Н.ЦЭРЭНБАТ: АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 10-р сарын 23 өдөр, 19 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Tserenbat said

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тавьсан илтгэл бүрэн эхээрээ 

Эрхэм Ерөнхийлөгч өө!

Эрхэм Ерөнхий сайд аа!

Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд, оролцогчид та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр иргэн бүрийн санааг зовоосон, цаг алдалгүй шийдвэрлэвэл зохих, тулгамдсан, агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарал хандуулж, үндэсний чуулганыг санаачлан зохион байгуулж буй эрхэм ерөнхийлөгч Танд талархлаа илэрхийлье.

Эдүгээ агаарын бохирдлын байдлыг Улаанбаатар хотод 15, хөдөө орон нутагт 25 суурин харуул ажиллаж, агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий, азотын ислүүд, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, том болон нарийн ширхэглэгт тоосонцор зэрэг 6 хүртэлх бодисыг тодорхойлж байна. Агаарын чанарын суурин харуулын мэдээг 10 цэгт LED цахим дэлгэц болон агаар.мн сайт, гар утасны апликейшнээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. 2017 оны 1-3 дугаар саруудыг 2016 оны мөн үетэй харьцуулвал PM2.5, PM10 нь 1 сард 4-8%-иар их, 2 сард нь 4-8%-иар бага байсан бол 3 сард нь PM2.5, нь 18%-аар бага, PM10 нь 9%-аар их байсан байна. Мөн хугацааг 2016 оныхтой харьцуулахад хүхэрлэг хий  23-36%-иар буурч, азотын давхар исэл 15-25%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Их Британи болон Финляндын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол хүн дэлхийн үндэстнүүд дундаас оюуны чадвараар 6-т эрэмбэлэгдэж, АНУ, Их Британи, Шведийн урд гишгэх атал Монгол Улс дэлхийн хамгийн стресстэй улс орнуудын 4-т жагсжээ. Биднийг хамгийн стресстэй улс болгосон хүчин зүйлийн 1 нь агаарын бохирдол юм. Нэгэн үе цагаан дагина гэгддэг байсан  нийслэл хот маань агаарын бохирдол хамгийн өндөр 50 хотын нэг болчихоод байна.

Бохирдлын эх үүсвэрийг ангилж үзвэл 80 хувь нь гэр хороолол болон бага дунд оврын нам даралтын зуухнаас, 10 хувь нь авто тээврийн хэрэгслээс, 6 хувь нь дулааны цахилгаан станцаас, 4 хувь нь хог шороо, хөрсний бохирдлоос үүсч байна.

Агаарын бохирдлын улмаас нийслэлийн хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд  697 байсан бол 2014 онд  1730 болж 2.4 дахин өссөн, мөн цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 2005 онд 494  байсан бол 2014 онд 980 болж 2 дахин өссөн. Хог хаягдлын ил шаталтаас үүсдэг хамгийн хортой бохирдуулагч бол Диоксин/Фуран бөгөөд дархлаа сулруулах, мэдрэлийн системд нөлөөлөх, ургийн гажиг, хорт хавдар үүсгэж, уушиг ходоод, элэг, бөөрийг гэмтээдэг байна. Агаарын бохирдлын удаан хугацааны үйлчлэл нь хүний сэтгэн бодох чадварт нөлөөлж, хожим нь бидний үр хүүхдийн дэлхийд өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Монгол Улсын Засгийн Газар агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг  чиглэлээр өнгөрөгч 8 жилийн хугацаанд улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, гадны хөрөнгөөр 60 сая ам долларыг өнөөдрийн байдлаар зарцуулсан байна.

2011 оноос Олон Улсын төслүүдийн үнийн хөнгөлөлт, Цэвэр агаарын сангийн татаастай үнээр 168 мянган, Улсын төсвийн хөрөнгөөр 7500, нийтдээ 175 мянган сайжруулсан зуух тараасан нь нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувийг хамарсан байна. Үүнд нийтдээ 68 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Түүнчлэн, 20,7 мянган ширхэг гэрийн эсгий дулаалга 5.1 мянган ширхэг гэрийн үүдний гонх, 98 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй сууц олгоход нийт 12 тэрбум төгрөгийг,  “ДЦС-2”-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахад 17,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

2015 онд Цэвэр агаар сан татан буугдаж, хамаарах асуудал нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд шилжин ирснээс хойш 2016 онд-5 тэрбум, 2017 онд 4 тэрбум 950 сая төгрөг төсөвлөгджээ.

Жилд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байсан нь сүүлийн 2 жилд 5 тэрбум болтлоо буурсан боловч үндэсний хороо нилээн ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж иржээ.

БОАЖСайдын багцаас 4 тэрбум 260 сая төгрөгийг 2016 онд зарцуулснаас Цэвэр агаар сангийн 2015 оны өрийг барагдуулахад 2 тэрбум 40 сая төгрөгийг зарцуулж, үлдсэн 2 тэрбум 223 сая төгрөгийг,

  • Нийслэлийн гэр хорооллын цахилгааны ачааллыг бууруулахад- 1 тэрбум 14 сая төгрөг,
  • Нийслэлийн гэр хорооллын 6 цэцэрлэгийн нам даралтын зуухыг дэвшилтэт технологиор солих ажилд – 293 сая төгрөг,
  • 5 аймгийн агаарын чанарыг сайжруулах, тоног төхөөрөмж нийлүүлэхэд-363 сая төгрөг,
  • Иргэдэд боловсруулсан түлш олгоход – 32 сая төгрөг тус тус зарцуулжээ.

2017 онд төсөвлөсөн 4 тэрбум 950 сая төгрөгийг хуваарилахдаа үндэсний хорооны 2016 оны 12 сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлээд,

  • Нийт санхүүжилтын 70 хувь буюу 3,5 тэрбум төгрөгийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хөнгөлөлтөнд,
  • 400 сая төгрөгийг нийслэлийн гэр хорооллын зорилтот бүлэгт боловсруулсан түлш олгоход,
  • 900 сая төгрөгийг нийслэлийн гэр хороолын зарим цэцэрлэгийн нам даралтын зуухыг дэвшилтэт технологиор солих, олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах ажилд тус тус зарцуулахаар баталсан.

Бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд

-“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан.

– Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаар зөвлөмж зэрэг бодлого, хууль тогтоомжид тусгаснаар агаар, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Агаарын тухай хууль”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хурлаар дэмжигдэж, УИХ-д хүргүүлээд байна.

-Ногоон зээлийн сан байгуулах ажлын хүрээнд 2016 онд БОАЖЯ, Монгол Банк, Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд зэрэг байгууллагууд багтсан ажлын хэсэг нь санг байгуулах ерөнхий судалгаа, дүгнэлт түүний зах зээл, эрэлт, хууль, эрх зүйн орчин, бизнес төлөвлөгөө, загвар боловсруулах зорилго бүхий холбогдох судалгаа, тооцооллыг мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран хийгээд байна.

-Агаар, орчны бохирдлын салшгүй хүчин зүйлийн нэг хог хаягдлын асуудал бөгөөд “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр батлуулаад байна. Уг шинэчилсэн найруулганд нэр томъёог баяжуулан тайлбарлаж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг нарийвчлан, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, аюултай хог хаягдлын тухай нарийвчлан “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг багтаасан онцлогууд багтсан.

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан тушаал, захирамжаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, бүсэд мөрдөх журам”-ыг баталж, мөрдөн ажиллаж байна.

-НҮБ, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын эвслээс санаачилсан “Цэвэр агаар-амьдралын үндэс” санаачилгад  анхны улс болон нэгдэж, олон улсын хэмжээнд идэвхтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Уг аянд нэгдэснээр иргэд олон, нийтийн оролцоог нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах давуу талууд бий болж байна.

Шөнийн тариф, хөнгөлөлт олгох ажлын хүрээнд 2017 онд гэр хорооллын 114,512 хэрэглэгчдэд  3 тэрбум 363  сая төгрөгийн цахилгааны  хөнгөлөлт үзүүлснээс 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Хөнгөлөлтийн хугацаанд  шөнийн ачаалал 17% өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15,2% нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн урьдчилсан дүгнэлтэнд хүрээд байна.

Боловсруулсан түлшээр зорилтот бүлгийг хангах, агаарын чанарыг сайжруулах бүсэд орших цэцэрлэгийн нам даралтын зуухыг дэвшилтэт технологиор солих ажлын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах зорилгоор  1600 өрхийг сайжруулсан түлшээр хангахаар зорилтот бүлэг тодорхойлох судалгааг Нийслэлийн халамж үйлчилгээний газартай хамтран хийсэн ба түлшний тендер зарлагдаж, худалдан авалт эхэлсэн байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн, аж ахуй нэгж, олон нийтийн дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал бөгөөд энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг сайжруулах ажлыг энэ жил түлхүү анхаарч байна. Нийтдээ 23 арга хэмжээ төлөвлөгдөн амжилттай хэрэгжиж, иргэд ТББ-ууд, орон нутгийн удирдлагуудын нягт хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч байна.

Олон нийтэд байгальд ээлтэй техник технологийг таниулан сурталчлах, улмаар бүтээгдэхүүн, технологийг харьцуулан, худалдан авалт хийх боломжийг олгох зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төв” -г “Барилга мегастор” худалдааны төв дээр ажиллуулж эхлээд байна. Цаашид уг төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, 3-аас доошгүй байршилд ажиллуулах ба уг төв гагцхүү бүтээгдэхүүн, технологийг танилцуулахаас гадна иргэдэд агаар, орчны бохирдлыг бууруулах мэдээ, мэдээллийг хүргэх, холбогдох чиглэлийн судалгаа хийх, олон нийт, төрийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй ажлууд, оюутан залуус руу чиглэсэн компанит ажил, цэцэрлэгийн хүүхдүүд рүү хандсан комикс, ЕБС-иудын сурагчид руу чиглэсэн сургалт, уралдаанууд, ХМХ-үүдтэй хамтарсан нэврүүлэг, нийтлэлүүдийг хүргэж байна.

Улс орчны эдийн засгийн боломж хүнд байгаа энэ үед олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад онцгой анхаарч, хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Япон Улсын Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл, НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөрийн газрын ОУ-ын Байгаль орчны технологийн төв, Азийн Технологийн Хүрээлэнгийн Ази Номхон далайн бүсийн Нөөцийн төвийн санхүүжилтээр нийтийн зориулалттай шаардлага хангасан хаягдал бохир усыг цэвэрлэх байгууламж бүхий нийтийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл, Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд гэр хорооллын амины сууцны дулаан алдагдлыг бууруулах “Дулаалгын аян” хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Бид агаарын бохирдлын өнөөдрийн ийм нөхцөлд дүгнэлт хийж, цаашид хэрхэн ажиллах, хийх ажлаа зөв тодорхойлж, аль болох богино хугацаанд үр дүнтэй тодорхой алхам, бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Юуны өмнө ажлыг үр дүнд хүргэх үндсэн нөхцөл болсон үйл ажиллагааны санхүүгийн боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бидэнд байгаа дотоод боломжоо зөв ашиглах хэрэгтэй. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу авч байгаа татварыг зориулалтын дагуу зарцуулах боломж бий болгох “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, Ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг үр дүнтэй эхлүүлэх нь зүйтэй. Харин агаар, орчны бохирдлын эсрэг зарцуулж байгаа хөрөнгө, төсвийг хяналттай, ил тод болгон харилцан мэдээллийг сайжруулах
  • Нэгэнт тулгараад байгаа агаар, орчны бохирдол хэн нэгэн засгийн газрын, эсвэл хэн нэгэн даргад хамаарах асуудал биш юм. Энэ чиглэлээр төрийн бодлогын залгамж халаа, тогтвортой байдлыг ханган, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтдийн санал, хэлэлцүүлэгт тулгуурлан боловсруулж, 2017 оны 3 сарын 20-ны өдөр батлагдан гарсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг амьдралд тууштай хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
  • Агаар, орчны бохирдлын асуудлыг хариуцсан төрийн болон орон нутгийн байгууллагууд, ажилтнуудын хариуцлага, санаачлага, шийдэмгий үйл ажиллагаанд хатуу хяналт, шаардлага тавьж, бас туслан дэмжиж ажиллах
  • Агаар, орчны бохирдолд санаа тавьж, тодорхой санаачлага, үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч, ТББ-ууд, иргэдэд дорвитойхон дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь чухал байна.
  • Агаар, орчны бохирдол нь ард иргэдийн ядуурал, орчны бохирдол, нийгмийн хариуцлага, иргэдийн ухамсартай салшгүй холбоотой асуудал. Хэрэглэсэн тос масло, гутал, дугуй, хог гээд шатаж болох бүх зүйлийг шатааснаар үл үзэгдэгч хөнөөгчөөр бид өдөр тутам амьсгалж байна. Иймд иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, олон нийтийн хяналт, оролцоог хангалттай сайн нэмэгдүүлж, хамтран ажиллах шаардлагатай байна.
  • Хөрөнгө, хугацаа шаардах нь хамаагүй, гарт баригдаж нүдэнд харагдахуйц ажлуудыг хугацаа алдалгүй хийх нь чухал байна. Дагуул хотууд, аймгийн төвүүд, технологийн паркуудыг эрчимтэй хөгжүүлж, баригдаад эзэнгүй байгаа орон сууцнуудад гэр хорооллын иргэдээс оруулж, төлбөрт нь хашааны газрыг оролцуулах, ингэснээр утаа ялгаруулагч янданг бууруулах ажлыг нэг хөшүүрэг болгох
  • Хот, суурин газрын дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, нүүрсний хэрэглээг хязгаарлаж, гэр хорооллын зарим айлуудын бохир, цэвэр, халаалтыг шийдэх бичил дэд төвүүдийг байгуулж эхлэх хэрэгтэй байна.
  • Агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлж, аль 1970-аад оны гар ажиллагаатай суурин харуулуудаа шинэчилж, 2-6-хан бодис хэмждэг биш дэлхийн стандартаар агаарын бохирдлоо хянах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах
  • Улаанбаатарын утаа бохирдуулагч эх үүсвэр янданг нэг бүрчлэн тооллого хийж, үе шаттайгаар цөөрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг юм.

Ийнхүү гамшгийн байдалд хүрсэн агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхийн тулд хийх ажил маш их байна.  Төр, иргэн байгууллага хамт олон бүх түвшинд  тууштай хамтран ажиллаж, ирээдүй хойч үеийн сайн сайхны төлөө зориг, чармайлт гаргахыг уриалж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх