БСШУСЯ,Монголын утга зохоил судлалын төв хамтран Монголд анх удаа “Шижиртэн дуурсах үеийнхэн мину” нэртэй гэрэл зургийн цомог ном гаргалаа. Уг номонд орсон алтан үеийн зохиолч,яруу найрагч,орчуулагчдын ховор нандин гэрэл зургууд түүх өгүүлэн дурайна. Өнгөрсөн зууны эхний хагасаас авъяас билгээрээ ялгаран цойлж,урлагийн алтан тайз,утга зохиолын их дэвжээн дээр алдар нэрээ цуурайтуулан орон зайгаа баттай эзэлсэн ахмад буурлуудаа бид “Алтан үеийнхэн” хэмээн хүндэтгэн биширдэг билээ.
Тэр сайхан хүмүүсийн хөрөг зураг,тухайн үеийн үйл явдлын тухай гэрэл зургуудыг “Шижиртэн дуурсах үеийнхэн мину” номонд ийнхүү мөнхжүүлэн баринтаглажээ. Номонд орсон бүх гэрэл зургийг тухайн үед “Утга зохиол,урлаг” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан гэрэл зурагчин А.Дашням агсан цуглуулан хадгалсан байжээ. 1970-аад оноос хойших зурагнууд нь сэтгүүлчийн олон жилийн хөдөлмөр, уран бүтээл юм.
Монголын зохиолчдын эвлэлийн хороонд А.Дашням хэмээх эгэл даруухан зурагчин залуу аппарат үүрэн гүйж явсныг өнөө ч дурсан ярих хүмүүс олон. Түүний цуглуулга дахь хэдэн мянган гэрэл зураг Монголын утга зохиол судлалын төвийн өв санд ирсэн нь санаандгүй тохиолдол биш биз ээ. Үүнийг хэлэхийн учир нь эрхэм зурагчин маань хэдэн мянган зургийн цуглуулга,гэрэл зургуудын хэдэн арван хальс мэт үнэт зүйлээ тус төвийн тэргүүн Д.Гүн-Үйлсэд амьд ахуйдаа “Юм болгож чадах хүн нь чи юм” хэмээн гардуулан өгсөн аж.
Юмны учир, номын барилдлага энэ болов уу. Цомогт шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, билгүүн номч Б.Ринченгээс эхлээд бичгийн их хүмүүс Ц.Дамдинсүрэн,Д.Намдаг,Ч.Лодойдамба,Л.Ванган,С.Удвал нарын үгийн агуу мэргэд тэргүүтэй зохиолч найрагчдын бүхэл бүтэн үеийнхний зураг хөрөг уншигчдын сэтгэл зүрхэнд хэзээд танил дотно хэвээр багтжээ. Он жилийн гайхамшигт дурсгал болсон “Алтан үеийнхэн”-ий амьд түүх өгүүлсэн цомог монголчуудын сэтгэлийн хойморт гэрэлтэн хоногших болтугай. Гэрэл,сүүдрээр урлана гэдэг гайхамшиг буюу.
Н.Дөл
ёстой гоё ийм өв хөрөнгийг хадгалж бсан дашням агсанд баярлалаа