Монгол Улсад зүрх судасны өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд төдийлөн буурахгүй, нийт өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа билээ.
2013 онд үндэсний хэмжээнд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд 15-64 насны хүн амын 27 хувь нь цусны даралт ихдэх өвчтэй. Даралт ихэсдэг нийт хүмүүсийн дөнгөж 20 хувь нь даралт бууруулах эм хэрэглэдэг боловч дөнгөж 7 хувь нь л даралтаа хэвийн түвшинд барьж чаддаг гэжээ.
Тэгвэл энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Оном” сантай хамтран өрхийн эрүүл мэндийн түвшинд цусны даралт ихдэх өвчний тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийн дагуу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, анхан шатны түвшинд цусны даралт ихдэх үеийн тусламж, үйлчилгээг чанаржуулахад чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн 25 төвийг сонгож, нийт 350 эмч, сувилагчийг “Цусны даралт ихдэх өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалтанд хамрууллаа. Мөн энэ дагуу сонгогдсон өрхийн эрүүл мэндийн 25 төвийн дарга нарт цусны даралт ихдэх өвчний тусламж, үйлчилгээний менежментийг хэрхэн зохион байгуулах талаар арга зүйн зөвлөмжийг өгсөн байна.
Түүнчлэн “Цусны даралт ихдэлтийн менежментийг сайжруулахад дэмжлэгт хяналт хийх нь” сэдэвт сургалтыг зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн чанар болон өрхийн менежер, сувилахуйн албаны дарга нарт зориулан зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР