Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд өвөрмөц нэгэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Өвөрмонголын Хянган аймгийн 30 гаруй гэрэл зурагчин урын сангаасаа дэлгэн үзүүлж байгаа нь энэ. Нутаг усандаа нэр хүндтэй авъяаслаг уран бүтээлчид энэ удаа аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудыг гэрэл зурагт буулгаснаа монголчууддаа үзүүлэхийг зорьжээ.
Хянган аймгийн Рашаан хот рашаан сувиллаараа улсдаа алдартай. Үзэсгэлэн зохион байгуулагчид олны нүдийг хужирлаж байгаа гэрэл зургуудийг тайлбарлахдаа байгалийн гайхамшгийг бахдан ярьж байлаа. Хянган аймагт аялал,жуулчлал,амралт чөлөөт цагаараа ер нь хүссэн цагтаа хүрэлцэн ирж,байгалийн сайханд амрах боломж хүн бүхэнд нээлттэй гэдгийг зохион байгуулагчид ярьж байсан юм.
Уг үзэсгэлэнг Өвөрмонголын Хөх хотод суугаа Монголын консулын газар, Өвөрмонголын Аялал жуулчлалын газар болон тус улсын “Найртай” кино,соёл урлагийн компани хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэн дэх гайхатай гэрэл зургуудыг анзаарч явахад өнө эртний түүхтэй Монгол,Хятад олны хүртээл болгох нь хоёр улсын нөхөрлөлийг батжуулж,уран бүтээлчдийн хамтран ажиллах урам зоригийг хөглөж байна хэмээн бодогдсон. Үзэсгэлэнгийн нээлтэд Өвөрмонголын Хөх хотод суугаа ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан,Хянган аймгийн гэрэл зургийн холбооны тэргүүлэгч,тус аймгийн Өдрийн сонины редактор Жу Хао Юү,”Хянган” ажил мэргэжлийн дээд сургуулийн профессор Чулуунбагана,”Найртай” кино урлагийн компанийн ерөнхий захирал Э.Цэнгэл нарын олон хүн иржээ.
Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олон Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөжүүлэхийг зорьж байдаг нь сайн хэрэг. Энэ удаагийн үзэсгэлэн ч бас найрамдал,нөхөрлөл,харилцан ойлголцлын нэгэн учиг болсныг албаны хүмүүс болон үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн мэргэжлийг гэрэл зурагчдын төлөөлөгчид онцолж байлаа. Үзэсгэлэнг энэ сарын сүүлээр Дорнод аймагт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Н.Наран
сайхан мэдээ гарсан бхын.Өвөрмонголчуудтайгаа найрсаг хаилцаатай байх зөв өө.