Хүүхдийн гэсэн хаягтай болгоныг устгасан Монголд багачуулдаа зориулсан кино бүтээжээ

2017 оны 11-р сарын 08 өдөр, 15 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23416302_1231199440344885_830226576_n

Монгол Улс 1990-ээд оны эхнээс зах зээлд шилжлээ гэхтэй зэрэгцээд “Хүүхдийн” гэсэн нэртэй бүхнийг устгаж чадсан. Энэ бол үр хойч үеийнхнийгээ харгисласан балмад явдал. Ингэж хэлэх ч бараг гоёдоно доо. Муу хэлээд байдаг социализмын үед А.И.Филатова-Цэдэнбалын үүсгэн байгуулсан Хүүхдийн төлөө фондоос эхлээд кинотеатр, номын сан гээд юм юм байсан билээ. Элдэв-Очирын гэх Хүүхдийн кинотеатрыг устгаад 20 гаруй жил өнгөрөв.

Одоо тэнд Хөрөнгийн бирж байгаа. “Зориг” сангийн зүүнтээ Хүүхдийн номын сан гэж оюуны өргөө байлаа, Хэдийд ч нураасан юм бэ,хэдийд ч буурин дээр нь олон давхар барилга овоолсныг мэдэх арга алга. Хүүхдийн паркийн газар руу бие биеэсээ өрсөн шүлсээ савируулан довтолсон шуналтнууд газрыг нь дээрэмдэж ногоон байгууламжийг нь сүйтгэж, баахан барилга барьж өчүүхэн бага газрыг арай ядан хүүхдүүдэд үлдээсэн. Энэ мэтчилэн Монголд хүүхдэд зориулсан хөрөнгийг хулгайлж луйвардсаныг  тоочоод барахгүй. “Бамбарууш” кафе, Хүүхдийн баримтат кинотеатр, Хүүхдийн төв байгууллага болон сонин,сэтгүүлийн газар нь хаачив гээд уйлан хайлан нэхээд ч нэмэргүй. Тэр бүгдийг аль хэдийнэ сүйтгэсэн.

Шаргаморьтод “Дружба” гэж зуслан байсан,одоо “Сод Монгол” гэдэг эзнийх  болсон. Хүүхдийн театрыг 1991 онд И.Нямгаваа найруулагч нь хувьчилж аваад хөрөнгөжиж эхлэхэд Ц.Төмөрбаатарын толгойлсон тэндэхийн хэдэн жүжигчин хичнээн тэмцээд хүчин мөхөсдсөн. Одоо “Хаан” банк эзэмшиж байгаа болохоор мөнгөний өмнө хэн ч бай хүчгүйддэгийн жишээ энэ аж. Зөвхөн хотод ч биш хөдөө орон нутагт хүүхдийн гэсэн тодотголтой юу ч байхгүй. Нэгэнт хүүхдийн гэсэн хаягтай болгоныг устгаж,хувааж идэж дуусгасан болохоор хүүхдийн хүмүүжил,боловсролд анхаарахаа больсон. Өнөө цагт хүүхдүүд компьютер тоглоомын газар, хааяахан “Хүннү молл”,“Тэнгис”-т кино үзэхээс өөр орох газар алга. Уран бүтээлчид хүүхдэд зориулсан кино хийх нь ч ховордсон. Учрыг лавлахад,хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг болохоор  ихэнх кино компани, продюсерууд ашиг олох магадлал багатай өөрөөр хэлбэл эрсдэлтэй  төрөл жанрын кино хийхийг хүсэхгүй байгаа аж.  Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд  санаа зовсон, тэдний ирээдүйд сэтгэл чилээсэн, хүүхдийн хүн болох процесст бага ч болов дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн, хүүхдийн төлөө гэсэн  чин эрмэлзэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байгаа нь аз завшаан юм. Өнгөрсөн нийгмийн үед манай уран бүтээлчид “Улаан дарцаг”,”Гурван найз”,”Зуслангийн найзууд” гээд маш олон кино хийсэн. Бас гадаадаас орчуулсан кино ч зөндөө бий. “Баригдашгүй өшөө авагчид”,”12 сар” гээд л үргэлжилнэ. Удахгүй хүүхдэд зориулсан “Залуу мөрдөгчид” гэдэг кино дэлгэцэнд гарах гэж байгаа тухай шинэхэн сонин мэдээ сонор мялаав. Уг киног бүтээгчидтэй холбогдоход,  хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагавартай байдаг талаар сургамж болох үйл явдал кинонд өрнөх аж.

Хүүхдэд зориулсан болохоор харилцааны соёлд хэрхэн суралцах, зөв хүн болон төлөвшин хүмүүжихэд юуг анхаарах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж байгааг уран бүтээлчид онцолж байна. Хүүхдэд уран бүтээлээ зориулж байгаа сайн санаат хүмүүст талархая. Харин эцэг,эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж киногоо үзээрэй. Ойрын хэдэн жил багачуулд  юу дутагдаж байгааг  энэ киноноос мэдэж болно гэж уран бүтээлчид ярьж байна.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх