Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ

2017 оны 10-р сарын 20 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gishuudd

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.10.19) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бөгөөд үдээс хойшхи хуралдаанаар гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Жадамбын БАТ-ЭРДЭНЭ

Дараа нь Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд гишүүдийн 93.3хувь нь Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1990-1992 онд ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, дараа нь байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал гишүүд, төмөр замын болоод автозамын талаар баримтлах бодлого, дэлхийн дунджаас хэт өндөр байгаа агаарын тээврээр зорчих үнийг бууруулах талаар ямар бодлого барихыг лавлаж байлаа. Мөн хоёр хөршийн хамт байгуулах эдийн засгийн корридорыг байгуулах асуудалд анхаарал хандуулахыг хүссэн.

Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох замын асуудалд онцгой анхаарч ажиллана гээд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн замыг барьж дуусгах асуудлыг нэн түрүүнд анхаарна гэлээ. Мөн агаарын тээврээр зорчих үнийг бууруулах асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ тэрбээр мэдэгдсэн. Үндэсний агаарын тээвэрлэгч компани чухал уу, иргэд хямд үнэтэй, аюулгүй агаарын тээврийн хэрэгслээр зорчих уу гэдгийг судалж үзэн өрсөлдөөнийг бий болгож, зорчих тасалбарын үнийг бууруулах боломжийг бий болгоно гэв. Түүнчлэн гурван улсын эдийн засгийн корридор байгуулах ажил сүүлийн жилд орхигдсон хэмээгээд энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд далайцтай ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Долгорсүрэнгийн СУМЬЯАБАЗАР

Мөн хуралдаанаар Долгорсүрэнгийн Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Д.Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилох саналыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан.

Нэр дэвшигч Д.Сумъяабазар 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн ерөнхий захирал, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, 2013 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Сайдад нэр дэвшигчээс гишүүд хууль бусаар олборлолт хийдэг, нөхөн сэргээлт хийдэггүй компаниудтай ямар хариуцлага тооцох талаар тодруулсан. Мөн ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахыг хүсч байлаа.

Нэр дэвшигч Д.Сумьяабазар орон нутагт үүсээд буй уул уурхайн олборлолт, хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалж, асуудлыг шийдвэрлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр, ашигт малтмалыг нь олборлочихоод нөхөн сэргээлт хийдэггүй, хүний юм шиг сэтгэлээр ханддаг, лицензээ дамжуулан худалддаг зэрэг хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцно гэлээ. Мөн үүргээ ухамсарлан ажилладаг, нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийдэг аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжинэ гэж хариулсан.

Ингээд санал хураалт явуулахад Д.Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилуулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн  89.6хувь нь дэмжсэн юм.

Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Батжаргалын БАТЗОРИГ

Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

Тус байнгын хороо энэ сарын 17-ны өдөр энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжсэн юм.

Нэр дэвшигч Б.Батзориг 1983 онд нийслэлийн 6 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак Улсад Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, 1997 онд Удирдлагын академи, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн. Эсгүүрчин, эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэй, Улс төр судлалын докторант. 1989 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастераар ажлын гараагаа эхэлж, 1992-1999 онд “Зэвэг” хоршооны дарга, 1999-2008 онд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2012 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, дараа нь байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү, махны олон үйлдвэрүүд байгуулагдсан. Гэтэл мах нь гадагшаа борлодоггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Монгол ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангана гээд байдаг. Гэтэл хураасан ногоогоо агуулах сав бий юу хэмээн лавласан.

Сайдад нэр дэвшигч Б.Батзориг, Монгол мал 60 саяд хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөл дээрээ боссон. Цаашид энэ салбараа зөв бодлогоор авч явбал гурван сая хүнээ экологийн цэвэр хүнсээр хангаад явах боломжтой. Мал эмнэлгийн хяналт, хүнсний аюулгүй байдлын хяналт сүүлийн үед алдагдсан. Үүнийг сайжруулах хэрэгтэй байгаа. Мал эмнэлгийн хяналтыг сайжруулж, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьснаар экспортод мах гаргах боломж бүрдэнэ. Төмс, хүнсний ногоогоор дотоодоо хангах боломжтой болсон. Зоорь дутагдалтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, махны экспорт гэж олон жил ярьж байгаа. Махыг урд хөрш рүү экспортлох боломжтой. Тийм учир урагшаа чиглэсэн зөв бодлого явуулаарай хэмээн захьсан. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базааж, төрийн нэг цонхны бодлогыг барьж ажиллаарай хэмээсэн. Түүнчлэн гишүүд малчид тариаланчдын хооронд үүсдэг маргааныг шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт инновацийг хөгжүүлэх асуудлыг хөндөж байлаа. Нэр дэвшигч Б.Батзориг, Монгол Улс нэг сая га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулан ашиглаж байгаа. Цаашид газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, малчид, тариаланчдын хооронд үүсдэг маргааныг таслах ёстой гэсэн хариулт өгсөн.

Ингээд нэр дэвшигч Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэн юм.

Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

Дараа нь Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг эн сарын 17-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8хувь нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжсэн байна.

Нэр дэвшигч Ц.Даваасүрэн 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 1998 онд Япон Улсын Сайтомогийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгаан автоматикийн инженер, эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлж, 1995-2000 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2009-2010, 2012-2014 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллажээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, дараа нь үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгуудад дулааны станц барих асуудал ямар шатанд яваа, ахмад настнуудад үзүүлдэг цахилгааны хөнгөлөлтөд аймгийн төвүүд дэх ахмадуудыг хамруулах боломж бий юу хэмээн тодруулсан.

Нэр дэвшигч Ц.Даваасүрэн, 10 аймагт дулааны станц барих төслийг БНСУ-ын “Эксим” банкны зээлээр хэрэгжүүлэхээр холбогдох талууд санамж бичигт гарын үсэг зураад байгаа гэсэн мэдээлэл авсан. Энэ ажлыг эрчимжүүлэх талаар, мөн аймаг, орон нутагт амьдарч байгаа ахмадуудыг эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах асуудлыг судлах болно хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Ц.Даваасүрэнг Засгийн газрынЭрчим хүчний сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ.

Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Даваажанцангийн САРАНГЭРЭЛ

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Нэр дэвшигч Д.Сарангэрэл 1979 онд нийслэлийн 10 жилийн 57 дугаар дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Гэрэл зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.

Тэрбээр 1982 онд МРТУХорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар ажлын гараагаа эхэлж, 1990-1994 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, 1995-2003 онд Монголын Үндэсний телевизийн “ММ” агентлагийн ерөнхий редактор, “ММ” агентлагийн захирал, Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 телевизийн ерөнхий захирал, улмаар 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хавдартай хүмүүсийн химийн тариаг төрөөс даадаг гэдэг ч тэр мөнгө нь хүрэлцдэггүйгээс ядарсан иргэд өөрсдөөсөө мөнгө гаргаж химийн тариа худалдан авах явдал гардаг гээд энэ асуудлыг шийдэхэд анхаараарай хэмээн захьсан.

Эмийн зохисгүй хэрэглээ, хавдрын оройтсон оношилгоо, эх, хүүхдийн эндэгдэл, бэлгийн замын халдварт өвчний тархалт, эмч, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг гишүүд хөндөж ярьсан бөгөөд санаа зовоож буй эдгээр асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн.

Ингээд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүү-Эрүүл мэндийн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжлээ.

Ийнхүү Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдыг саналыг УИХ хэлэлцэж дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг баталсан.

Эцэст нь Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын шинэ гишүүдэд баяр хүргэж, ажлын амжилт хүссэн.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 5 сэтгэгдэлтэй
  1. Idree
     (85.203.7.3.***)
    2017/10/20 12:39

    Zuw xvmvvs garsan. Munxag turiig sergej chadna gej ard irged itgel xvleelgej baina.

    (0) (0)
  2. Norjmaa
     (85.203.18..***)
    2017/10/20 12:37

    Xvrelsvx said ard tvmend amlasan Mongol ulsiig sergeenee gej. Bid xarin demjij xeregtei baixdaa.

    (0) (0)
  3. zochin)
     (185.89.248.***)
    2017/10/20 12:30

    Khurelsukhiin zasgiin gazar odoo ajila hiih l uldlee.

    (0) (0)
  4. Eegii
     (122.201.20.***)
    2017/10/20 12:29

    Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн Газар Монгол Улсын 30 дах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ.

    (0) (0)
  5. zochin)
     (103.253.14.***)
    2017/10/20 12:29

    Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сайдууд бүгд давгүй хүмүүс гарчихлаа. Одоо харах л үлдлээдээ

    (0) (0)