Д.Сарангэрэл: Жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой

2017 оны 10-р сарын 23 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
saraa1

Өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин ихсэж, агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 граммаар бага байдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцохдоо тодотгосон юм.

Сүүлийн жилүүдэд нас баралтын тэргүүлэн шалтгаанд зүрх судасны өвчлөл тэргүүлж байгааг салбарын сайд тоон мэдээллээр чуулганд оролцогчдод “илтгэсэн”. Тодруулбал, Улаанбаатар хотод 19 хүртлэх насны хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн 90 гаруй хувийг амьсгалын тогтолцооны эмгэгтэй хүүхдүүд эзэлж байна. Тухайлбал, хатгалгаа өвчнөөр нийт хэвтсэн хүүхдийн 42.4 хувь нь амьсгалын тогтолцооны бусад эмгэгээр 50 гаруй хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Жилдээ 5 хүртлэх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагийн дотор 14.5 хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн гэх “аймшигт” мэдээлэл ч бий тухай Д.Сарангэрэл сайдын илтгэлд дурьдагдсан юм. Мөн 2016 оны дүнгээр 0-5 насны хүүхдийн 50 гаруй хувийг амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байна. Судлаачдын судалгаагаар уушигны хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд хэвтсэн бөгөөд үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотой. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэр хорооллын хүүхдүүд.

Мэдээж агаарын бохирдол ганц Монголд тохиолдоод байгаа гамшиг биш. Дэлхийд жилдээ 3.7 сая хүн нас барж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан мэдээллэдэг.

Агаарын түгээмэл бохирдуулагчид болох Том ширхэгт буюу РМ 10, нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 азот, хүхэр, нүүрстөрөгчийн нэгдлүүд хүний биед дан, хавсарсан байдлаар хурц, архаг өвчлөлүүд гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй. 2009 оны судалгаагаар нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-ын хувьд түүний 10 микро грамметркубээр өсөхөд зүрх судасны өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэлтийг 0.8 хувиар нэмэгдүүлсэн тоон үзүүлэлт бий.

Агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлтэй хавсран амьсгалын замын өвчлөлд 52.9 хувиар, зүрх судасны өвчлөлийн 20 хувьд нөлөөлж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ онцолж, Монголд зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь РМ 2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой гэдгийг чуулганд оролцогчдод хэлсэн юм.

Монгол гэрийн дулаан алдагдал 70 хувь байдгийг олон улсын судлаачид тогтоожээ. Иймээс дулаан алдагдлыг бууруулах тэргүүн зорилт тавьж ажилласан он жилүүд Монголд бий. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн сүүлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь цахилгааны хөнгөлөлт. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хийсэн судалгаагаар нэмэлт дулаалга байхгүй Монгол гэрийг цахилгаанаар халаахад 4.0 кВт, харин 8х8 хэмжээтэй ердийн байшинг цахилгаанаар халаахад 9.0 кВт хэрэглээ үүсэхээр байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тодотгосон.

Гэр хорооллын ердийн галладаг зуухтай айл өрхийн цахилгаан чадлын дундаж хэрэглээ орой их ачааллын үед 1.2-1.7 кВт байдаг. Нийслэлийн гэр хорооллын 160 кВА хүчин чадалтай дэд станцад 80-110 айл өрх, 250 кВА хүчин чадалтай дэд станцад 160-200 айл өрх холбогдож байна. Нэг өрхөд ногдох сүлжээний боломжит чадал 1.3-1.6 кВт аж. Гэр хорооллын хэрэглэгчдийн халаалтыг 100 хувь цахилгаан эрчим хүчээр хангах чадалтай түгээх сүлжээ байгуулах тохиолдолд одоогийн түгээх сүлжээг бүрэн шинэчлэх шаардлага үүсэх гэнэ. Улмаар үүнд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайг Ц.Даваасүрэн сайд онцлов. Энэ онд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотой нийслэлийн хэмжээнд хэд хэдэн ажил хийгдсэн бөгөөд 11.74 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ирэх онд нийслэлийн гэр хорооллын 20 мянган айл өрхийг эхний ээлжинд 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд агаарын чанарын 1-р бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 23 хорооны нийт 21362 айл өрхийг хамруулах ажил хийхээр төлөвлөжээ.  Мөн дамжуулах сүлжээний “Баруун”, “Улаанхуаран”, “Гео” гурван дэд станцыг өргөтгөхөд 15 тэрбум, түгээх сүлжээний дэд станц, шугамын өргөтгөл шинэчлэлийг ажлыг нийт 21 багц болгон 24.5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр зураг төсөв хийгджээ.

Гэхдээ нийслэлийн иргэдийг 100 хувь эрчим хүчээр хангаад агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй гэдгийг салбарын сайд онцолсон. Иймээс шөнийн тарифыг хөнгөвчлөх арга нь зөв ч өдөр нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байдлаар хослуулж шийдвэл агаарын бохирдлоос ангижрах боломжтой гэдгийг салбарын сайд хэлсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх