Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн АН-ын зарим гишүүн шинэ нам байгулах гэж байна гэсэн бор шувуу нисч эхэлсэн. АН-ынхан дотроо “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг эв нэгдэлгүй,хэрүүл тэмцэл ихтэй түүнийгээ манай нам дотоод ардчилалтай хэмээн бултдаг. Хагарал, фракц хоорондын үл ойлголцол дээд цэгтээ хүрч,дотроосоо шинэ нам төрүүлэх хүртлээ хямарч байгаа бололтой. АН өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдсан нь намын дотоод зөрчилдөөн, талцал хэрээс хэтэрсэнтэй холбоотой аж. Үзэл бодлын зөрчилтэй нөхдөөс холдож туурга тусгаарлахаар шийдсэн хүмүүсийг Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар магнайлж байгаа бөгөөд тэд удахгүй шинээр мэндлэх намаа өлгийдөн авах нь тодорхой болжээ. АН-ын даргын сонгуулийн үеэр эвийн таван сум барьсан нөхөд ч бүгдээрээ өөрийн гэсэн гоцлол тоглолтоо эрхэмлэж явсан. С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон даруйдаа “АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгох. Намын шинэчлэлийн хамгийн том зорилго нь нам дотроо ямар нэг фракцгүй байх явдал байсан. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. Энэ нам энэ цаг мөчөөс эхлэн фракц давамгайлсан үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр франкц давамгайлсан үйл ажиллагаа явуулах нь байтугай гишүүд нь нам байгуулаад өрх тусгаарлаж эхлэв. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар,шинэ намын цаадахь “нууц ноёнтон” нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа гэнэ. Тэрээр улстөрд эргэн ирэх бэлтгэлээ базааж,бэлтгэл ажилдаа орсон бололтой.
Н.Дөл