2-р хэсэг
Миний хүү чинь ааваасаа бараг хагас тохой өндөр байна. Барилгын инженер болсон хүн байшингийнхаа оройг харсаар байгаад өсдөг байх аа даа…
-Аав минь, хүүгээ өмөөрөөд ийм айхтар юман дээр унасныг чинь мэдэж байгаа болохоор хүү нь маш их шаналж байлаа. Тэр өдрөөс чинь хойш би ээж дээрээ очоогүй ээ. Найзындаа амьдарсан. Хотод ирэхээрээ танай нутгийн хазгар Чулуун гуайнд толгой хоргодож байгаад сургуулиа төгссөн… Намайг төгсөхөд ээж сургууль дээр ирсэн. Зөндөө их уйлж, таныг асууж зүрхлэхгүй байгаад явсан. Намайг ээжээр овоглосонд дунд сургуульд байхаасаа эмзэглэдэг байсан ч гэсэн өдий хүртэл “Цэндмаагийн Ууган” гэж явлаа. Гэхдээ хүү нь саяхан иргэний үнэмлэхэн дээ аавынхаа нэрийг бичүүлж “Төмөр” гэж ааваараа овоглох болсон…
Миний хүүгийн ухаан ингэж задарч тэлсэн байна. Тэгэхэд би яаж байна… “ Төмөр үрчлээтсэн хар нүүрээ ширүүхэн хэд шударснаа Болдбаяр руу сэмээрхэн харлаа. Нүдээ аниад дээшээ хараад хэвтэх түүний цээж түхэлзэх нь амьсгаа ихтэй бухимдуу байгааг харуулав.
“Энэ хүү шаналахаас яах вэ… Үр хүүхдийн хүслэн болсон амьтан шүү дээ… Би гэж нэг өгөр толгой хүүгээ ирснийг нуусан мөртлөө “… хүүгийнминь заяа түшлээ” гээд хөөрцөглөж орхисон. Энэ ам уу. Миний ухаан санаа ч гэж ёстой нэг дэвтдэггүй үдээр шиг болсон эд.Уг нь зовлонг үүрч яваа шигээ ухааждаг бол надаас ухаантай хүн баймгүй, гэвч яаж байна… Энэ муу хүүгийн зүрхийг шимшрүүлж орхилоо…” Төмөр ингэж өөрийгөө зүхэж хэвттэл хөлийн чимээ гарлаа.
Нэг нь өршөөгдөж, нөгөөд нь тийм хувь дутаж байхад хямарч, хүн яахаа ч мэдэхгүй, аймшигтай болдгийг хэзээний мэдэх хянагч Буянаа:
– Болдхүү, битгий уйл. Хар газар уйлах сайн биш гэдэг юм. Харсан тэнгэр байгаа шүү дээ. Эцсийн шийдвэр чинь гараагүй байгаа. Эр хүн хийморьтой, босоо байхад их юм үзнэ ээ, болоогүй… Дээд шүүхийн хурлын шийдвэр чинь удахгүй ирнэ шүү… Май тамхи тат гээд “Парламент” сарвайв.
“Хуяг, хянагч” гээд эд нарыг хүн биш өөдгүй л гэнэ. Хүн шиг нь бас цөөнгүй шүү” гэж бодож суусан Төмөр, Болдхүү яримаар байвч үг нь эвлэж өгөхгүй байгааг анзаарчээ.
– Алив, ах нь зоосоо гүйлгэнэ ээ. Манай Буянаа ээлжтэй байгаа юм чинь гээд шархны лентээр ороож шажигнах дууг нам болгосон есөн зоосоо гаргаж ирлээ.
Дуу нь хүртэл чангарчихжээ, түүний… Болдхүүгийн сэтгэл хөөрч, догдлоод эсвэл гомдож цөхрөөд байгаагийн алин болох нь бүү мэд дахиад тогтворгүйтэн, бужигнаад ирэв.
Нүдээ аньж ирээд зоосоо шившин, сурмаг гэгч нь хэд гүйлгэснээ Төмөр:
-Хийморьтой байна аа, дүү хүү. Хөл чинь тэгширч өгөхгүй, толгойн тал яах аргагүй хүнд мөртлөө зоос чиний талд гүйгээд байна. Зүгээр… Энэ хэдэн зоосыг хараад ээж, эхнэр хоёр чинь хөдөлгөөнд орчихож гэж би хэлэх гээд байна гэв. Нулимс нь хатаагүй шахам суусан Болдхүүгийн нүд сэргээд ирлээ.
– Ах хүү ч сайн хэлдэг дээ… гэснээ:
-Тэр хоёрынхоо барааг харах сан гэж яарах тусам цаг хугацаа хүртэл яг дөнгөлөгдчихсөн юм шиг явж өгөхгүй санагдаад … Дээд шүүхийн хурал юу гэж шийдсэн бол… гэхээс цээжний цаанаас нэг хүнд юмаар балбаад байх шиг санагдах юм… За тэгээд, ах минь нартын жамаас хазайж битгий алхаарай. Та ч уг нь мундаг хүн дээ. Таны наад бөндгөр доторхийг уудалж, ойлговол хэрэгтэй юм их бий шүү. Хүүгээ сайн хүн болгоорой… гээд Мухар руу ойртож очин духаа үнэрлүүлэв.
Өвгөн дуугарч чадахгүй байлаа. Болдхүүг хайрласан зөөлөн харцаа эс салган “Их буян өвөрлөж төрсөн, сайхан хүү байгаа юм даа… Энэ сайхан өргөн магнай, дух чамайг тийм ч амархан хөсөр хаяхгүй дээ…” хэмээн бодож амжжээ.
*** *** *** *** ***
… “Миний хүүг Бурхан ивээнэ … гэж Шийрэв гуай хэлсэн. “Төрөл их ойрхон байна” гэдэг нь юу гэсэн үг юм бол… Хүүгийн минь амийг өршөөвөл үр хүүхэдтэй болгодог рашаан усанд хүртэл оруулах юм шүү. Газар, газрын сайн юм дуулдах л юм… Би гэж их урагшгүй амьтан. “Хоёр хүүхэд өөрсдөө мэдэж байгаа” гээд чимээ чагнаад, хоосон залбирч байхын оронд хүн амьтнаас асууж сураглаад тэр сайн гэх рашаанд оруулсан бол өдийд хэдэн ачтай ч суух байсан юм билээ. Хүү минь ингэж амьтны хар амны бай болж, эцэст гэмтэн болчихоод, амьд байх хоногоо тоолоод суухгүй л байсан… Энэ муу бэр минь царай алдаад бүр хэцүүдэх нь. Яадаг шүү юм билээ. Ямар ч байсан хот оръё…” хэмээн өөрөө өөртэйгөө ярингаа ойр зуурын юм янзалж суутал хүүгийнх нь өмсч байсан баривч баадан дотроос цухуйж байв. Цэндмаа хүүтэйгээ уулзсан мэт алгын чинээхэн бор баривчийг энхрийлэн үнэрлээд, энгэртээ наан хэсэг суулаа. Энгэр нь шүлсэндээ дарайж хатсан баривчны заханд хадсан мөнгөн ембүүг имэрч суутал гаднаас Оюундарь орж ирэв. “Сэтгэлийг нь үймүүлчих вий” гэсэндээ задалсан юм хумаа бушуухан хумиад,
– Миний охин халуун цай уу. Ээж нь борцтой, будаатай цай хийгээд тавьчихсан… гээд босохдоо хүүгийнхээ бор баривчийг өвөртөө хийлээ.
Оюундарийг цай уух зуурт хадам ээж нь хот явах тухайгаа дуулгажээ.
Цайгаа гүйцэд уулгүй гэрээдээ яарсан бүсгүй:
-Ээж ээ, хоёулаа бушуухан явъя. Би ч гэсэн ойр зуурын юм бэлтгэе. Болдоодоо оёж байгаа дулаан хүрэмнийхээ товчийг гүйцээж хадъя… гээд гарлаа.
**** **** **** **** ***
Ишигний арьсаар доторлож, сайхан бор ногоон даавуугаар өнгө татсан хүрмээ дэлгэж өөрийнхөө энгэрт барин толинд харснаа “Миний хань чинь ханхар өргөн цээжтэй, надаас тохой өндөр хүн шүү дээ. Мах нь шуугдаж жин хаясан ч гэсэн миний ханийн өвгөдөөсөө өвлөж төрсөн тэр сайхан бие хааг өөлж шулах биш энэ яг таарна…” гээд дутуу үлдээсэн хоёр товчийг хадав. Яарч сандарсандаа тэр биз утас нь ээдрээд уцаар төрөм байсан ч угийн уран, үйл үртсээрээ үеийнхэндээ шагшигддаг Оюундарь учиг зүүгээ уралдуулсаар дор нь гүйцээжээ. Хоймрынхоо авдарнаас нандигнаж боосон жижиг дэвтэр гаргаж ирээд захиагаа үргэлжлүүлэв. Байн байн нулимс нь бүрхэж ирэхэд ханцуйгаараа шударна…
… “Аймгаас ирсэн залуусын бөхийн барилдаан сургуулийн спорт танхимд болно. Дараа нь сургуулийн шигшээ багийнхантай гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийнэ. Охидын баг хувцсаа өмсөөд, бэлтгэлтэй байгаарай”.
Ангийн багш нь ингэж хэлжээ. Сургуулийнхаа гадна талбай дээр бэлтгэл хийж байсан охид дотогшоо ороход “Залуусын аварга шалгаруулах” бөхийн барилдаан дуусаад, шагналаа гардуулж байлаа.
-Хөдөө аж ахуйн техникумын Болдхүү аварга болсон… гээд ам амандаа шаагилдацгааж, ангийнх нь зарим охид:
-Бөхийн барилдаанд түрүүлсэн залуугийн багийг заавал өвдөг шороодуулаарай… хэмээн аальгүйхэн зангаараа егөөдөж, бас ч хөдөөгийн охидын сониуч зангаар харц шидэж байгаа нь илт.
Хоёрхон жилийн өмнө аравдугаар ангиа төгссөн гэхэд хамаагүй өндөр, биерхүү тэр хүүг “Насаа дарсан байх аа… Ямар биерхүү өндөр юм бэ… Яг л тэмээ гэсэн үг” гэцгээн гоочлох нь Болдхүү үеийнхэн дундаа арай өөр царай зүс, бие хаатай байсныг гэрчилнэ. Арга ч үгүй биз, “Өндөр”-ийнхөн гээд удам сайтай айлын хүүхэд юм чинь. Ургийнх нь овог хүртэл “Өндөр” шүү дээ…
Оюундарийн энэ сайхан дурсамж нүдэнд нь харагдах шиг болж, сэтгэл нь хүртэл хөнгөрсөн мэт санагдана. Тэрбээр нөхрийнхөө хэдэн ээлжийн солих дотуур хувцсыг эвхэж цүнхлэх зуураа барилдааны дараахь гар бөмбөгийн тэмцээнд яаж түрүүлснээ нэхэн бодлоо.
Аймгаас ирсэн багийнхан сургуулийн шигшээ эрэгтэй, эмэгтэй багийг нэг, нэг хожжээ. Биеийн тамирын багш Пүрэвийн царай нь чавга шиг улайчихаад “Та нар ичихгүй байна уу. Мод ч ингэж хөдөлгөөнгүй хөшөө шиг байдаггүй. Байгалийнхаа салхи, усны аясаар найгаж ганхдаг юм…” гэж ирээд бангадаад:
-Одоо эрэгтэй, эмэгтэй холимог багаараа гарч тоглоно… Оюундариа, чи олигтойхон хэд довтлоод тэр хэдийг ангайлгаад орхи л доо… хэмээн аргаа баран гуйж, аргадаж үзжээ.
Сургуулийн эрэгтэй, эмэгтэй холимог шигшээ багт дандаа аравдугаар ангийнхан орж, арай өөр бүрэлдэхүүнтэй талбайд гарлаа…
Шүгэл дуугарч, бөмбөг давуулсан мөчөөс эхлэн илт давуу, илүүрхсээр яваад аймгийн эрэгтэйчүүдийн багийг хожив. Ийнхүү үргэлжилсэн нөхөрсөг тоглолтод сумын сургуулийн холимог шигшээ баг аваргалж, аймгаас ирсэн залуус “Дараа жил даагаа хөтөлж ирээд тоглоно оо” хэмээн амласнаар тэмцээн өндөрлөжээ. Орой нь цэнгээнт бүжиг болж, барилдах гэж ирсэн хөвгүүд, сумын охид ёстой нэг сар хоноглотол бүжиглэцгээжээ …
-Бүжиг болоогүй бол би чамтайгаа уулзахгүй, учрахгүй байсан байх… Уг нь гар бөмбөгийн тэмцээнд хожих байсан юм аа. Би чамайг харж зогссоор байгаад олон бөмбөг алдсан шүү. Яг соронздуулчихсан юм шиг шалнаас хөл хөндийрч, ховхрохгүй, чамаасаа харцаа ч салгаж чадахаа больсон…Болдхүү ингэж ярих дуртай.
Тэмцээн дээр нэр усаа мэдэлцэн, нэг бус удаа гар барилцсан хоёр бүжгэн дээр бүр дотно сайн танилцсанаас хойш зургаан жилийн дараа нэг гэрт орж нижгэр хурим хийж билээ… Хайрын тухай энэ дурсамж сөхөгдөх бүртээ бүсгүйн сэтгэлийг харамсал, гомдлоор дүүргэж орхидог хэдий ч бодохгүй байхын аргагүй алхам тутамд нь дурайтал ороод ирнэ. Өмсч байсан цамцыг нь хацартаа наан суух Оюундарь энгэрээ нэвтэртэл уйлав.
Их сургуульд орох шалгалт өгөөд оноо нь хүрээгүй охиноо аав, ээж нь:
-Яахав, миний охин буянт малаа маллаад явж байхад тэр ромбо, дипломтноос дутах юм байхгүй ээ… хэмээн тайтгаруулж байхад Оюундарь “Болдоо ХААДС төгсөх юм чинь над шиг сургуульгүй хоцорсон хүнийг яаж тоох вэ дээ…” гэж хайрынхаа төлөө, хайртай залуугаасаа холдох вий гэсэн эмзэглэл тээж байв.
Зуныхаа амралтаар хэл, чимээ өгөлгүй давхиж ирсэн Болдхүү шууд ээж, аавтай нь танилцаад:
-Би Оюунаатайгаа хөдөө амьдарна. Малчин болно. Манай аав, ээж намайг хөдөө гарч мал маллах боллоо гэхээр ямар их баярлах бол. Тэр хот хүрээ чинь хүн амьдарч, ажиллахад тийм ч амар газар биш… гэж шулуухан хэлээд тавьчихаж.
-Хүний хүүхдийг сургууль, соёлоос нь гаргаж яасан ч болохгүй. Эд нар ийм дураараа улс шүү. Охиноо яаж ийгээд сургууль бараадуулахыг бодъё. Миний охин чинь уг нь найман жил дараалан онц сурсан, сурлага сайтай хүүхэд байгаа юм…гэж Болдхүүгээс далд аминчхан яриа хөөрөө болцгоожээ. Гэвч Болдхүү:
-Чи оюутан болж, хотын хүн болбол бол. Би яасан ч хотод суурьшихгүй… гэдгээ Оюундарьд хэлснээр тэд хөдөө нутагтаа гал голомтоо бадраажээ.
Миний хань Хөдөө аж ахуйн техникумыг онц төгсөөд урилгаар ХААДС –д орсон. Хоёрдугаар курсээ төгсөөд, намар нь буцаж яваагүй болохоос биш их мундаг малын эмч болох байсан юм. Сайхан барилдана, дуулна. Хэнтэй ч ам мурийж үзээгүй, хүн бүхэнд тус дэм болох гэж явдаг хүн шүү дээ.Техникумаас цэрэгт татагдаад Сүхбаатар аймгийн Онгоны заставт очиход нь энэ талийгаач Цолмонбаатар бас тэнд хуваарилагдсан байсан гэсэн. Тугал унаж, хурга хариулж өссөн тухайгаа яриад тэд хоорондоо ямар дотно, сайхан найзууд билээ. Тэгэхэд яагаад ийм юм болов? Мань талийгаач сүүлийн үед архи их уух болсон. “Жаахан наймаа хийж, мөнгөтэй болсон гээд сагсуураад байх болсон байна лээ. Хүн, мөнгө хоёрыг яавч нэг дэнсэн дээр тавьж болохгүй л эд дээ…” гэж манай хүн нэг удаа найзыгаа нэлээд чамлангуй дуугарч байсан юм даг. Ийнхүү элдвийн бодолтойгоо хутгалдан суутал хадам ээж нь орж ирэв. Орон дээр эвхэж тавьсан шинэ хүрмийг нь дэлгэж үзсэнээ:
-Ямар сайхан дулаахан эд вэ. Миний охин чинь уран, ухаантай хүүхэн байгаа юм гээд бэрийнхээ духан дээр үнэрлэлээ.
Аав нь амьд сэрүүн байсан бол миний хүү ингэж алдахгүй л байсан. Авах гэж дурласаар байгаад явуулын хүнээс тэр хэт хутгыг хоёр сайхан эр хонио барьж өгөөд авсан хүн байгаа юм. Хүйтэн мэс хүнээс авна гэдэг тийм сайн үйл биш. Миний өвгөн бол тас загнаад авахуулахгүй байсаан… Ганц дүү нь хүний нутагт сургуульд байгаа хэрнээ “Ээж ээ, ах яаж байна. Юу хэрэгтэй байна” гээд аргаа барж, өдөрт хэдэн удаа ярих юм… Төр хүүгийн минь амийг нь өршөөх байгаа. Тэгвэл тэр догширсон лус савдгийг хүүгээрээ аргадуулж, бүр сайхан тахиад авах юм шүү. Ээ дээ, энэ хүүхдүүд юмны учир мэдэхгүйгээсээ болж их гай дуудах юм даа. Би тэр амралтын газар байгуулах гэж байгааг өдий хүртэл дуулаагүй, юу ч мэдээгүй суугаа юм даа. Тэгэхэд аль хэдийнэ очоод “Барилга барина” гээд шандны эхэн дээр газар ухаад бүр сэндийлээд тавьчихсан байгаа юм. Энэ сумын тэр тусмаа манай багийн нүүрийг тахлах зочид, гийчид, жуулчид ирж, буцаж байдаг их сайхан амралтын газар, төв байгуулах гэж байгаа нь тэр гэнэ. Гэтэл тэр ухаж сэндийлж, хөндсөн газар нь догшин, бүх усны эх, гүйдэлтэй савдаг байж… Манай хүү шалмаг, хийе гэснийгээ заавал хийдэг эцгийгээ дууриасан юм чинь хэдэн хүн дагуулж очоод шууд хүрз, жоотуу бариад газар шороог бүр сэндийлж орхиж.. . Болдхүү бүр өөрөө “Би довныхоо газрыг хөндөнө” гэж хэлээд эхэлж гар хүрсэн юм билээ. Гэтэл юу болов. Тэр айхтар савдгийн хилэн хүүг минь ийм юманд хүргэчихээд байна. Шийрэв гуай бүр үгээ олж чадахгүй харамсч байна лээ. Арга ч үгүй биз, юмны учир сайн мэдэх хүн юу хийснээсээ болж, ямар дайрлагад өртсөнийг нь шууд харж байгаа юм чинь. За, тэгтэл тамганы найр хийсэн айл нь тэр догшин савдгийн яг гол хий судал дээр буусан байж таараад… Ээ базарваань гэж. Энэ хүүхдүүд газар, шороо, лус савдаг ямар ааш авиртай, нарийн холбоо, сүлбээтэйг мэдэхгүй байж ухна, төнхөнө. Газар ус, лус савдгаа хайрлах хамгаалах утга учрыг бүр багаас нь хэлж, ярьж, зааж, зурж өгдөг болоосой. Хүн, байгаль хоёрын хүйн холбоо гэж маш нарийн утга учир байх юм даа. Бид багадаа уснаас, шорооноос, тэнгэрийн дуунаас хүртэл айдаг байж. Айж, эмээх гэдэгтэй чинь цуг хайрлах, хүндлэх нь явдаг юм байна аа… Миний хүү савдаг хилэгнүүлсэн гэдгээ одоо хүртэл сайн ойлгохгүй “Ээж ээ, та өөрийгөө зовоож элдвийн юм асууж яваад байх юм” гэж байна лээ.
Хүүгийнхээсээ гараад үхрийн зэлний ойр орчмыг савардаж, хатсан аргал эрүгүүлж тойруулах зуураа Цэндмаа ийм бодол ээдүүлээд авчээ. Эх захгүй хөврөх бодол цээжийг шархиртал хөндүүрлүүлэхийг анзаарангуутаа зовних сэтгэлээ онгойлгох гэж уртаар санаа алдаад, гэр рүүгээ алхлаа.
Нар шагайгаад бүртийх ч үүлгүй тэнгэрийн хаяаг алтан шаргал өнгөөрөө чимэглэн говьд их үдшийн чимээг дохиолох ажгуу.
*** **** *** ***
Хадам ээж, бэр хоёр хүн гуйж, хэдэн мал төхөөрүүлж аваад хот орлоо. “Дээд Шүүх ямар шийдвэр гаргасан бол” гэх айдас тээсэн асуулт хоолой дээр нь тулж, ээжийг нь бачимдуулна. Хотод ах, дүү, хамаатан садан цөөнтэй тэр тусмаа хууль, шүүх, хэрэг явдлын талаар мэдэх, асуух хүн ховор байж. Хүүгээ хэрэгт холбогдож хоригдсоноос нь хойш Цэндмаа нутаг усных, ойр дотно өссөн гээд Шатарт хамаг учир явдлаа ярьж, өөрийн чадлаар гарыг цайлган мах сүүгээр таслахгүй хичээж өнөөг хүрчээ. Шатар тэдний ахын сайн найз бөгөөд тэднийхээс гардаггүй хүүхэд байж. “Яаманд ажиллаж байгаа. Хэрэг болбол яриарай… Очоорой… “ гээд хэдэн жилийн өмнө ирж амраад буцсан түүнийг түшсэн нь “Хүүд минь тусалчих болов уу… Ядаж хэл чимээ аваад байх биз” хэмээн бодсоных. Тиймдээ ч хот руу орж трэгүүтээ Төрийн ордонд алба хаших болсон түүнтэй утсаар ярьтал:
– Тогтоол нь өглөө явчихсан байна шүү… гэх нь тэр.
Хадам ээжийнхээ царайнаас түгшүүр, айдас олж харсан Оюундарийн зүрх давчдан, “Юу болсон бол. Арай …” гэсэн бодол нь түүнийг нулимсаа арчих сөхөөгүй болгожээ.
Хотын зүүн хойд захад орших хэдэн цагаан байшингийн гадаа очив.
“Ганц худаг” гэх энэ газраас жийрхэж зэвүүрхдэг сэтгэл нь аль хэдийнэ алга болжээ. Дотогшоо орчихоод гүйх шахам гарч ирсэн хадам ээж нь нулимсаа арчиж байхыг харсан Оюундарь машинаас буугаад амдаж очлоо.
– Алив хөдөлье. Тун сая аваад явсан гэнэ…
– Хэн, хааш нь авч явсан гэж? хэмээн хашгиран асуусан бэрийнх нь царай цонхийгоод явчихав.
– Мөрдөн байцаагч нь авч явсан гэнэ. Муу юм битгий бод, миний охин. Хоёулаа уулзахдаа л уулзана. Хурдлаарай… гээд жолоочийг шавдууллаа.
*** **** **** **** **** **** ****
Нүд нь цавчихаа больж, уруул нь үл ялиг чичирхийлэх Болдхүүгийн царайг машиныхаа толинд харсан хошууч Энх:
-За, Болдхүү минь тайвширч чадаж байна уу. Яагаад ингэтлээ айж сандраад байгаа юм бэ? Дээд шүүхээс “Энэ баримтыг газар дээр нь очиж дахин шалга, нотол” гэсэн шийдвэр гаргасан байна шүү дээ. Тэгэхэээр энэ асуудлыг шалгасны дараа Дээд шүүхийн шийдвэр гарна гэсэн үг. Ойлгож байна уу. Тэгэхээр одоо хоёулаа танай нутаг руу явж байна …хэмээн тайлбарлалаа.
-Хошууч аа, үнэн юм уу…Манай нутаг руу юу… гэж Болдхүү арайхийн дуугарлаа.
Нэрээр нь дуудаж гаргаж ирээд “Тогтоол чинь ирсэн. Машинд суу. Хурдал… хурдал… “ гэсэн болохоор тэрбээр “алах” гээд авч явж байна гэж ойлгосон байжээ.
Хошууч инээвхийлж:
-Тэгэлгүй яах вэ. Танай нутаг руу явж байна. Одоо тайвшир. Нутаг усандаа сайхан залбираад аваарай… гээд түүнтэй тамхилав.
“Эвгүй муу үгээр доромжилсон, эмзэг нандин асуудлыг их муухайгаар хөндсөн болохоор энэ залуу биеэ барьж чадаагүй. Уг нь их сайн залуу байгаа юм даа. “Үр удмаа үлдээж чадсангүй дээ” гэж надад хэлж байсан юм. Нээрэн, Дээд шүүх ялыг хэвээр үлдээвэл “Болдхүүгийнх” гэх удам үлдэхгүй л гэсэн үг. Дахин шалгах энэ баримт хэргийг нааштай шийдэхэд тийм ч үр дүнтэй биш …Үгээр хүнийг ална гэдэг хаана хаанаа ийм айхтар муу дагавартай гэдгийг хүн бүр ухаж ойлгоосой билээ ” хэмээн бодож явтал хажуугаар нь саарал “УАЗ-469” машин ороод иржээ. Бүр урд нь гараад, дохио өгч зогслоо.
Машинаас Болдхүүгийн ээж, эхнэр хоёр бууж ирэхийг хараад хошууч Энх баярлах, айхыг зэрэгцүүлэн балмагдсандаа Болдхүү рүү харлаа. Тэр юу ч анзаарч, мэдсэн шинжгүй сууна. “Хаашаа яах гэж авч яваа бол” гэх айдас түүнийг бүр хүлчихсэн байлаа. Хошууч Энх машинаасаа бууж, тэднийг нэг их ойртуулаад яахав гэсэн шиг шалмагхан алхсаар очжээ.
– Миний хүү, миний хүү… Хүү минь хаана байна… гэснээ Болдхүүгийн ээж хошуучийг барьж авч үнсэв. Хошууч Энх бага зэрэг ээрч гацсанаа худал хэлж чадсангүй.
– Хамт явж байна… гэв.
– Хаашаа авч яваа юм бэ… Яах гэж…Хүүтэй минь бид хоёрыг уулзуулж өгөөч… хэмээнуйлагнаад, аргадсан харц тулгахад Энх “Хэдийгээр Дээд Шүүхээс хэргийн газрын үзлэг, зам шалгалт дахин хийж нотлох баримтыг дахин шинэчлэн тогтоо” гэж хавтаст хэргийг Мөрдөн байцаалтанд буцаасан боловч хөдөө хээр уулзуулна гэдэг хэцүү… Холоос ирсэн энэ хоёрт “үгүй” гэж хэлбэл үхэн үхтэлээ гомдоно биз…” хэмээн бодох зуураа тамхиа асаав.
Ж.Дүүрэнжаргал
Үргэлжлэл бий