Б.Галаарид: Сэтгүүлзүйд хандах төрийн хандлага дэндүү хариуцлагагүй явж ирлээ

2017 оны 10-р сарын 24 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
galaarid

МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ сэтгүүлч Б.Галааридтай сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын байдал, МСНЭ-ийн тухай болоод өөрийнх нь үзэл бодол, байр суурийнх нь талаар ярилцлаа.

ДАРГА ГАЛААРИД АЛБАА ӨГЧ, СЭТГҮҮЛЧ ГАЛААРИД АЖЛАА ЭХЭЛНЭ

-МСНЭ-ийн их хурал дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа болох ёстой. Би 2011 онд анх, 2015 онд хоёр дахь удаагаа МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2019 оны нэг­дүгээр сарын 15-нд бүтэн дөрвөн жил болно. Гэхдээ түүнийг хүлээлгүйгээр ирэх оны эхний улиралд багтаан их хурлаа хийж, албаа өгөх хүсэлтэй байна. Сэтгүүлчдийн мэр­гэжлийн толгой бай­гууллага одоогийн энэ байдлаар ажиллах нь учир дутагдалтай тул дараа­гийн удирдлагуудад илүү үр бүтээлтэй ажиллах нөхцлийг дүрмээр нь хан­гаж өгөөд ажлаа өгөх нь зүйтэй гэж бодож байна.

–Хоёулаа илэн далангүй ярилцъя. Та сүүлийн их хурлын өмнөхөн бас л ажлааөгнө гэж байснаа гэнэтхэн болилоо, нэр дэвшинэ гэсэн. Аман мэх байсан уу,үгүй юу. Өнөөдөр хэлснээсээ маргааш буцдаг нэг муухай жишиг гарч ирлээшүү…

-Тэр бол аман мэх биш, аргагүй нөхцөл байдлаас үүдсэн асуудал. 2014 оны сүүлээр би аж­лаа өгнө гэдгээ хэвлэлээр мэдэгдчихсэн, их хур­лынхаа бэлтгэлийг хан­гаад явж байтал нэг онц­гүй юм болсон. Ардын намын нэр бүхий залуус МСНЭ-ийн их хурлын 100 мандатыг нэг бүрийг нь багагүй үнээр худалдан авах санал манай ажлын албаныханд тавьсан бай­сан. Манай их хурлын төлөөлөгчдийн бараг тал нь гэсэн үг.

Ийм зарчимгүй юм сонсоод би их цочирдсон, бас бухимдсан. Ингэх байсан юм бол яах гэж би энэ байгууллагыг ха­раат бус ажиллуулах гэж “махаа идсэн” юм бэ, ингээд орхиод явчихвал бүр хөл толгойгоо алдах нь ээ гэж бодоод тэр дор нь “Ажлаа өгөх бод­лоосоо татгалзлаа. Би нэрээ дахин дэвшүүлнэ” гээд нүүр номондоо бич­чихсэн. Тийм л юм болоод өнгөрсөн. Түүний маргааш нь байх аа, манай нэг нөхөр би дарга болмоор байна гэж надтай уулзсан. Би бодлоо өөрчилсөн тухайгаа хэлтэл “За яахав. Би одоо Ардын намынхантай очиж ярина. Дэмжүүлнэ” гэж хэлээд явсан.

–Сэтгүүлчдийн эвлэлийнөмнөх их хурал тэгэхээрнэлээд улс төржилттэйболж дээ. АН, МАН аль альнь нөлөөлөх гэж оролдсонуу?

-МАН энэ асуудалд бодлогын төвшинд орол­цоогүй ч намын аппаратад нөлөө бүхий алба хашиж байсан нэг нөхөр зарим сэтгүүлчдийг дуудаж Б.Галааридыг дэмжиж болохгүй гэсэн үүрэг өгч, их хуралд нөлөөлөх гэж оролдсон нь үнэн. Хэн гэдгийг нь хэлээд яахав дээ. Нэгэнт болоод өнгөрсөн асуудал.

АН-ын тухайд тийм асуудал байгаагүй. Гэхдээ нөлөөлсөн гэх хардлага байдгийг тоотой хэдхэн хоногийн өмнө би салбарынхаа хүндтэй нэгэн эрхмийн амнаас сонсоод үнэхээр гайхсан. Тэр хүн “Түрүүчийн их хурлаар чамайг ажлаа өгнө гэж зарлангуут З.Энхболд ганцхан утасдаад болиул­чихсан гэж л би ойлгоод яваа шүү дээ” гэж байсан. Хялбархан улстөржүүлж байгаа юм. Яахаараа ч сэтгүүлзүйд хаа хамаагүй З.Энхболд надад үүрэг өгөх ёстой юм, яахаараа ч би тэрийг нь утсан хүүхэлдэй мэт биелүүлэх ёстой юм. Сайхан фантаазлаж байгаа юм шүү.

АН засаг барьж байхдаа манай салбар, МСНЭ-д дэндүү тоом­жир­гүй хандсан. Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг тэмдэглэхэд төрөөс ганц төгрөгний ч дэмжлэг үзүүлээгүй. Тэгсэн мөртөө чөлөөт хэвлэлийн 25 жилийн ой гэж Сонины холбоо хийхэд Засгийн газар дэмжсэнээр барахгүй бүр чөлөөт хэвлэлийн үүсэл хөгжилд падлий ч байхгүй нэлээд хэдэн улстөрч “Анхдагчийн өргөмжлөл”-ийг адис хүртэн авцгаасан. Гэтэл үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойн баярын хурлыг Төрийн ордны хурлын танхимд үнэгүй хийлгэж өгөөч гэж тэр үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс хүсэхэд сонсохыг ч хүсээгүй. “Сувагаа бүү солиорой” гэж тухайн үеийн цорын ганц телевизээр уруул дэвсэн гуйж, манай салбарын буянаар анх олонд танигдсан хүн тийм шижээргүй зан гаргахаар нь шарандаа мөнгийг нь төлж байгаад хурлаа хийсэн.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аргагүй мэргэжлийн сэтгүүлч хүн юм болохоороо сэтгэл гарган анхаарал хандуулж, мэндчилгээ илгээнэ үү гэсэн хүсэлтийн хариуд өөрийн биеэр оролцон үг хэлж манай арга хэмжээний ач холбогдлыг өргөж өгсөн.

–Ингэхэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж та хоёрыг ойр дотно харилцаатай гэжярьдаг юм билээ. Энэ үнэн үү?

-Аль 1990-ээд оноос л бие биенээ мэднэ. Гэхдээ бид хоёрын хооронд Зарчим гэдэг хана байдаг гэж би нэг бичиж байсан даа. Ер нь би ажил төрлийн шугамаар хэнтэй ч харьцсан зарчмыг бүхнээс чухалчилдаг. Үүнийг минь ойлгодоггүй хүмүүс шагналын асуудлаар намайг мөн ч их зовоосон доо. Олон ч хүн гомдсон байх. Ерөнхийлөгчийн өрөөнд гүйж ороод л гавьяатын үнэмлэх, одон медаль атгаад гараад ирдэг юм шиг л ойлгодог бололтой юм билээ, хөөрхийс.

МСНЭ-ийн Ерөн­хийлөгч чинь оросуудын ярьдагчлан “Хуримын генерал”-ын үүргийг их гүйцэтгэж, янз бүрийн арга хэмжээнд уригдана, оролцоно. Заримдаа Ерөн­хийлөгчтэй суудал зэрэгцэнэ, зарим­даа ойрхон байж хараг­дана. Тэгээд л түү­ний хүн болчихож бай­гаа юм. Түүнээс биш сэтгүүлчдийн дун­даас төрсөн анхны Ерөнхийлөгч гэдэг утгаар нь МСНЭ-ийн гишүүний ¹1 үнэмлэхийг их хур­лынхаа дараа хэвлүүлснээ одоо болтол Ц.Элбэгдорж даргад гардуулж чадаагүй л явна. Ерөнхийлөгч байхад нь өгвөл бөгс долоолоо гэцгээх байх гэж бодоод хадгалчихсан. Ажлаа өгснөөс нь хойш уулзах боломж таар­сангүй. Тэгж байгаад нэг гардуулна даа.

–Нууц биш бол Таны цалин хэд вэ. МСНЭ санхүүгээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Манайх гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Сонгуульт ажил учраас надад цалин байхгүй. Утас, бензин, ойр зуурын хэрэгцээний мөнгөө өөрийнхөө халааснаас гаргаад л явдаг. Ажлын албаныхаа цалинг олно, түрээс болоод бусад зардлаа олно. Амаргүй шүү. МСНЭ маань бусад ТББ-ын нэгэн адил татвар, хандив, төсөл хөтөлбөр зэргээс санхүүждэг. МСНЭ хэрэг дээрээ сал­барын яамны үүрэг гүйцэт­гэдэг ч төсвөөс нэг ч төгрөгийн татаас авч үзээгүй. Гишүүдийнхээ татварыг 100 хувь ху­рааж авлаа гэхэд үйл ажил­лагааныхаа 10 хувийг ч санхүүжүүлж хүрдэггүй.

–Та ажлаа өгснөөр сэт­гүүлзүйг бүрмөсөн орхих гэж байна уу. Цаашдын төлөвлөгөө тань юу вэ?

-МСНЭ-ийн Ерөн­хий­лөгч гэдэг бол маш хашигдмал албан тушаал. Төвийг сахих ёстой, хувь хүний үзэл бодлоо тэр бүр илэрхийлж бо­лохгүй. Салбарын бо­лоод бай­гууллагын эрх ашгийн үүднээс олон юман дээр хэлээ хазах хэрэгтэй болно. Тийм болохоор иргэний, тэр дундаа сэтгүүлч хүний дуу хоолойгоо тэр бүр гаргаж чадахгүй. Энэ албаа өгсний дараа би сэтгүүлчээрээ ажиллана. Үг хэлж, үзэг барьж чадах­гүй болтлоо л энэ мэргэжилдээ үнэнч явах болно. Нас, туршлага, хуримтлуулсан мэдлэг, нийгмийн нэр хүндээ ашиг­лан зөвд зөөлөн, бу­рууд хурц, жинхэнэ шу­д­арга үнэний мөрч байх болно. Яана даа гэж халагламаар эвэртэн туурай­тан, яав даа гэж ха­рамс­маар үйл явдал их л байх юм. Айхгүй, гуйхгүй, гуйвахгүй насан дээрээ ирчихсэн болохоор хэлэхээ хэлж, шүүмжлэхээ шүүмжилж, Монголынхоо төлөө зүтгэнэ л гэж бодож байгаа шүү.

–МСНЭ сэтгүүлч­дийн­хээ төлөө юу ч хийдэггүй гэсэн хэл яриа багагүй явдаг. Та үүнийг няцааж чадах уу?

-Чадна. Түрүүчийн их хурлаараа хийсэн ажлаа тайлагнасан, сайн ажиллажээ гэж үнэл­сэн. Энэ удаад ч хийсэн ажил багагүй. МСНЭ өөрийн эрхзүйн чадамж, санхүүгийн боломжоосоо хэтийдсэн ажил хийж байгаа. Алийг нь тоочих вэ дээ. Олон дунд өөлөх шүүмжлэх хүн байл­гүй яахав. Зарим нь мэдэх­гүй­дээ шүүмжилнэ, зарим нь санаатайгаар муулна. Зарим нь сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр гэгч болно.

–Гишүүдээ анхаар­даг­гүй, тэдэндээ хүрч ажил­ладаггүй гэх шүүмжлэлд ямархариулт өгөх вэ?

-МСНЭ-ийн ажлын алба маш бага хүчээр ажилладаг. Санхүүгийн боломж нь тийм юм. Гэтэл салбар маань тав, зургаан мянган хүнтэй. Харилцан хүндлэл байх хэрэгтэй. Татвараа төлөх­гүй, гишүүний үүргээ биелүүлэхгүй мөртөө намайг гадаадад үнэгүй явуулсангүй, сургалтад үнэгүй хамруулсангүй гэж хэл ам хийх нь олон бий. Үнэгүй юм байх­гүй болсон цаг. Биднийг шүүмжлэхээсээ өмнө би гишүүнийхээ татварыг МСНЭ-дээ өгсөн билүү гэдгээ эхлээд нэг бод­чихдог болмоор байна. Манай эвлэлийн бүх мэдээлэл интернэтэд нээлттэй байж л байдаг. Ядаж дүрмээ уншаад, нэг жил гишүүний татвараа төлөхгүй бол хасагддаг юм байна гэдгээ ойлгоод санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй шүү дээ. “Гишүүдийн бүртгэлд миний нэр алга”, “Чи намайг сэтгүүлчдийн эвлэлээс хасдаг хэн юм?” гэхчлэн зарим нь агсарч л байдаг. Би хэнийг ч хасдаггүй, гишүүдийн бүртгэл рүү хардаг ч үгүй. Бид оноогдсон ажлаа л хийдэг.

–Гадаад харилцаагаа хөгжүүлдэггүй, Хятадаас өөр оронтой харьцдаггүй гэсэншүүмжлэл ч яваад эхэлсэн. Энэ үнэн үү?

-Өөлж ядсан хүний л үг байх. 2015 онд АСЕМ-ын хүрээнд Дэлхийн редакторуудын уулзалтыг манайх хариуцаж зохион байгуулсан. Орос-Монголын сэтгүүлчдийн анхдугаар форумыг ч хийсэн. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой маш нягт хамтран ажиллаж байна. ЮНЕСКО-той хамтарсан сургалтууд зохион байгуулдаг. Олон улсын сэтгүүлчдийн холбооны идэвхтэй гишүүдийн нэг гээд яривал зөндөө л юм байна. Хятадын сэтгүүлчдийн байгууллагатай харилцаа сайтай нь үнэн. Хөршүүдтэйгээ сайн харилцаатай байхад буруу нь юу байна?

–Танайхыг Хятад руу 250 залуу сэтгүүлч гаргасан гэж байсан…

-МСНЭ-ийн шугамаар ирж, очсон нь их цөөхөн. Хоёр орны төр засгийн төвшний шийдвэрийн дагуу жилд 50 сэтгүүлч Хятад оронтой танилцаж байгаа нь үнэн. Энэ бол төрийн ажил. Энэ жил гурав дахь ээлж нь явахад манай МСНЭ-д гурван хүн явуулах эрх өгснөөс нэг нь яваагүй. Өнгөрсөн жил манайхаас бүр нэг ч хүн яваагүй. Жаахан бодитой юм ярих хэрэгтэй шүү дээ. Ер нь тэгээд газар нутгаа аваад нүүгээд явчихаж чадахгүйгээс хойш хоёр хөршөө юм л бол өөлж муучилж байдгаа болимоор юм. Ямар ч асуудалд бодитой ханддаг байцгаая л даа.

–МСНЭ хэр баян байгууллага вэ. Одоо хүртэл өөрийн гэсэн байргүй гэж үнэн үү.Түрүүчийн их хурал дээр сэтгүүлчдийн байгууллагын өмчийн тухай асуултадта өөр хариулт өгч байсан. Тэр бодол чинь хэвээрээ юу?

-МСНЭ түүхэн уламжлал, гадаад дотоод нэр хүндээрээ бол маш баян байгууллага. Хогшил хөрөнгийн хувьд энэ хэдэн жилд бас чиг юм юмтай л болгосон. Харин өөрийн гэсэн байргүй нь үнэн. Түрээсийн хямдыг харж олон нүүлээ. Өмчийн хувьд хэний үед тэрийг тэгээд, энийг ингээд гэсэн ховын чанартай үгийг би сонсох, ярих дургүй. Ерээд оны дараагаар нэг байгууллага бүү хэл нийгэм тэр чигээрээ хөрвөж хөлбөрсөн шүү дээ. Түрүүчийн их хурал дээр энэ талаар асуудал хөндөхөд нь “Би энэ байгууллагыг толгойлж байгаа цагтаа өнгөрсөн үеийн өмч хөрөнгийн асуудлыг ярихгүй ээ. Хойшоо харж хэрэлдэхгүй, урагшаа харж зүтгэнэ” гэж хэлсэн. Хорь гучин жилийн өмнөх юмыг сөхөөд, хоёр гурван хөгшнийг цус харвуулах хүсэл надад алга. Харин байгууллагаа өөрийн гэсэн толгой хоргодох оронтой болгоно гэсэн амлалтаа их хурлаас өмнө биелүүлнэ. Биелүүлэх эхний алхмуудаа ч хийгээд эхэлсэн.

–МСНЭ-г цаашид ямар бүтэцтэй байгаасай, хэрхэн ажиллаасай гэж та хүсч байна вэ?

-МСНЭ 66 жилийн түүхтэй байгууллага. Өнөөдөр хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарыг харьяалах яамгүй учраас ихэнхдээ салбарын яамны үүргийг гүйцэтгэж яваа ТББ. Ялангуяа гадаад талдаа МСНЭ-г салбар төлөөлөх толгой байгууллага гэдгийг сайн мэддэг болсон. Ер нь бол үүрэх ачаа ихтэй мөртөө эдлэх эрх хомсхон байгууллага. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн эрх ашгаараа хохироход манайх л сүүлчийн түшиг тулгуур, итгэл найдвар нь болдог. Тийм болохоор манай салбарын чиглэл чиглэлийн гол гол ТББ-уудын удирдлагууд, жирийн сэтгүүлчид, эрдэмтэн судлаачдын төлөөлөл удирдах зөвлөлийг нь бүрдүүлдэг. Тэд анхнаасаа хамтдаа зөвшилцөж байгаад үйл ажиллагааныхаа үндсэн зарчим, дүрэм журмаа тохирдог шүхэр байгууллага байгаасай гэж хүсч байна. Ийм болгох эхлэлийг нь одоо мөрдөж буй дүрмээрээ тавиад өгчихсөн учраас түүнийг илүү амьдралд нийцүүлж, үр ашигтай ажиллах механизмыг дараагийн их хурлаараа бий болгох хэрэгтэй байна.

–Таны төсөөлж буй энэ хэлбэрт шилжихийн тулд юу хийх ёстой гэж үзэж байна?

-Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй гол гол ТББ-ууд зөвшилцөх хэрэгтэй байна. Түүнээс биш тамга нь хэн нэгний ширээний нүд, цүнхний буланд явдаг нэр төдий байгууллагууд бол хэрэггүй. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг, чиглэлийнхээ дагуу танигдсан ТББ-ууд тус тусдаа байж хүчээ сарниулах биш, ингэж МСНЭ-ийн дор нэгдэж, мэргэжлийн холбоогоо илүү хүчирхэг болгох хэрэгтэй. Бусдад ч гэсэн салангид олон ТББ-тай харьцахад түвэгтэй байна шүү дээ. Манай салбар эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг нэгэнт болжээ.Тэгж мэргэжлийн толгой байгууллагаа хүрээлэн нэгдээд, тэрхүү эв нэгдлийг хангаж чадах хүнээ тэргүүнээрээ сонгоод, үйл ажиллагааг нь бүгдээрээ дэмжээд явчихвал мөн ч ихийг амжуулна даа.

–Таны халааг авах хүн нь хэн байгаасай гэж та бодож байна вэ. Товлосон хүн бий юу?

-Уучлаарай, наадах чинь зарчимгүй асуулт байна. Бүгдээрээ их хурлаараа хэлэлцээд, мөрийн хөтөлбөр зорилтыг нь нягтлаад ардчиллын зарчмаар аль олон санал авсан хүнийгээ тэргүүнээр сонгох ёстой.

Би дарга нь байсан юм чинь дараагийн хүнийг сонгоход үүрэгтэй оролцох ёстой гэж зүтгэх нь ёс суртахуунгүй үйлдэл. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад”, “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэхчлэн олон сайхан сургаал үг бий дээ.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ХЭМЖЭЭГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ БИШ, ХЭМЖҮҮРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ Ч БАС БИШ

–Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орсоор удлаа. Хэзээ нэгбүрэн эрх чөлөөтэй орон болох бол. Тийм болоход юу саад болоод байна вэ?

-Болдогсон бол өнөөдөр л тийм болчихмоор байна. Бид 1990 онд ч тэгж хүсч байсан. Өнөөдөр ч бас хүсч байна. Харамсалтай нь хэвлэлийн эрх чөлөөг хангана гэдэг бидний бодсон шиг түргэн түүхий болгочих эд биш гэдгийг амьдрал нотолж байна.

Өндөр хөгжилтэй, сонгодог ардчилалтай орнууд эртнээс суурийг нь тавьж, зуу зуун жилд алхам алхмаар бий болгож хүрсэн тэр өндөрлөгт шуудхан үсрээд гарчих гэсэн бидний оролдлого өмнө нь капитализмыг алгасна гэж далаад жил хөөрөөд нэг л өдөр бодит байдлаа ойлгосонтой агаар нэг зүйл байжээ гэж сүүлийн үед харамсан бодох болсон. Дан ганц хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн тухайд би ингэж хэлээгүй байна. Ардчиллын замаар замнасан Монголын минь замнал бүхэлдээ тийм байжээ гэдгийг онцолж байна.

–Хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн талаар таны бодол өөрчлөгджээ.Яагаад тэгэв?

-Бид нэг их сайн сайхныг нэг амьсгаагаар бий болгочих гэсэн сэтгэлийн хөөрлөөрөө олон жил явлаа. Одоо больё. Өнгөрсөн 27 жилийн алдаа оноогоо салбар болгоноор нь нягтлан хэлэлцээд өрөөлийн сайныг өөрийнхөө сайнтай хослуулж хөгжих хөгжлийн загвараа гаргамаар байна. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг ойлгох ойлголт, чөлөөт хэвлэлд хандах хандлагад ч хамаатай. Бүр онцгой хамаатай. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэмжээгүй эрх чөлөө биш, бас хэмжүүргүй эрх чөлөө ч биш. Хэмжүүр нь мэргэжлийн ёс зүй, хариуцлага, сахилга бат, эрхзүйн зохицуулалт. Хэмжээ нь энэхүү хэмжүүрээсээ хамаарна.

–Бид хүн төрөлхтний нийтлэг жишгээс ангид явж болохгүй биз дээ. Иргэдийнмэдэх эрхийг дэлхий нийтээрээ дээдэлж байна. Бид ч бас тэгэх ёстой бус уу?

-Мэдээж. Энэ бол ойлгомжтой. Бидний зорих ёстой, бий болгох ёстой үнэт зүйл мөн үү гэвэл мөн. Мэдлэг мэдээлэлтэй иргэн бие даан зөв шийдвэр гаргах чадвартай, хүчтэй байдаг нь хөдөлбөргүй үнэн. Гэхдээ нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, тийм иргэнийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт эрх чөлөөг өгснөөр, иргэдийн мэдэх эрхийг хангаснаар энэ бүхэн бий болчихдоггүй нь тодорхой байна. Эхлээд бид иргэдээ бэлдэх ёстой байж. Олон нийт мэдээллийн чөлөөт урсгалд ухаалгаар хандан ялгаж салгах, өөрийнхөөрөө дүгнэх чадваргүй байна. Мэдээллийг залгих хоолой нь байгаа ч зөв боловсруулан шингээх ходоод нь алга. Гэтэл технологийн хөгжил өнөөдөр иргэн болгон нийгмийн сүлжээгээр хүссэн мэдээллээ авахаас гадна, бас юу хүссэнээ түгээх боломжийг нь нээлттэй болгочихлоо. Хэрэгтэй чухал мэдээллийг хов жив, хоосон цуурхал, санаатайгаар түгээсэн хуурамч мэдээллийн давалгаа нь бүрхэж дарчихаад байна. Монгол оюун өнөөдөр бүхэлдээ хогийн ургамалд идэгдсэн тариалангийн талбай мэт болчихлоо.

Ерээд онд барууны онолчид эдийн засгийг элгээр нь хэвтүүлсний дараа сэхээх онол гээчийг Монголд туршсан. Гэтэл үндэстнийг оюун санаа, өв уламжлал, үнэт зүйл, мөн чанарынх нь хувьд ийнхүү мутацид оруулах үйл явц давхар хийгдчихлээ. Үүнийгээ эхэлж цэгцлэхгүйгээр цаашаагаа яаж явах юм бэ. Энэ бол та бид хичээснээр шийдчих салбарын асуудал биш, бүр нийгмийн тогтолцооны асуудал.

ХАРИЛЦАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХИЙГ ХАРААТ БУС БАЙДАЛТАЙ ЭНДҮҮРЧ БОЛОХГҮЙ

–Сүүлийн үед нийгмийн хариуцлага гэж их ярьж байна. Сэтгүүлзүйн нийгмийнхариуцлага нь чухам юу вэ?

-Энэ бол онцгой хариуцлага. Бид үнэн бодит мэдээллээр олон нийтийг тэнцвэртэй хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн оюуны талхыг бэлтгэн нийлүүлэгчид. Эмч хариуцлага алдан буруу эмчилгээ хийлээ гэхэд нэг өвчтөн хохирно. Сэтгүүлч хариуцлага алдан буруу мэдээлэл түгээхэд тэр мэдээллийг хүлээж авсан асар олон хүн хохирно.

Нөгөөтэйгүүр бид олон нийтийг зүгээр нэг мэдээллээр хангах бус, тэдний оюун санааг зөв зүйтэй зүйл рүү залж чиглүүлэх хөтчийн үүрэгтэй. Соён гэгээрүүлэх, мэдлэгжүүлэх үүрэг гэдэг маань энэ. Үүнийг онцгой хариуцлага гэхгүй бол өөр юуг онцгой хариуцлага гэх юм бэ. Үүнийг хэрэгжүүлэхэд бидний мэргэжлийн ёсзүй, ур чадвараас гадна төрөөс хүлээх хариуцлага бас их чухал. Төрийн, улс төрийн зөв оролцоогүйгээр хол явахгүй. Өнгөрсөн гучаад жилд Монголын төрөөс хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт хандах хандлага дэндүү хариуцлагагүй явж ирлээ. Үүнийг өөрчлөхийн тулд Засгийн газартай бид хэлэлцээрт орж, ойрын болоод хэтийн бодлогоо хамтран тодорхойлох хэрэгтэй байна.

–Төрөөс, улс төрөөс хараат бус байхын төлөө хэчнээн жил бид зүтгэж байгаабилээ. Гэтэл та эсрэгээр нь, төр хэвлэл мэдээлэл хоёрыг нэг хөнжилд оруулахюм яриад байна уу?

-Харилцан хариуцлага хүлээхийг хараат бус байдлаа хадгалахтай андуурч болохгүй. Хэвлэл мэдээлэл улс төрөөс хараат бус байх ёстой. Нэг хөнжилд орж янаглаж амраглаж болохгүй. Зарчимгүй үйлдлээс зарчимгүй үр дагавар л гарна. Үүнийг бүгд л ярьдаг. Гучаад жил ярилаа. Ойлгохын дээдээр ойлголоо. Гэтэл үүнийг дагаад нэг чухал зүйлээ гээчихсэн. Тэр нь төрөөс манай салбарт хүлээх ёстой дэмжлэг. Төр энэ салбарыг эрүүл зөв, чадавхи сайтай салбар болоход нь бүх талаар дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ чухал салбарыг бодлогоор, хууль эрхзүйн зохицуулалтаар, мөнгө санхүүгээр дэмжих ёстой. Хариуд нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарынхан ёс зүйтэй, шударга ажиллаж, төрийн зөв зүйтэй бодлогыг нь олон нийтэд түгээн сурталчилж, алдаа завхралыг нь шүүмжлэн илчлэх замаар төрдөө туслах ёстой. Түүнээс биш хэвлэлийнхнээ манай, танай гэж алагчлаад, янз бүрийн эх үүсвэрээс хэдэн төгрөг олж амыг нь хаадаг практик хол явахгүй. Ийм ханцуй доторхи битүү наймааг эцэслэх нь дээр.

Яг үнэндээ энэ салбарыг хөгжүүлэх төрийн холч бодлого алга. Хараат бус байдалд халдалгүйгээр харилцан хариуцлага хүлээж ажиллах соёл төлөвшөөгүй байна. Үүнийгээ л бид эхний ээлжинд ярилцаж шийдэх ёстой. Үүний тулд МСНЭ-г зарим эрх нь хуулиар баталгаажсан мэргэжлийн хүчирхэг холбоо болгож, бусад холбоод маань түүнийхээ дор нэгдэх ёстой гэж би үзэж байна. Өмнө нь энэ тухай ярихаар намайг л гартаа баахан эрх мэдэл төвлөрүүлэх гэлээ гэж дургүйцэх, буруугаар мушгих хүн захаас аван байсан учраас төдийлөн ярьж байсангүй. Одоо нэгэнт ажлаа өгөх минь тодорхой учраас үлдэж буй багахан хугацаанд энэ чиглэл рүү идэвхтэй ажиллацгаагаад, шинэ удирдлагууд маань миний амссан зовлонг амсалгүйгээр хүчтэй сайн ажиллах боломжоо бүрдүүлээд аваасай гэж хүсч байна.

–Хэвлэл мэдээлэл бизнесийн салбартай ямар харилцаатай байх ёстой гэж таүзэж байна. Бизнесийнхэн нийгмийн хариуцлагаа хэр хэрэгжүүлж байна гэж боддог вэ?

-Эрхбиш санхүүгийн эрх чөлөөгөөр илүү болохоороо манай бизнесийн салбарынхан чинь харин арай урд алхаад байдаг юм шүү. Бас буруу тогтолцооны зовлонг илүү ихээр амсдаг учраас зөв зүйтэй зүйлийг түрүүлж олж хардаг ч биз. Тэд нийгмийн хариуцлагаа, харилцан үүрэг хүлээх зарчмаа сайн мөрддөг. Үүнийг асуудалд хандах хандлагаас нь тод харж болно. Хэдэн жилийн өмнө ТББ-ууд, урлагийнхан, хэвлэлийнхэн, ер нь хэн дуртай нь бизнесийнхнээс мөнгийг зүгээр л нэхээд авчихдаг, тэгж л байх ёстой мэт ханддаг байсан. Одоо бол хандлага өөрчлөгдсөн. Юунд зарцуулах гэж байна, тайлангийн ил тод байдал нь хэр юм, нийгмийн ач холбогдол нь юу вэ гэдгийг эхлээд анхаарч байна. Надад, манайд ямар ашигтай юм бэ гэхээсээ нийгэмд ямар ач тустай юм гэдгийг илүү анхаарна гэдэг дэвшил мөн өө дөө.

Би жишээ нь “Эрдэнэт” үйлдвэрийг нэрлэмээр байна. Олон жилийн өмнөөс манай байгууллагад санхүүгийн их бага хэмжээний дэмжлэг үзүүлж ирсэн уламжлалтай газар. Анхандаа хурал, арга хэмжээ мэтэд хэд гурван төгрөг өгдөг байж. 2015 онд болохоор нийгэмд тустай, монголчуудтай холбоотой гэрэл гэгээтэй сайн сайхан мэдээ мэдээлэл түгээх аяныг манайтай хамтарч зарлая, уралдааны шалгуурыг хангасан мэдээ болгонд бичлэгийн шагнал олгоё гэсэн. Өөрсдийгөө, үйлдвэрээ магтуулъя гээгүй, харин Монголын хаана л гэрэл гэгээтэй үйл явдал болж байна, түүнийг та нар мэдээлээд өгөөч ээ гэж хүссэн. “Эрдэнэт”-ийн одоогийн удирдлагууд болохоор бид нийгмийн ач холбогдолгүй зүйлд мөнгө зарахгүй ээ, сэтгүүлзүй хэмээх энэ чухал салбараа өөд нь татах, чадавхжуулах, сэтгүүлчдийн ёсзүй хариуцлагыг дээшлүүлэх тал дээр МСНЭ үр дүнтэй ажил хийнэ гэвэл дэмжинэ гэсэн. Энэ бол бизнесийн салбар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тал дээр ихээхэн хол алхсаны бодит жишээ.

Ер нь нийгмийн бүхий л салбарынхан асуудалд ингэж эрүүл саруулаар хандаж, харилцан хариуцлага үүрч чаддаг болчихвол өнөөгийн болохгүй байгаа олон асуудлыг шийдэж чадна даа.

СЭТГҮҮЛЧДЭД ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ЁСТОЙ

–Сэтгүүлчдийн ёсзүйн асуудлыг сүүлийн үед ихээр хөндөн ярих боллоо. Та чхааяа хатуухан үг хэлсэн л харагддаг. Хэдий хугацаанд энэ асуудлыг шийдэжчадах бол?

-Монголчууд нийтээрээ ёс суртахууны асар их доройтолд орчихлоо.Эртхэн анхаарахгүй бол үүнээсээ гарах гэж хэдэн жилээр биш, хэдэн үеэрээ хичээхэд хүрч ч мэднэ. Манай салбарын хувьд сэтгүүлчийн ёсзүйгүй үйлдэлд хариуцлага тооцох механизм нь алга. Тийм болохоор төдийд өдийд асуудлыг шийдсэн байна гэж урьдчилан төсөөлөх боломжгүй.

–Хэвлэлийн зөвлөл гэж байгаа шүү дээ…

-Байгаа байгаа. Өөрийн зохицуулалтын ийм байгууллагатай болох асуудлыг би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд хоёр гараа өргөн дэмжсэн. Хараат бус байдалд нь нөлөөлөхгүйг хичээдэг. Нэг зүйл хэлэхэд хэрэв би бодлогоор дэмжиж зүтгүүлээгүй бол Хэвлэлийн зөвлөл одоогийнхоороо байгуулагдахад хэцүү байсан. Яагаад гэвэл МСНЭ их хурлаараа баталсан “Сэтгүүлчийн ёсзүйн зарчим”-тай, түүнийгээ хүчингүй болгохгүй бол Монголын сэтгүүлчид ёсзүйн нэгдсэн дүрэмгүй, ху­ваагд­мал болох аюул байсан. Манай удирдах зөвлөлд Ёсзүйн зарчмаасаа татгалзах дургүй, Хэвлэлийн зөв­­лөлийг өөрийн харьяанд байлгах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс бас байсан. Өөрийн зохицуулалтын байгууллага бий болоход зөвлөж дэмжихээр ирсэн герман мэргэжилтнүүд энэ бүх үйл явцыг сайн мэдэж байгаа. Монголчууд нь болохоор мартчихсан шиг байна лээ.

–Хэвлэлийн зөвлөл тэгээд ёсзүйн алдаа гаргасан сэтгүүлчдэд хариуцлагатооцож чадахгүй байгаа юу. Танайд ч бас тийм эрх байхгүй гэж үү?

-Хэвлэлийн зөвлөл өөрөө зөөлөвч байгууллага. Тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогдон гарсан гомдлыг хэлэлцээд дүгнэлт гаргаж байна. Ер нь бол асуудлыг шүүхэд хүргэлгүйгээр шийдэх, залруулга гаргахыг санал болгох хэмжээнд л үйл ажиллагаа явуулж байгаа. Хувь сэтгүүлчийн ёсзүйн зөрчлийн асуудлыг шийдэж хариуцлага тооцож чадахгүй.

Мэргэжлийн холбоонд ингэж шийдэх эрхийг нь хуулиар баталгаажуулан олгож байж л сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёсзүйн зөрчлийн асуудлыг бүрэн шийдэж чадна. Гаргасан ёсзүйн зөрчилд нь тохирсон хариуц­лага шийтгэл оноож чаддаг байж гэмээнэ энэ төрлийн зөрчлийг багасгана. Онц ноцтой зөрчил гаргасан үед энэ салбарт ажиллах эрхийг нь хязгаарладаг, хасдаг байж ч болно шүү дээ. Тэгэх юм бол сэтгүүлчийн нэр хүндийг гутаагчид манай салбарт шургалах орон зай байхгүй болно.

–Та нэлээд хэдэн жилийн өмнө сэтгүүлчдийг мэргэжлийн холбоо нь шалгаж,зэрэглэл өгдөг болох хэрэгтэй гэж ярилцлагадаа хэлж байсан. Тэр бодол чинь хэвээрээ юу?

-Хэвээрээ. Яагаад сэтгүүлч хүний ур чадвар, мэдлэгийн доод хязгаарыг тогтоож болохгүй гэж. Яагаад чадвар сайтай, зэрэглэл өндөртэй сэтгүүлч илүү үнэлэмжтэй байдаг тогтолцоог бий болгож болохгүй гэж. Яагаад сэтгүүлчид тавих шаардлагын доод хязгаарыг давж чадаагүй хүнийг ажилд авдаггүй байж болохгүй гэж. Тэгвэл сэтгүүлзүйн чанар чансаа, чадавхийн асуудал шал өөр төвшинд очно. Гэхдээ ингэж зэрэглэл тогтоох асуудлыг үндэсний хэмжээнд мэргэжлийн толгой байгууллага нь хариуцдаг болгон хуулиар баталгаажуулаад өгчихвөл эмх цэгцтэй, үр дүнтэй байх болно. МСНЭ-ийн дараагийн удирдлагууд энэ асуудлыг шийдчихвэл сэтгүүлзүйд том гавьяа болно доо.

–Тэгж чадвал сэтгүүлчид мэдлэг чадвар муутай гэсэн шүүмжлэл эцэс болох уу?

-Адаглаад л алдаагүй зөв бичдэг, техникийн наад захын мэдлэгтэй, гадаад эх сурвалжийг бие даан ашиглаж чадахуйц төвшний хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслийн босгыг давдаг болно. Зэрэглэл ондоо сэтгүүлчид адил цалин авч, ижилхэн үнэлэгддэг шударга бус тогтолцоо байхгүй болно. Нийгэм олон нийт хэн гэдэг сэтгүүлчид илүү итгэхээ мэддэг болно. Их олон асуудлыг нэг мөр шийднэ.

Түүнээс биш ёсзүйтэй байцгаая гэж мянга хуралдаад ч, алдаагүй зөв бичье гэж түмэнтээ уриалаад ч үр дүн гарахгүй гэдэг нь олон жилийн практикаас харагдаж байна.

–Эцэст нь нэг сониуч асуулт тавья. Та МСНЭ-ийн дараагийн удирдахбүрэлдэхүүнд орох уу?

-Үгүй. Цаг цагаараа, үе үеэрээ байг. Дараагийн хүмүүс ажлаа хийг. Би зүтгэх цагтаа зүтгэсэн. Сая Зохиолчдын их хурлаар яг ийм бодлын үүднээс сонгуульт ажлаа өгч, Удирдах зөвлөлд ч, Бага чуулганы гишүүнд ч нэрээ дэвшүүлээгүй. Ер нь хэтэрхий олон сэтэртэй болчих гээд ихэнхээс нь чөлөө гуйж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх