Монголчууд сүүлийн хэдэн жилд сугалаанд аз дайрахыг хүлээж амьдардаг болсон. Цэцэрлэгийн хүүхэд ч сугалаагаар азаа үзнэ,сонсох дуртай дуучдынхаа концертийг үзээд ч азаа үзнэ. Мөдхөн төрийн байгууллагад ажилд ороход ч сугалаа татаж мэднэ. Уг нь монголчууд азын сугалаанд найдаж амьдардаг ард түмэн биш. Тэгээд яагаад аз шовойхыг хүлээдэг болов. Сүүлийн жилүүдэд төр засгийн бодлогоор азаа үзэхийг уриад эхэлсэн. Ялангуяа эрх баригчдын шийдвэрээр худалдан авалт хийсэн баримт болгоноо бүртгүүлж,байн байн хонжвор тохируулах өдрийг хүлээдэг боллоо. Харамсалтай нь,тэр аз азтай хүнд ирэхгүй. Азыг хэнд тааруулах вэ гэдгийг Р.Отгонтулга захиралтай НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгж мэднэ. Өөрөөр хэлбэл,тус багийнхан ялангуяа Р.Отгонтулга захирал хэнийг сонгохыг шийднэ. Азтан болохыг хүссэн иргэд хоёр хувийн буцаан олголтоо жилийн эцэст авна, аз таарвал мөнгө хожно гээд л хүлээгээд байдаг. Гэтэл яг аз таарч харагдаач. Аз нь атгандаа багтаж ядсан нь биш азыг тохируулагчийн санаанд нийцсэн “азтан” л азтан болно. Хэд хоногийн өмнө 100 саяыг хожсон бүсгүйг энэ лав Р.Отгонтулгатай холбоотой байх гэж хардсан хүн зөндөө. Аргагүй дээ өмнө нь Р.Отгонтулгын багийнхан нэг хүнийг 30 гаруй удаа азтан болгосон бохир түүхтэй юм чинь. Гэтэл уг асуудлыг Р.Отгонтулга тайлбарлахдаа хуульд нийцэж байгаа гэжээ. Хуулиараа нэг хүн хэдэн ч удаа азтан болох боломжтой юм гэсэн. Гэхдээ олон нийтийн итгэл үнэмшилд эргэлзээ төрж байна. Хамгийн үнэмшилгүй нь нь Мэдээллийн технологийн төвийн ажилтан нь сугалаанд олон удаа хожсоныг тохиолдол гэх үү. Тохиолдлынх гээд итгэх гээд үзье.
Нэг л болохгүй байгаа юм даа. Монгол Улсын татварын байгууллага татварын 20 гаруй системтэй. Эдгээр системийг өөр өөрийнх нь зориулалтаар хэдэн мянган байцаагч, иргэд, аж ахуй нэгж ашиглаж буй. Р.Отгонтулга НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгжийн захирал болсны дараа нэг хүн хэдэн арван удаа азтан болсныг, 1 төгрөгийн баримтаар азтан болсныг яаж тохиолдол гэж итгэх вэ. Азтан болох горьдлогоор иргэдэд олгогдсон нэг чухал боломж бол худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах. Худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлснийх нь төлөө сугалаанд оролцогчид 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих боломжтой. Азанд тэр тусмаа төрөөс зохион байгуулж байгаа азын сугалаанд итгэгч бүх хүн НӨАТ-ын хуулийн дагуу баримтаа дор дор нь бүртгүүлж буй. Харин энэ ажлыг гардан гүйцэтгэсэн Р.Отгонтулга гэгч маш будилаантай нөхөр. Түүний талаар хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр зөндөө л яригдсан. Гэвч түүнд хэн ч үг хэлэхгүй,тэр бол дархлагдсан хүн. Түүний тухай,түүний багийнхны тухай яриа гарлаа,замхарлаа гэдэг болсон. Харин одоо засаг солигдсон болохоор энэ дархан эрхтэй нөхрийг өөрчлөхийг азанд итгэгчид шаардаж эхлэв.
Азтан тодруулж иргэдийн идэвхийг дэмждэг загварыг манайхан Тайвань улсаас оруулж ирсэн юм гэсэн. Тайваньчууд манайхан шиг хууль дүрмээ зөрчөөд нэг хүнийг 30 удаа азтан болгох уу. Харамсалтай нь, тэр улсын шударга туршлагыг манайхан шударга биш болгож монгол хөрсөн дээр хуулбарлажээ. Р.Отгонтулга орон гаран нөхөр бололтой юм билээ Учир нь тэрээр журмаа зөрчсөнөө хүлээн зөвшөөрдөг атлаа хуруу гар нь ирвэгнэхээрээ компьютерийнхээ буруу товчийг дарчихдаг гэмтэй юм уу даа.
Р.Отгонтулгын багийнхны ашиглаж буй программыг хоцрогдсон,хоцрогдоогүй гэх нь илүүц. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн болохоор түүнтэй хариуцлага тооцох тухай яригдаагүй өдий хүрсэн бололтой. Харин одоо шинэ сайд нэг юм бодож,зөв шийдвэр гаргаасай гэж азтан болохыг хүсэгчид гуйж байна. Дашрамд дуулгахад, Р.Отгонтулга “Би энэ систем дээр ямар нэгэн булхайтай зүйл хийхгүй гэж бодож байгаа” гэж хариулсан байдаг юм байна. Тэгсэн атлаа хийгээд байгаа хүнд итгэж болох уу. Улсын төсвөөс санхүүждэг, өндөр цалин хангамжтай ийм байгууллагад хариуцлага тооцдог ажилтнууд үнэнч шударга ажиллаж байна уу гэдэгт хяналт тавьдаг төрийн “нүд,чих” хэрэгтэй. Увайгүй этгээдүүд шунахайн зорилгодоо нийцүүлэн ашиглаж болдог программанд нийгэм даяараа итгэсээр байх уу. Хэрэв төр ажлаа хийхгүй бол “Азанд итгэгчдийн холбоо” байгуулж төрийн нэр барьсан луйварчидтай тэмцэхээр шийдсэн хүмүүс ажлаа хийж эхлэх бололтой.
Н.Дөл
ДДТДугаарын сүүпийн 3 орныг л өөрсдийн ебаримтын дугаараар солиод азтан болдог гэнээ энд ажилладаг хүн тэгсэн байна шүү луйварчид мөдхөн наадахдаа хахаж үхнээ
Иим луйварбайж таарна тэр