Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэл хот бүх автобусандаа ухаалаг карт суулган ажиллаж эхэлсний үр дүнд автобус тус бүрийн зорчигчийн тоо, ангилал, зорчиж буй сүүлийн чиглэл, сэлгэн суулт, давтамж тодорхой болж ирснээр нийтийн тээврийн үйлчилгээний бодит зардал, орлогыг тодорхой болгох, тээвэрлэлтийг оновчтой төлөвлөх боломжийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийг энгийн, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан гэж ерөнхийд нь тав ангилж байна. Энгийнээс бусад ангиллын зорчигчид үйлчлүүлсний нөхөн төлбөрт өмнөх жилүүдэд улсын төсвөөс хэдэн тэрбумаар тоологдох төгрөгийг компаниудад шилжүүлж иржээ. Харин 2015 оноос энэ төлбөрийг нийслэлийн төсөвт суулгасан байдаг.
Нийслэлийн Тээврийн газар нөхөн олговрын тооцоог бодитой болгохын тулд 120 гаруй мянган өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийслэлийн Халамжийн газар өөрийн биеэр очиж авсан тодорхойлолтыг үндэслэн хүн бүр өдөрт хоёр удаа зорчихоор тооцож ухаалаг картыг нь цэнэглэх болов.
Мөн 100 гаруй мянган оюутныг нийслэлийн Боловсролын газраас холбогдох сургуультай нь байгуулсан гэрээний үндсэн дээр гаргасан тодорхойлолтын дагуу ажлын өдөрт гэр, сургуулийн хооронд ирж очих, замдаа сэлгэж сууж болохоор ухаалаг картыг нь цэнэглэж байна.
Бүхнийг “монголчилдог” зан тушаа болж байна
Ийнхүү үйлчлүүлснээр нь тооцоод ирэхээр өмнө нь хавтгайруулан олгож байсан нөхөн төлбөр эрс багасна гэж тооцож байсан ч манайхны ямар ч зүйлийг “монголчилдог” зангаас болж картын зөрчил, бэлэн мөнгө хураах байдал тасрахгүй өдийг хүрсэн нь смарт картын үйлчилгээг бүрэн утгаар нь нэвтрүүлэхэд хамгийн том “тушаа” болоод байгаа юм.
Тухайлбал, Улаанбаатар Смарт карт ХХК болон “СитиБаз Консалтинг” ХХК-ийн явуулсан судалгаанд энгийн карт хэрэглэгчдийн 5-8 хувь нь жолоочид мөнгө өгөх, картаа уншуулахгүй, огт төлбөр төлөхгүй зорчиж байна гэж дурьджээ. Мөн насанд хүрсэн хүн хүүхдийн картаар зорчих, ахмад настны карт ашиглах зөрчил нийт зорчигчдын 10 гаруй хувьд байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт ашиглалтын зөрчил мөн 4-5 хувь, оюутнуудын картын зөрчил дунджаар 5 хувь, карт буруу ашигласан, карт уншуулалгүй төлбөргүй зорчсон зэрэг зөрчлүүдээс үүдэж жил бүр 11-12 тэрбум төгрөг орлого олох боломжийг алдаж байна.
Санхүүгийн алдагдал үүгээр зогсохгүй карт буруу ашигласнаас үүдэн улсын төсвөөс өгч буй татаасын дүнг өсгөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна” гэжээ.
Үүний бодит шалтгаан нь гагцхүү ухаалаг картны системийн асуудал биш юм. Харин энэ бол Монголын нийтийн засаглалын чадавхын түвшин, нийтийн хөрөнгийг төсвөөр дамжуулан тооцоо судалгаагүй, хариуцлагагүй зарцуулдаг байсан “улсын юм, хэний ч биш” үзлийн үлдэгдэл гэж болно. Өөрөөр хэлбэл, хяналтгүй зүйлд хүнийхэрхүү ханддаг бидний сэтгэлгээний том доголдол.
Хяналт шалгалтын хэрэгцээ буюу бодит байдал
Одоогийн байдлаар улсын болон хувийн нийт 23 авто тээврийн компанид нийт 750 орчим шалгагч ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Бий гэх учир нь дээрх нөхцөл байдал үүсээд байхад шалгагч нар хаана, юу хийж байсан бэ гэх асуултын хариу тодорхойгүй байна.
Тодруулбал, Нийслэлийн тээврийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/112 дугаар тушаалаар батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжид шалгагч гэрээгээр түр ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуй нэгж байгууллага нь нийт 800 орчим орон тооны шалгагчийг ажиллуулж ирсэн тухай тоо баримт байдаг боловч нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн үйлчилгээний хөлсний орлогын хэмжээ жил дараалан буурсан үзүүлэлттэй гарч иржээ.
Нийслэлийн төсөвт жил бүр тэдгээр шалгагчдын цалин хөлсөнд багагүй хэмжээний зардлыг тооцоолж тусган, тэдний харъяалагдан ажиллаж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний компаниудад олгодог гэх албан мэдээлэл бий.
Гэвч судалгаанаас үзэхэд нийтийн тээврийн шугам бүрээр явж, үйлчлүүлэгчдийн үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, ажиллах ёстой шалгагчид журамд заасан үндсэн ажлаа хийхгүй, байгууллага дээрээ цэвэрлэгээний болон бусад аж ахуйн ажлыг хийж байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээнд тавих хяналтыг цалгардуулах, зорчигчид бэлэн мөнгөний хайрцагт хүчингүй болон дутуу мөнгө хийх, зорчигчид хүүхдийн болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картаар зорчих, жолооч, шалгагч нарын бэлэн мөнгөний орлогыг шамшигдуулах, үргүй зардалыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнээс орох орлогын хэмжээг буурахад нөлөөлсөн зөрчил харагдаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн холбогдох удирдлагууд зөрчлийг арилгахад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол 500 гаруй шалгагчийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас салгах нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, шалгагч нарыг мэргэшүүлж, нэгдсэн удирдлагатай болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байдаг.
Товчхондоо, шалгагч нар тээврийн хөлс төлөхгүй байгаа зорчигчдод шаардлага тавих, автобусанд гарч буй зөрчлүүдийг шийдвэрлэх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагч нарын цахим картын ашиглалтад хяналт тавих үндсэн ажлыг хийж эхлээд байгаа юм. Энэ нь ч манай одоогийн нөхцөлд тохирох арга барил маргаангүй мөн.
Иргэд энэ салбараас юу хүсч байна вэ?
Нийтийн тээвэр цагтаа явдаг, тав тухтай, байгаль орчинд ээлтэй болчихвол хотын иргэд машины оронд автобусыг сонгож нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал бууран, хотын агаарын бохирдлыг ч багасгах боломжтой.
Нэг үеэ бодвол сүүлийн хоёр жилийн хугацаанд нийтийн тээврийн салбарт ухаалаг картыг нэвтрүүлсэн, автобусны дугаар, чиглэл, хөдөлгөөний цагийн хуваарь бүхий мэдээллийг зогсоолуудад байрлуулж эхэлсэн, автобусны буудлыг зарладаг болсон гээд өөрчлөлт дагуулсан олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа ч иргэд хандлагаа өөрчлөх, нөгөө талаар тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах хэрэгцээг хангах нь чухал байгааг онцлох хэрэгтэй.
Ямартай ч нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгох, цагийн хуваарь, чиглэл нь иргэдийн хэрэгцээнд тохирсон, үйлчилгээ нь тав тухтай, аюулгүй байх шаардлага аль хэдийнэ үүссэн бөгөөд тийм өөрчлөлтийг хийхэд ухаалаг системээс гадна хяналт шалгалтынхныг дэмжиж ажилуулахаас өөр сонголтгүй юм.
Нөгөө талдаа нийслэл хот одоо нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой, өгөөжтэй болгохын тулд юуны өмнө нэвтрүүлж эхэлсэн ухаалаг картаа бүрэн ашиглах, нэгдсэн хяналтын системээ бүх боломжоор ажиллуулан улмаар бүрдүүлсэн мэдээллийг бааздаа тулгуурлан тээвэрлэлтийн сүлжээгээ боловсронгуй болгох, үргүй зардлаа багасгаж, орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн хувьд хүчирхэг болох цаг нэгэнт иржээ. Ингэж байж л энэ салбарын хөгжлийг ОУ-тай харьцуулж ярих боломж бүрдэх билээ.
Б.Орхон
Suuhad kart unshdag bolovch buuh bolgond unshdaggui shdee Uuniigee ankhaaraldaa av