.