Долоон иргэний цогцсыг 3200 метрийн өндрөөс оллоо

2017 оны 10-р сарын 23 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
otgontenger

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурлыг хийлээ. ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ГШУЗМТ-ийн дарга, дэд хурандаа Д.Баярбаатар нар хэвлэлийн бага хуралд оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Орон нутагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон.

Түүнчлэн ОБЕГ-аас орон нутагт ажиллаж байгаа эрлийн багийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа шуурхай бүлгээс 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцсыг, нийт 7 иргэний цогцсыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олсон байна.

Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Ослын газарт ОБЕГ-аас 5, Аврах тусгай анги-8, Нийслэлийн Аврах анги-4, Давтан сургалт, сэргээн заслын төв-1, Завхан аймгийн Отгон сумаас 10, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвөөс -5, Зэвсэгт хүчний жанжин штабаас 4, Завхан аймгаас 4 уулчин,  Уулчдын нэгдсэн холбооноос 4 уулчин, Завхан аймгийн Цагдаагийн газрын 10, Шүүхийн шинжилгээний албаны 4, Нэгдсэн эмнэлгийн 10, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 5, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6, нийт 111 хүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх