–Би дэлхийн шилдэг аж ахуйн нэгжид ажилладгийн хувьд олон улсын түвшинд үнэлэгдэх чадвартай байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг–
“Бүтээмжийн” Дэлгэрмаа гэх холбоо үг “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг хэнд ч болов ижил дасал болсон төдийгүй түүний эхлүүлсэн ажил, амжилтыг илэрхийлнэ. Хүн ажил, мэргэжлээрээ овоглуулна гэдэг хөдөлмөр, хичээл зүтгэлийн үрээр, цаг хугацааны эрхээр ирдэг алдар юм.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө Завхан аймгийн Хянан шалгах хорооны ажилтан Лууваанчигийнд охин мэндэлсэн нь хоёр хүүтэй айлд баяр гийсэн үйл явдал байв. Л.Дэлгэрмаа охин дүү дагуулснаар эднийх азын дөрвөн шагай адил дөрвөн хүүхэдтэй болжээ. Тэрээр сурагч ахуйдаа хичээлдээ жигд сайн, нийгмийн идэвхтэй, “номын сайн нөхөр” явсны дээр урлаг, спортод гойд биш ч өөрийн хувиа хүнд өгдөггүй байж.
Л.Дэлгэрмаа ШУТИС-д Үйлдвэрлэл ба маркетингийн менежмент хосолсон мэргэжлээр суралцахаар элссэн нь ирээдүйтэй сонголт байлаа. Оюутан цагийн он жилүүдэд тэрээр үйлдвэрлэл, маркетинг, менежментийн цаана хүнтэй харилцах чадвар, бүтээмж дээшлүүлэхийн охь мэдлэг, чин сэтгэл, хариуцлага, хүсэл тэмүүлэл эцэс төгсгөлгүй эрэл хайгуул оршин байдгийг мэдэрч сургуулиа тун амжилттай төгссөн. Тиймдээ ч олон оюутны дундаас шалгарч, сургуульдаа эрдэм шинжилгээний ажилтан-багшаар үлджээ.
2004 оноос “Эрдэнэт” үйлдвэр ШУТИС-ийн Компьютер техник менежментийн их сургуультай хамтран Баяжуулах үйлдвэрт бүтээмжийн хэмжилт шинжилгээний төсөл хэрэгжүүлсэн юм. Энэ төсөл дээр тус сургуулийн Үйлдвэрлэл ба маркетингийн удирдлагын багаас таван багш томилогдон ажилласны нэг нь Л.Дэлгэрмаа. Тэрээр үе үехэн “Эрдэнэт”-д ирж судалгаа хийгээд буцна. Тухайн үед Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагааг дээшлүүлэхийн тулд ажиллах хүчинд тулгуурлан тасралтгүй сайжруулалтын аргыг бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан хэрэгжүүлэх хөтөлбөрийг төслийн багийн зүгээс санал болгосон юм. Ажил албан ёсоор эхлэх болоход компаниас КТМС-д мэргэжлийн үүднээс туслалцаа үзүүлэх нэг хүн зайлшгүй хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьжээ. Л.Дэлгэрмаагийн хувьд үйлдвэрлэлийн хичээл заахад практик хэрэгтэй учраас сургуулийн зүгээс томилоход нь нэг их цааргалаагүй ч удна гэж төсөөлөөгүй. “Эрдэнэт” үйлдвэрт гурван жил туршлага хуримтлуулаад буцна гэсэн бодолтой ирж. “Тэгээд яагаад буцаагүй юм бэ? Нэгэн сайхан залууд хоргодов уу, эхэлсэн ажлынхаа эцсийн үр дүнг үзэхийг зорив уу?” гэсэн миний асуултад тэр “Аль аль нь” гээд даруухан инээд алдсан. Ажилд орох тушаал нь төөргөөр нэг өдөр гарсан шавилхан биетэй, томоотой залуутай анхны өдрөөс тохой нийлүүлэн ширээ таллан суусан нь амьдралыг насан туршдаа хамт туулах ерөөлтэй байж. Тэд удалгүй хуримлаж, бие биеийнхээ ажил мэргэжлийг дэмжиж үйлс бүтээл нь өөдрөг явах сайхан хос Эрдэнэсийн хотод өрх тусгаарласан.
Хүмүүсийн олон жил тогтсон хандлага, хэв маяг, арга барилыг өөрчилж бүтээмж дээшлүүлэх ажил эхэндээ амаргүй байсан нь ойлгомжтой. Илүү ажил мэтээр хүлээж авах хандлага амь бөхтэй оршино. Онолыг амьдралд хэрэгжүүлэхэд асар их саадтай өдөр бүр тулна. Зарим үед номонд бичигдээгүй нөхцөл байдал ч үүснэ. Цаг ямагт шинийг эрэлхийлэх, өөр өөр аргаар ажиллагчдыг идэвхжүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарна. Аандаа хүмүүсийн ажил хөнгөвчлөгдөөд ирэхийн цагт эсэргүүцэл намжиж, харин ч санаачилж бүтээснээсээ хэн хэн нь эрч хүч, сэтгэлийн таашаал авдаг болов. Ажиллагчдын бүтээлч хандлага, шинийг санаачлах эрмэлзлэл нэмэгдэж байхад учрах бартаа саад түр зуурынх гэж өөрийгөө тайвшруулан урагшилдаг байснаа тэр дурссан. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт бүтээмжийн үйл ажиллагаа 10 гаруй жил хөгжиж байна. Бусад цех, хэлтсүүдэд түгэн дэлгэрч, бүтээмжийн үйл ажиллагааны механизм тогтсон нь баяжуулагчдын бүтээлч хандлагын үр шим гэж Л.Дэлгэрмаа үнэлсэн. Хариуцсан ажлаа өөрийн чадах хэмжээнд тултал хийхийг хичээдэг зан нь түүнийг байнга шинийг эрэлхийлэх аянд мордуулдаг. Ном, сонин, сэтгүүл уншсан ч ажил, амьдралд хэрэгжүүлмээр жижиг гэлтгүй санаа хайх “мэргэжлийн өвчин”-д автана. Саяхан гэртээ сэтгүүл үзэж байгаад Дэлхийн 100 манлайлагч эмэгтэйн жагсаалт хэвлэгдсэнийг олжээ.
Тэрбумтанууд, нийгмийн ажилтнууд гэх мэтээр ялган байрлуулсан байж. Эндээс сайн саналын системийн 100 манлайлагчийн зурагт хуудасны санааг олоод баярлах жишээтэй. Манайхан Л.Дэлгэрмаагаар хэд хэдэн удаа бүтээмжийн хичээл заалгасан юм. Түүний хүмүүстэй харилцах байдал, хичээлийн бэлтгэл, цаг барилт, жишээ сонголт, оновчтой цэгцтэй яриа, түвэгтэй асуудлыг энгийнээр тайлбарлах ур зэрэг нь эрхгүй сонирхол татна. Харин тэр “Надад дайчин бардам, гал цогтой чанар дутагдалтай” гэж өөрийгөө шүүмжилсэн. Л.Дэлгэрмаа өнөөдөр том зорилго, их ажлын төлөө олон хүнтэй харьцан ажиллаж байна. Хүнтэй харьцах амаргүй. Нягтлан бодогч бол тоогоо компьютерт зөв хийчихвэл хариу нь асуудалгүй гараад ирнэ. Техниктэй харьцдаг бол зөвхөн өөрөөс бүх зүйл шалтгаална. Хүнтэй ажиллахад 10 хүнд юм хэлэхэд 10 өөрөөр хүлээн авч, таашгүй хариу үзүүлнэ. Тэр болгонд зохицох арга техник, ур чадвар хэрэгтэй. Л.Дэлгэрмаа “Би дэлхийн шилдэг аж ахуйн нэгжид ажилладгийн хувьд олон улсын түвшинд үнэлэгдэх чадвартай байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг” гэж хэлсэн. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг эрэлхийлнэ. 2010 онд Баяжуулах үйлдвэр дээр “Мастерын хөгжил” хөтөлбөр хэрэгжиж хамтдаа хөгжих сонирхолтой ажиллагчид “Залуус” багийг байгуулахад тэр идэвхтэй гишүүнээр элссэн. Тэд цайны цагаараа, ажлын дараа илтгэх чадвараа хөгжүүлж, шинэ мэдээлэл солилцож, англи хэл үзэж судалдаг байв. Энэ уламжлал одоо ч алдагдаагүй. Тэд газар үзэж нүд тайлах зорилгоор сар бүрийн цалингаасаа 100 мянган төгрөгийг нэгдсэн хадгаламжид хуримтлуулдаг. Залуус хуримтлалын мөнгөөрөө Тайланд, Бали руу аялжээ. “Залуус”-ынхан үргэлж шинийг эрэлхийлнэ. Нэгэн хавар их хэмжээний төмс тарьжээ. Ургацаа гараараа хурааж, ил гаргасан төмсөө шөнө хөлдөөхгүйн тулд харанхуйд гэрэл тусган, өвдгөө цоортол мөлхөн байж шуудайлжээ. Уйлах энүүхэнд санагдсаныг тэр нуугаагүй. Залуус нилээд олон шуудай төмс хурааж, шинэ жилээр гаргаж зарахаар зооринд хадгалсан боловч юу ч үгүй хөлдчихөж. Арга буюу гахайн хоол болгосон гэдэг. Гэхдээ тэдэнд алдагдал хүлээснээс илүү төмс ямар их хөдөлмөрийн үнэ цэнээр хэрэглэгчдэд хүрдгийг мэдэрсэн нь чухал байв. Тэдний эгнээнээс монголын анхны лед гэрэл үйлдвэрлэгчид төрсөн. Хамт хөгжиж, биесээ дэмжиж, хурцлахын өгөөж энэ.
Ажилд ороод л тогтсон цалинд сэтгэл нь ханаж хөгжих чармайлтгүй идэвхгүй амьдардаг залуучуудын байдал Л.Дэлгэрмаагийн сэтгэлийн эмзэглүүлнэ. Өнөөдрийн өрсөлдөөнт нийгэмд илүү хөгжиж, амжилт өөд тэмүүлсэн хэн бүхэнд боломж нээлттэй гэдгийг тэр ухааруулахыг хүснэ. “Бүтээмжийн” Дэлгэрмаа өнөөдөр дэлхийн хэмжээний онол сургалтыг ололт дэвшлээр чанаржуулан ахиулж, санаа сэдэл өдөөх, шинийг бүтээх “эрдэнэ” түгээж явна.