Монголынхоо нэрийг дэлхийн хөгжмийн ертөнцөд дуурсгаж яваа төгөлдөр хуурч,гоцлон тоглооч Сангидоржийн Саянцэцэг энэ сарын 14-нд УДБЭТ-ын тайзнаа тоглолтоо хийнэ. Тэрээр хөгжимчин болох гараагаа эхэлсэн төрөлх сургууль Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийнхоо 80 жилийн ойд энэ удаагийн тоглолтоо зориулж байгаа аж. Түүний аав нэрт хөгжмийн зохиолч,Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсан охиноо таван настай байхаас нь анхны төгөлдөр хуурын хичээл зааж хөгжимчин болох замыг зассан билээ. Охиныхоо ер бусын хөгжмийн авъяасыг мэдэрсэн аав нь түүнийг Хөгжим бүжгийн дунд сургуульд хөтлөн оруулсан тэр цагаас С.Саянцэцэг төгөлдөр хууртай нөхөрлөсөн. Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторийн өндөр шалгууртай элсэлтийн шалгалтад тэнцэж, элсэн суралцсаар төгссөн.
С.Саянцэцэг нь гоцлон тоглоочоор олон төрлийн урсгал, чиглэлд өөрийгөө сорьж, уран бүтээлээ баяжуулсаар яваа авъяаслаг төгөлдөр хуурч юм. Энэ удаагийн тоглолтдоо аавынхаа уран бүтээлээс бас төрсөн дүү С.Сансаргэрэлтэх болон Бах,Моцарт,Шопен,Рахманинов нарын дэлхийн шилдгүүдийг хөгжимдөх аж. Манай гаригийн шилдэг төгөлдөр хуурчдын тэргүүн эгнээнд яваа С.Саянцэцэг гайхамшигт тоглолтоороо үзэгч олны сэтгэлийг уяраан хөглөхөөр урин дуудаж байна. Авъяаслаг бүсгүйн уран яруу хөгжимдөхийг сонсож, сэтгэлийн цэнгэл эдлээрэй.
Н.Дөл