“Ганц”-ын шувуу /тууж/

2017 оны 10-р сарын 19 өдөр, 09 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zahia

III хэсэг

Хариуд нь хараагүй, сонсоогүй, эс тоосон төрх байдлаас өөр юм олж долоохгүй болохоороо тэгсгээд намжив. Отгоог өрөөгөө сольсноос хойш Нямаагийн сураг бүр тасарчээ. Олон хоногийн дараа сураг сонсвол Эбо аль хэдийнэ “нутаг заан” А корпус руу Нямааг шилжүүлсэн байлаа.

-Шоронгийн хулгайчтай ханилж сууна гэдэг худлаа. Ингэж  өөрийгөө зовоогоод хэрэггүй. Хулгайч бол хулгайч л байдаг байхгүй юу…

-Эбо гайгүй бие хаатай болохоос өөр юу нь сайхан байгаа юм бэ… Царай муутай, хөгшин… гээд түүний тухай бусдын хэлэх нааштай гэхээсээ илүүтэй таагүй үнэлгээ нь Отгоогийн түүн рүү тэмүүлэх сэтгэлийг улам гүнзгийрүүлнэ.

Отгоогийн бодол, үнэлэмж огт өөр. “Эд нар манай Эбог мэдэхгүй байж, олон юм ярих санаатай. Адилхан алдаж, эндсэн… Харин ч зовлон ойлгоно. Тэгээд ч шоронд орсон болгон муу  биш… Харж байгаа биз дээ, ямар мундаг авьяастай , ур чадвартай, мэдлэг боловсролтой хүмүүс энд байна. Хорьж, цагдахынхаа оронд хүч чадал, авьяас мэдлэгийг нь ашиглавал их юм хийнэ дээ…”. Эбог өмөөрөх сэтгэл нь ийнхүү хальж олныг хамаад явчихна…

 Хоног, хугацаа өнгөрөх тусам “Хэрэг яаж шийдэгдэх бол… Хүний үгээр биш нотлох баримтыг олж чадвал үнэн нь олдох учиртай юм сан… ” гэх түгшүүр, айдсын хар үүл Отгоогийн толгой дээрээс дарж байв.  Түүний хажуугаар дутагдаж, гачигдсандаа ч биш, ар гэрээс нь хүн ирэлгүй удсанд Отгоо гайхаж, санаа сэтгэл нь улам үймрээд байлаа.

 Өглөөнөөс хойш мэргэлүүлж суусан Отгоог эргэлтэд дуудав. Эгч нь иржээ. Гоморхон, нулимс цийлэгнүүлэх дүүгээ хараад эгч нь сандарч, ундаа онгойлгоод урд нь тавив.

-Найз чинь гээд нэг залуу байнга ярьж байгаа. Чиний хэлүүлсэн юмыг дамжуулсан. Тэгээд “Ойрд ирсний хэрэггүй. Отгоо эмнэлэгт хэвтсэн, эмчлүүлж байгаа…” гэхээр нь та хоёрыг хамт байгаа юм байна гэж ойлгосон.

      Ирэлгүй удсаны учрыг сая ойлгон, эгчдээ тунирхсандаа гэмшин:

-Харин тийм ээ. Манай Хараагийн залуу… гээд Эбогийн ах, эгч нарын нэрийг хэлтэл эгч нь удам судраар нь андахгүй, сайн таньж, мэдэж байв. -Нутгийнхаа их сайн хүнтэй тааралдсан болохоор энд санаа зовох, дутагдах юм алга…

-Ашгүй дээ. Түших тулах хүн тааралдсан нь яамай. Тэднийхэн их сайн хүмүүс байдаг юм…

   Уулзалгүй удсан эгч, дүү хоёрын хэн хэний нь санаа амарчээ.

    Эбо, Отгоо хоёрын дунд хайрын “шувуу” тасралтгүй ниссээр…

     Цээж нүцгэн  биеийг нь хараад “Ямар сайхан биетэй ах вэ?” хэмээн бодож байсан бүсгүйг тэр сайхан цээжиндээ наан, эр хүний жаргал эдэлсэн Эбогийн толгойд элдвийн бодол эргэлдэнэ.

     … Эхнэр, хоёр хүүхдэдээ амьдын хагацал үзүүлэн хоригдол болсон энэ эрд бас гутарч явсан үе бий. Өсч, өндийж яваа хоёр хүүхэд нь хааяа ирэхээс биш насны хань гэж итгэж ханилсан тэр бүсгүй огт ирээгүй… Гэтэл эхнэр нь өөр хүнтэй дэр нэгтгэсэн тухай сонсоод түүнд шүүхээс оноосон ялаас илүү цохилт өгснийг хэн мэдэх билээ… Эбо энэ тухайгаа Отгоогоос нуугаагүй. Энэ байдал нь Эбог хайрлах Отгоогийн сэтгэлийг улам томоос том нээгээд өгсөн гэлтэй…

  … Харуул, хяналт, камер, дуран… Хаашаа ч гарсан нүд, чих, өргөст тор… “Ганц худаг”-ийн чийг даасан, хавчиг, давчуу, харанхуй өрөө… Хаана ч гэсэн хашгирч зандарсан хянагчийн дуу. Хяхтнан дуугарах нь хүртэл зүрх зүсэм, төмөр хаалга, цоожны чимээ… Энэ бүгд цагдан хорьсон тогтоолоос нь хэдэн хувь илүү хатуу, бас зэвүүн санагдана.

 

    Халуун дулаан үг… Хүн байхын утга учир… Энэ бүхэн юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэтэйг хэн ч үл таашаах энэ газар илүү ойлгуулж, мэдрүүлэх нь адармаатай ч юм шиг.

     Гоморхол, бухимдал зонхилсон харанхуй энэ орчинд Отгоо жил хагасыг өнгөрүүлжээ. Бусдыг бодвол хайрлах хүнтэй… Ходоод хонхолзохын зовлонгүй ч “Хувь тавилангийн ямархан хатуу эргүүлгэнд орж, ингэж явна даа…” гэхээс багалзуурдуулсан мэт бачуурах нь олонтаа… Хажуугаас нь тулж, түших гэж хамаг бүхнээ зориулж яваа Эбогоо бодохоор бүсгүй тайтгараад ирнэ. Энэ бол зүрхэнд туссан хайрын гэрэл байлаа…

  Дэндүү давчуу бас хяслантай энэ л орчинд Отгоо хэвлийдээ үр тээжээ. Отгоогийн хувьд дахиад айдас… Гэхдээ үхлийн тухай бодолд хөтөлсөн айдас шиг биш. Баяр, хайр тээсэн айдас… Түүнийг дагаад эмзэглэл… “Гэрийнхэндээ юу гэж хэлнэ ээ… Шүүхээс ял сонсвол бас нэг зовлон, хагацал нэмэх бус уу…” гэх бодол манан татуулж, бүх биеийг дайвалзуулах шиг болно. Гэвч  Эбогоос ирэх халуун, дулаан хайрын үг тээсэн “шувуу”  түүнд хань болж, итгэлийг нэмнэ…

     … Алдаж, эндсэндээ гэмшин дуугаа хураан бодлогошрох нэгэн байхад “Хэд хэд нахисан” гээд хээвнэг хэвтэх нь бий.

       “Ганц”-ын өрөө бүхэнд хов, хэрүүл, хардалт, үерхэл нөхөрлөл, хайр дурлал… бүгд зэрэгцэн оршино. Отгоод ирэх Эбогийн хайрын “шувуу”, илгээмж хоёр хүүхнүүдийн хор шарыг хөдөлгөнө өө. Атаа жөтөөний үг тасрахгүй. Бас аятайхан хандаж, чин сэтгэлийн зөвлөгөө өгөх нь ч байх. Ийнхүү инээхдээ инээж, уйлахдаа уйлсан өдөр хоногууд шилээ даран хөвөрсөөр…

       Эбо эв нь таарвал Отгоогоо дуудуулаад өдөрт 2-3 удаа уулзчихна. Мөн “Мишка” чихэр захиж авчруулах хүн олно гээд мань хүний ажил их. Хүрэх замдаа зовлон туулж, хэлбэр дүрс нь алдагдаж хайлсан хоёр ширхэг “Мишка”-авснаасаа хойш “Ийм чихрэнд дуртай юм байна” гэж ойлгосон хэрэг. Уг нь Отгоо “Мишка”-нд тийм дуртай биш ч Эбогийн буянаар энэ чихрэнд дуртай болсон гэх.

    Хориотой бүсэд ч гэлээ хайрын романс ийнхүү гуниг, баярыг хослуулан үргэлжилж, тэд амьдралын хуудсаа гашуун үнэнээр “чимж” байлаа.

     Хааяа дотор нь муухайрч, толгой нь эргэх Отгоо “Эмчид үзүүлье” гэхээсээ өмнө Эбодоо хэлж, жирэмсэн эсэхээ шалгах хоёр ширхэг тест захив. Төдий л удалгүй Эбо бүтэн хоёр хайрцаг тест аваад ирэх нь тэр.

    Цочрол, сэтгэл санааны хямралаас болж хүүхнүүдийн биед энэ байтугай өөрчлөлт ордог болохоор Отгоо жирэмсэн гэдэгтээ итгэж чадахгүй байв. Гэтэл яалт ч үгүй хоёр улаан зураас  тодорсон тестийг харсан бүсгүй баярласандаа ч тэр үү, айсандаа ч тэр үү хэлгүй юм шиг дуугаа хураан хэд хоножээ.

    Удаан бодсоны эцэст бүсгүй жирэмсэн болсноо Эбод хэлэв…

 Эбогийн халамж, анхаарал, илгээмж нэмэгдэхийн зэрэгцээ хүүхнүүдийн шивэр авир яриа, албаныхны тандалт, хяналт дахиад л бүсгүйн зүг хуйларчээ… Үнэндээ Отгоогийн алхам бүрт ямар хэцүү байсныг хэлэх нь илүүц. Халуун хайрандаа шатаж явсан болохоор энэ зэргийн хавчилт, хардалтын хар шуургыг шүд зуун сөрж байлаа.

 -Өмгөөлөгчийн хөлс, мөнгөнд санаа зовсны хэрэггүй. Би зохицуулна. Бүх юмаа сайн ярь. Давж заалдаад гарахыг бодно оо, хоёулаа … гээд  Эбо огт танихгүй нэг хүнтэй уулзуулжээ. Танил өмгөөлөгчтэй нь гэрээ байгуулж, хэд хэд уулзсаны дараа Отгоод:

-Өмгөөлөгчдөө өгөөрэй” гээд Эбо 500 мянган төгрөг өгөв. Отгоо айж, гайхах зэрэгцсэн ч арга буюу авчээ. Өөрийнх нь төлөө санаа тавьж, чин сэтгэлээр тусалж байгаад нь баярлавч Отгоогийн санаа урьдынхаасаа илүү зовж байлаа. “Ганц худаг”-ийн аж ахуй дээр ажилладаг хоригдлуудыг хариуцдаг ч гэлээ “Ийм их мөнгө яаж олдог байна… Ар гэрийнхнээ зовоож, өөрийн хажуугаар өрөөлийг тэтгэж яваа юм биш байгаа…”.  Отгоог ийм асуултандаа ээрэгдэн, шанална.

 -Санаа зоволтгүй ээ. Хэрэг төвгөө эвтэйхэн шийдүүлэхийг бод. Элдвийн юм бодож, биеэ зовоож болохгүй шүү… Эбо түүнийг ингэж тайвшруулна.

    Эрхээ хязгаарлуулсан хоригдол ч гэлээ Эбо  хүнтэй нийцтэй бас нэлээд хөдөлгөөнтэй нэгэн гэдгийг “Ганц”-ынхан ам уралдуулан ярьдаг…

  Цагаан цамц, зангианаасаа салж, цоожтой хаалганы цаана орсон хадгаламж зээлийн хоршооныхон болон томоохон албан тушаалтнууд Эбогоос тусламж хүсдэг байжээ. Тусламж гэхээр ямар гэдэг нь ойлгомжтой. Утсаар холбоо барих, өдөрт махан хоол унд ойртуулах… гээд хүн сонсоход өчүүхэн юм шиг хэрнээ хоригдсон хүмүүст бол том туслалцаа л даа. Ингэж тус болсных нь хариуд Эбогийн гуйлтад “Үгүй” гэж хэлэх нь ховор. Иймэрхүү маягаар Эбо нэг хүнээс мөнгөний туслалцаа авсан тухайгаа хожим хэлжээ. Хайртай бүсгүйдээ туслах гэсэн түүний сэтгэлийг дэмжих сайхан сэтгэлтэн олон байгаа…  хэмээн Эбо бүр бардам ярьжээ. Ингээд өөрийнх нь төлөө хагас сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлжээ гэдгийг олон дахин шалгаасны эцэст Отгоо мэдэж авав.

    Хавтаст хэрэг мөрдөн байцаалтаас прокурор руу шилжээд нэг их удалгүй “Шүүх рүү очсон” гэх мэдээг өмгөөлөгчөөсөө авсан Отгоо тогтож, сууж чадахаа болин хямарч эхлэв…

       Долоон хоногийн дараа түүнд яллах дүгнэлт гэх айдас тээсэн бичиг ирүүлжээ.

   Айдас, түгшүүр нэмэгдэвч Отгоо “Арай ч энэ чигээр нь шийдчихгүй байх. Би түүнийг “Санаатайгаар хорооё” гэж бодоогүй шүү дээ”  хэмээн өөрийгөө тайтгаруулах гэж оролдоно.

   Нэг  мэдэхэд шүүх хурлын тов зарласан өдөр тулаад ирчихэж.

     Шөнөжин эргэж хөрвөөсөөр арайхийн өглөөтэй золгосон Отгоо:

-Чамд шоронгийн суудал байхгүй. Хохирогчийн талынхан чинь хэл үг хийхгүй бол чи шууд гарна…

-Санаа зоволтгүй ээ.  Хүнлэг, ардчилсан Монгол Улсын шүүх энэ зэргийн асуудлын үнэн зөвийг олохтойгоо болсон байлгүй дээ. Тэгээд ч эмэгтэй, эх хүнийг харж үзэж, бодох боломж нь хуульд зөндөө байгаа юм чинь… гэх хөзрийн мэргэ, нөхдийн зөвлөгөөнд итгээд санаа нь амарч, дотор нь онгойх шиг болов.

    Өрөөнийхөн нь бүгд л эрвийх, дэрвийхээрээ Отгоог бөөцийлж, арц хүж уугиулан, дор бүртээ л мэддэг, чаддагаа хэлж, өгч, захиж байлаа.

   Хэрэлддэг, хараадаг, зүхдэг, хачин муухай ааш, авир гаргадаг ч гэлээ яг тулсан мөчид нэг камерт байгаа нь байтугай өөр камерт байгаа хүүхнүүд хүртэл   санаа тавиад байгааг мэдрэхэд өөрийн эрхгүй огшино. “Нэг нь ч гэсэн элэг бүтэн байгаасай” гэх эх, эмэгтэй хүний чин сэтгэлийн тэмүүлэл ийн бие биеэ тулж, түших нэг цэг дээр нэгдэх нь гайхамшигтай…

    Төмөр хаалга чихруулан онгойлголоо…

   -Цаашаа гараарай… Эрх чөлөө хүсье. ..

   -Битгий эргэж хар… Шууд гараарай…

    Хүүхнүүд ам амандаа ийн ерөөл тавин үдлээ.

    Отгоо тэндхийн дом ёсоор шүдний сойз, сам хоёроо хугалж хаяад “Шалган нэвтрүүлэх байр”-ны хаалгаар гарч, саарал “Пургон”-д суув.

     “…Амь биеэ хамгаалсныг минь харж үзэх болов уу…” гэх битүүхэн горьдлого нь талаар болж, бүсгүйд шүүх 11 жилийн хорих ял оноожээ…

    Санасныг бодвол Отгоо тэгтлээ их цочирдсонгүй. Учрыг ч сайн ойлгохгүй шахам байлаа… Харин Эбогийн хоолойгоор хоол давахаа болиод байв.

   Хэвлийдээ үрийг нь тээж яваа хайртай бүсгүйгээ бодохоос хамаг бие нь шархирна. Гэвч яалтай билээ. Өөрөө бас хүний эрхэнд, өөрт оногдсон ялын хугацааг тоолж яваа хүн чинь… Эбо хүн амьтантай ярьж байж, Отгоог дахиад эмнэлэгт хэвтүүлжээ. Ойр зуурын эмчилгээ хийлгэх Отгоо хоног хоногоор томрох гэдсээ нуух гэж ядна…   Хүүхнүүд адтайг хэлэх үү…

 -Нөгөө Отгоо чинь “Зөвлөл”-ийн Эбогоос хүүхэдтэй болсон гэнэ ээ… гэх яриа хуурай өвсөнд гал тавьсантай адил дэгдэх нь тэр.

          Сиймхий тааруулж байгаад эмнэлэгт Отгоотой уулзангуутаа Эбо:

-Миний хүү…  хэмээн хэвлий дэх ургийн хүйсийг сайн дураар тодорхойлон   гэдсийг илж өхөөрдөнө.

   Хоромхон зуур ч гэлээ бүхнээс нуугдаж, айж уулзсан мөч бүхэн тэр хоёрт үнэтэй, сайхан. Отгоогийн эмчилгээ хуваарь ёсоор үргэлжилсээр…

  Гэтэл Эбо хоёр хоног огт харагдсангүй. Түүний гал хамууд нь ойр ойрхон ирж, хоол унд залгуулаад байлаа. Тэгсэн чинь мань хүн гар утаснаас болж сахилгад орсон байв. Энэ мэдээнд Отгоо эхлээд эмзэглэхээсээ илүүтэй гомджээ. Гэвч   “Надаас болсон байх” гэх харуусал нь түүний гомдлыг төдөлгүй хайраар солих нь тэр. Сар шахам хэвтсэн Отгоо эмнэлгээс гарав.

    Хоёр долоо хоногийн дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал болно. Отгоо “Хэргийн үнэн мөнийг олбол ялгүй салах болов уу… Салдаггүй юм аа гэхэд энэ аймаар олон жилийн ялаас хасах байгаа…” хэмээн горьдоно. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм хойно “Давж заалдах”  хурал нь болжээ. Гэвч ялыг хэвээр үлдээжээ.

          Шүүх хурлаар ороод, хорих анги руу ачигдах гэж байгаа хүүхнүүдийг “Хүлээлэг” гэх өрөөнд тусгаарлана. Тэдний сэтгэл санаа урьд урьдынхаасаа илүү тавгүйтэж, хямардгийг хүн болгон гадарладаг… Оройхон хэрд Отгоог “Хүлээлэг” рүү шилжүүлэн орууллаа. Түүнд толгойгоо өндийлгөх хүртэл тээртэй санагдана…

-Зүгээр ээ, Отгоо минь… Яс 11 жил сууна гэж байхгүй… Гарч л таарна…

– Одоо Дээд рүү даваад үз… Бас горьдлого тасраагүй байгаа шүү…

-Мөнгөгүй бас бид мэтийн танил талгүй нь ингэж яллуулдаг байхгүй юу.

-Энэ олон хүүхнүүд ийм хатуу, өндөр ялыг яаж барна даа… Зовлого нь яах вэ, зовлонг үүрээд гардаг юм байж… Ар гэр, үр хүүхдийн хувь заяаг огт бодохгүй юм даа…

-Харин тийм ээ. Нөгөө ардчилсан, хүнлэг, шударга, энэрэнгүй нь хаана байна… Жирэмсэн эмэгтэйд ийм аймаар ял оноочихоод…

-Шоронжсон, харгис, хэрцгий ийм улс, орон манайхаас өөр байхгүй дээ. Цөөхөн хүн амтай мөртлөө ажил, хөдөлмөрийн чадвартай, амьдрах гээд зүтгэж явснуудыг нь аваачаад шоронд хийчихнэ… Хорьж, шийтгэж болно оо. Гэм буруутай юм чинь. Хамгийн гол нь ийм олон жилээр хорилоо гээд ямар үр дүн гарах юм бэ…

-Төрөх газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтээ зарцуулах төсөв, мөнгөө харамлаад, танаад байдаг мөртлөө шорон барих, тохижуулах болохоороо хэдэн арван тэрбумыг цацах юм гээч…

-Ёстой хөл, толгойгоо ялгахаа болино гэдэг л энэ байх даа…

-Мөнгөтэй, жинхэнэ луйварчин, мөлжигч нараа шийтгэж, яллаж чадахгүй мөртлөө иргэдийн хоорондын маргаан, өгөө, авааны асуудлыг шүүрч аваад эрүү үүсгэчихдэг өнөөдрийн цагдаа, шүүхийнхэн өөрсдийгөө толинд хараасай. Тэгтэл ард нь тэр албан тушаалтнуудын идсэн, уусан, завшсан мөнгө, хөрөнгийн хэмжээ тоо ямар байдаг билээ… Ил тодорхой байхад тэднийгээ улаан цайм хамгаалаад өнгөрч байгаа шүү…

– Юу ч мэдэхгүй, хоосон толгойтой, хууль сугавчилсан рекетлэгч нар шүү дээ… Тэдний тухай ярьж,  нервтэхээ больж үз…

–Яах вэ, одоохондоо ингэж цоорхой хуулиараа далайлгаж   бас завхруулж, гажуудуулаад эрх, эрх чөлөөгөөр минь наадаж л байг. Хэдэн жилийн дараа гаргасан шийдвэрээсээ ичих болно. Үнэн цагаанд гүйцэгдэж, үйлийн үр гэж юу байдгийг мэдрэхээрээ харамсах биз дээ, хөөрхийс….

          Отгоог тайвшруулах гэж эхэлсэн хүүхнүүдийн яриа нэлээд хурцдаад ийн үргэлжилжээ. Энэ бүгдийг чимээгүйхэн сонсч суусан Чимгээ гэх эмэгтэй нулимсаа шударснаа тайтгарахыг хичээв бололтой тамхиа асааж хэд соров. -Ялын бодлого ийм хатуу манайх шиг буурай орон байхгүй. Одоо хар даа. Энд байгаа найман эмэгтэйн тавд 10-аас дээш, гуравт нь таваас дээш жилийн хорих ял оноосон. Ийм олон жилийн хорих ял эдэлсэн бид нарын үр хүүхэд энэ хугацаанд ямархуу байх билээ…

   Түүний хоолой нь зангираад цааш үргэлжлүүлсэнгүй. Бүгд дуугүй болцгоож, дотроо мэгшин, нусаа шорхийтэл татахаас өөр чимээгүй хэсэг сууцгаалаа.

     “Арав гаруй жилийг яаж дуусгах юм бэ…” гэхээс дотор нь харанхуйлах бодлоосоо салж чадахгүй хэвтэж байтал гадаа пир пар гэх олон хүний хөлийн чимээ гарав. Тэгтэл нэг нь хаалганд очсоноо:

-Аж ахуйнхан дэглэм хийж байна… гэлээ.

     Отгоо ухасхийн босч хаалганы дэргэд очив. Хаалганы гол дахь жижиг нүхээр Эбо алхаж яваа нь харагджээ. Тэр  ч хайртай бүсгүйгээ дор нь олоод харав бололтой…

-Хурлын хариу яаж гарсан бэ… гэж байгаа бололтой Эбо дохиод байлаа. Тэгэхээр нь Отгоо “Ял хэвээрээ гэдгийг мэдээд ямар их зовох бол?” гэж бас нөгөө талаас ичих шиг болж, түүний асуултыг маш сайн ойлгосон хэрнээ хариулахыг хүссэнгүй. Тэрбээр харин хуруугаараа 2, 4, 7 гэсэн гурван тоо дүрслэн үзүүлжээ. Эбо  өөдөөс нь дотор цэлмэтэл инээмсэглэж харагдав.

       … Отгоо цурам хийсэнгүй өглөө болголоо. Эбог дуудуулна гэж мэдэж байсан хэрнээ Отгоо урьдын адил догдлон баярласангүй. Учир нь, түүнд таагүй мэдээ дуулгана гэхээс халгаад байв.

    Нүүр дүүрэн инээмсэглэн байдаг бүсгүйн харц гунигтай байгааг анзаарсан Эбо уулзангуутаа:

-Бие нь зүгээр үү… Долоон жил хассан гээ биз дээ… хэмээн яаран асуужээ.

-Юун долоон жил хасагдах вэ…

-Өчигдөр орой 2, 4, 7… гээд байсан биз дээ…Тэгэхээр чинь би долоон жил хасагдаад дөрвөн жилийн ял оноожээ… Тэгээд хоёулаа сайхан амьдарна гэж ойлгосон.

     Инээвхийлэн зогсох Эбог хараад Отгоо нулимсаа тогтоон барьж дийлсэнгүй…

      “Би чамд хайртай” гэдэг нандин үгийг тоогоор илэрхийлснийг ойлгоогүйдээ ичсэн ч “11 жилийн ялтай бүсгүйг бие давхар болгосон” гэх бодол нь Эбог цохиод авах шиг болж, дайвалзаад иржээ. Тэгснээ энэ байдлаа мэдэгдэхгүйг хичээн хоолойгоо засаад:

-Зүгээр ээ, миний хайрт. Эрүүл саруул байхад бүх юм болно. Сэтгэл санаагаар унаж, хямарч болохгүй шүү. Чи, бид хоёр маамуутай болно…  гээд духан дээр нь зөөлөн үнсэв.

  Эбогийн хайрын энэ  үг шүүхийн шийдвэрийг дор нь арчаад хаях шиг болжээ. -Хоёулаа сайхан амьдарна аа…

   Хэн хэнийх нь хэлэх дуртай үг. Дэндүү холын юм шиг атлаа энэ үед хамгийн ойрхон бас дулаахан ийм үг, мөрөөдөл хоёртоо хөглөгдөж яваа гэдгийг хөндлөнгөөс хэн мэдэх билээ.

          Нийслэлийн шүүхээс хариу нь ирсэн хүүхнүүд урьд урьдынхаас илүү хямарцгааж, шанална. Учир нь, тэдэнд хорих анги руу явахаас өөр зам, гарц байхгүй.

    “Хэрэг задрах болов уу?”, “Ялгүй салах болов уу?”, “Ядаж хэдэн жил хасаасай”. Энэ бүх горьдлого тасарсан гэсэн үг.

    Өглөө нүд нээхээс шөнө унтах хүртэл “Болиоч… Тэгэхгүй шүү… Ингэхгүй шүү… Хохь чинь шүү, новш оо…” гэх мөрдөс зүүгсдийн хараал, заналхийлэл давамгайлсан, хавчсан, хааж боосон энэ харанхуй орчинд дурлах хүн байхгүй ч яг хорих анги руу явна гэхээр хүн бүхэн халгаж зүрхшээнэ. Ер нь бол хүүхнүүд “Хорихын хашаанд очилгүйгээр гарчих юм сан” гэж мөрөөддөг. Мөнгө төлөхгүй ч дэндүү үнэтэй энэ мөрөөдөл биелэхээсээ биелэхгүй нь олон.

   Эцэст нь “Цөөн хэд хоног ч гэсэн “Ганц”-ын нааран дээрээ байх сан” гэж бодно. Отгоод яг ийм үе тулж ирээд байв. Өдрөөс өдөрт томрох гэдсээ хараад өөрийн эрхгүй зүрх нь шимшрэн, хэвлий дэх үрээ өрөвдөнө.

-Маргааш ачлагатай… гэхээс сэтгэл нь тогтож өгөхгүй маш хэцүү байлаа. Яг ийм үед нь Эбо дахиад сахилгад орсон гэхээс уур нь ч хүрэх шиг.

    “Ганц”-ынхан бүсгүйг жирэмсэн болсныг мэдсэнээсээ хойш Эбог тагнаж, мөшгих нь ихэсч, бүр болж өгвөл хөл хорионд оруулчих гээд байх болжээ.

 Тийм болохоор “Ганц”-ынхны “Уулзуулахгүй” гэсэн сүүлчийн нь сум гэдгийг гадарласан Отгоогийн уур, бухимдал аяндаа замхрав…

    Хорих анги руу явах хүнд юу хэрэгтэй байдгийг мэдэхгүй шахам хямарч суусан Отгоод Эбогийн гал хамууд хоёр цүнх дүүрэн юм өгүүлжээ. Ор, хөнжлийн даавуунаас эхлээд хэдэн ээлжийн дотуур хувцас, пүүз, гутал, бэлтгэлийн хослол… Хувийн бэлтгэлдээ санаа зовох юмгүй болов. Харин “Эботойгоо уулзаж чадахгүй явбал яана” гэхээс Отгоогийн амьсгал нь давчдаад байлаа.

          Хүсэл, хяслын гурвалжин солбицож байдаг орчлон хойно яалтай билээ. Өглөө ээлж солигдсоны дараахан “Ачлага” хэмээн Хорих анги руу явуулах хүмүүсийн нэрийг дуудав.

    Цүнхтэй хувцсаа чирэн Отгоо нүдэндээ нулимстай, цээж дүүрэн гомдол тээсээр “Шалган нэвтрүүлэх байр”-ны гадаа зогсох саарал “Пургон”-д суулаа. Отгоог “Луусан” руу ачигдлаа гэдгийг мэдсэн Эбо сахилгын байранд шаналж байхад уулзаж чадаагүйдээ харамссан бүсгүй машинаас буугаад эмэгтэйчүүдийн Хорих ангийн хашаа руу орж байв.

    Ачлагаар очсон хүүхнүүд гурван цаг гаруй зогсч байж, бүртгүүлж дуусчээ. Ногоон эрээн хувцастай хүн бүхний өмнө харц дальдирсаар ихэд ядарсан хэдэн юм арайхийн нэг өрөөнд орлоо. “Ганц”-аас ирэнгүүт нь нийтийн байр руу оруулахгүй, “Тусгай” гэх хаяг зүүсэн нэг өрөөнд 14 хонуулдаг журамтай аж.  Албан хаагч, хянагчийн цол, нэрийг ч бүрэн мэдэж амжаагүй байтал 14 хоног өнгөрчээ.

    Гаднаас нь харахад тун цэвэрхэн, хоёр давхар улаан тоосгон байшин. Үүдэндээ “Нэгдүгээр байр” гэсэн хаягтай. Ял эдэлж байгаа хүүхнүүд энэ байшинг ганцхан жилийн дотор барьсан гэхэд бахархмаар. Яагаад гэвэл хоёр давхар барилгыг дан эмэгтэйчүүд барьчихсан гээд бод.

    Бас гутмаар асуудал ч чихний хажуугаар өнгөрсөнгүй. Энэ барилгыг барилцаад шоронгоос гарч байсан нэг нь дахин бүтэлгүйтээд ороод ирэхдээ сэтгэл нь ихэд гонсойсон гэх.

-Өөрийгөө хорих гэж энэ байшинг барьсан юм шиг…  Ингэж ярих хүн цөөн биш байлаа.

          Хуваарилсан өрөөнд орсон өдрөөсөө эхлэн Отгоо элдвийн үг сонсч, ёстой байж, суухын аргагүй болов.

-Өө, Зөвлөл, зөвлөл…  гээд гүйгээд байсан хүүхэн чинь энэ юм уу… .

   Хм, шоронгийн янхан гэхээргүй сайхан бүсгүй байна шүү дээ…

-Нэгийг нь нударчихаад нөгөөг урхидаж байдаг яасан ичдэггүй юм бэ… Цагаандаа гарсан иймэрхүү юмаар шорон дутаж дээ…

-Одоо жирэмсэн гэсэн биз дээ…

    Хаанаас, хэн нь  хэлсэн юм бол гэмээр түүний тухай бүх мэдээлэл Отгоогоос түрүүлэн энд иржээ. Хүний нүүр рүү харах байтугай хажуугаар нь өнгөрөхөд түүнд тээртэй байлаа.

    “Үхэхэд газар хатуу, нисэхэд тэнгэр хол” гэгчээр Отгоод ямар хэцүү байгааг хэн, яаж мэдэх вэ дээ. Ёстой л хэлтэй, амтай болгоны амны зугааг гаргаж байв. Шоронд энэ муухай авир, сэтгэлзүйн дарамтаа “элдүүр” гэж нэрлэнэ. Ийнхүү элдүүрэнд орсон Отгоо өөртөө, эсвэл Эбод гомдоод байгаагаа ч эс ялган, цээж дүүрэн гомдол тээн өдөр, хоногийг арай ядан өнгөрүүлнэ.

     Хорвоо ямар хатуу, шорон ямар аймаар юм бэ гэдгийг мэдрүүлж байв.

Тэнд Отгоод дахиад л нулимснаас нь өөр хань, түшиг байхгүй мэт санагдана. Гэвч түүнд “Энэ бүхнийг сөрж, ялж гарна. Эботойгоо сайхан амьдарна” гэх итгэл байсан учраас харц дээгүүр, бүхнийг сөрж чадаж байлаа.

          Эмэгтэйчүүдийн Хорих анги чагнуураас өөр багажгүй ганц эмчтэй. Эмнэлэг гэх дан цагаан байшин байх боловч эмчилгээ хийх боломжгүй тухай хүн бүр ярих.  Иймээс эмчилгээ хийлгэх шаардлагатайг Зайсан дахь Нэгдсэн эмнэлэг рүү аваачиж хэвтүүлдэг гэдгийг Отгоо олны ярианаас мэдэж авав. Тэрбээр яаж ийгээд тэр эмнэлэг рүү явах юм сан гэж бодлоо. Жирэмсэн болохоор тэр үү түүнийг харин эмч, эмнэлгийнхэн нь цааш харалгүй угтжээ.      Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр явагсдын дунд Отгоо “Онош тодруулах” гэсэн нэр зүүн багтаж чадав.

   “Зайсанд очсон хойноо хэвтчихэж болох байх” гэж бодсон Отгоог эмчид үзүүлэнгүүт нь гадаа машинд “Сууж бай” гээд орхичихжээ. Эбог энд ирсэн гэдгийг дам сонссон ч хаана, юу хийж байгааг Отгоо мэдэхгүй. Гэтэл ашгүй нэг залуу том цагаан хувин бариад явж байгаа харагджээ. Түүнийг дуудаж Отгоо хайртай залуугаа асуусан чинь таньж байв. Танихаар барахгүй:

-Би одоохон дуудаад ирье… гээд гүйлээ.

   Удсан ч үгүй Эбо иржээ. Мэндийг нь ч асуулгүй шууд:

-Гэдсийг нь харъя… гээд цамцыг  сөхсөн Эбод Отгоо улам их гоморхох нь тэр. “Жирэмсэн гэдэгт минь итгэхгүй өдий хүрсэн юм байх даа” гэхээс Отгоод хэлэх үг олдсонгүй. Хүний төрөл олоод зургаан сар болсон үр нь эхийнхээ хэвлийг тэлэн томорсныг харсан эр сая ухаан орсон мэт:

-Бие нь гайгүй юу… Ямархуу байна даа… гэснээ хоолой нь зангираад явчихав.

-Сая дүүргийн эмчид үзүүлж, хяналтад нь орлоо. Нэлээд хэдэн шинжилгээ өгсөн. Намайг одоо буцааж авч явах гээд байна…

   Түүний ингэж хэлэхийг хагас дутуу сонссон Эбо юу ч хэлэлгүй гүйгээд явчихжээ. Тун удалгүй Хорих ангиас хариуцан авч яваа хянагчтай нь хамт цагаан халаадтай эмэгтэй ирснээ:

-Танай жирэмсэн энэ юм уу… Манай эмч үзье гэнэ ээ… гэв.

   Тэр хоёрыг даган дотогш орж, тэндхийн эмчид дахин үзүүлснээр Отгоо үлдэж, эмнэлэгт хэвтэхээр боллоо. Энэ үед дамжин буюу Хорихуудын нэгдсэн эмнэлгийн аж ахуй дээр мөн “Зөвлөл” хийж байсан Эбо Отгоог халамжилж “хулгай”-гаар хоол, унд зөөж гүйнэ.

    ….Эмнэлгийн өрөө бүхэнд хяналтаа нэмэгдүүлжээ. Алхах бүрт нь хянагч, камер… гээд хэцүү. Гэхдээ Эбо бүгдийг зохицуулна. Түүний хаана ч биеэ аваад явчихдаг, хэнтэй ч ойлголцож чаддаг зан чанар нь хэдэн давхар хаалт, хяналтыг нэвтрэх боломж олгодог гэлтэй. Гэхдээ түүнд нөхөр, найз олон байхын хэрээр “дайсан” бас мундахгүй ээ.

   Эбо аль өрөөнд, хэнтэй уулзав… Хаана, юу хийв… Бүгд аль хэдийнэ хяналтад өртчихсөн байх. Тэгээд л төлөөлөгч, ээлжийн дарга  дуудна. Шорон болохоор яалтай билээ. Шоглох гэж л оролдоно. Гэлээ ч сиймхий бүрийг ашиглан хайртай бүсгүйдээ халамж, анхаарал тавих Эбод атаархах хүн олон байсан нь нуух аргагүй үнэн юм.

    Хоёр сар шахам Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн Отгоог Хорих анги дээр ирэнгүүт арай хатуухан “элдүүр” угтжээ.

     Албаныхны зүгээс түүнийг байцааж эхэллээ. Хорих ангийн төлөөлөгч дуудаад:

-Хаана, яаж жирэмсэн болсон бэ… гэж шалгаана.

-Ямар ч байсан жирэмсэн болсон нь үнэн… гэхээс өөр хариулт олдохгүй.

  “Яг тэнд, ингэж, тэгж…” гээд өөрийн замыг зурсан юм шиг ярих “тэнэг” хүн мэдээж байхгүй биз.

          Гэтэл Отгоог албаныхан:

-Хаана, хэзээ, яаж… гээд байсхийгээд байцаагаад, дотогш орохоор зовлон нэгтэй байж хүүхнүүд нь тогоон чинээ гэдэстэй түүнийг тохуурхан элдэвлэсээр байжээ.

    Гомдож, цөхрөх үе байсан ч “Зовлонг туулж, дийлж гарна. Зүгээр ээ, миний үр. Ээж нь чадна… Аав нь хүлээж байгаа…” хэмээн хэвлийдээ хөдлөх үртэйгээ ярьж, дотроо онгойлгон өөрийгөө ирлэнэ…

    Хорих ангийн төлөөлөгч хүчин мөхөсдсөн үү, яасан бүү мэд. Нэг өдөр:

-Шалган дээр дуудлаа… гэхээр нь очтол Ерөнхий газраас ирсэн гэх хоёр залуу бас л байцаажээ.

-Боломж байсан учраас жирэмсэлсэн. Түүнийг надаар заавал хэлүүлэх ёстой гэж үү…

       Отгоогийн энэ үг омогтой нэгд нь таалагдсангүй бололтой. Тэд бүсгүйг сүрдүүлэх гэж үзжээ. Тэглээ гээд ч нэмэр болсонгүй. “Яаж” гэдгийг Отгоо л мэдэх хэвээр байлаа.

     Элдүүр, байцаалт хоёрт нухлуулж явтал өвлийн сар дуусч, хаврын урь оров. Дамжин дээрээс Эбог Хэнтий рүү явсан гэдгийг гэрийнхнээсээ мэджээ. Отгоо хааяа захиагаар дамжуулан хайртай залуутайгаа учирна… Хариу бичнэ…    Эбогийн дүү болон найзууд нь Отгоог ээлжлэн эргэж байлаа. Тэд Эбогийн захиас, сургамж, хайрын үг бүхнийг авчирна…

      …Сул шороо хийсч, зэвэргэн салхи үлээсэн өдөр. Энэ бол дөрөвдүгээр сарын 14.

   Хорих ангиас өвдөж очсон бүсгүй Гуравдугаар төрөхөд 3.2 килограмм жинтэй охин төрүүллээ.

   Хэвлийд байхад нь “Хүү, хүү” хэмээн өхөөрддөг байсан Эбо:

-Охинтой боллоо. Танай хоёр сайн… гэх мэдээ авангуутаа:

-Ану гэж нэр өгөөрэй… гээд нулимсаа шударч суусан тухай найз нь Хорих ангиасаа Отгоод дамжуулжээ.

     Хатуу ч гэсэн энэ орчинд охиноо төрүүлчихээд:

-Хүн амины хэрэгтэй учраас ял хойшлуулах боломжгүй… гэсэн хариу сонсоод уйлж суухдаа Отгоо ганцхан юманд харамсчээ.

Энэ бол ял эдэлж байгаадаа биш. Ялтан эрд хайртай болж, хүүхдийг нь тээж төрүүлсэндээ ч биш.

  “Улаан нялзрай хүүхдийг минь хүртэл хамт хорьдог” хүнлэг биш нийгэмд амьдарч байгаадаа гутрав. Гэвч яалтай билээ… Охиноо нэг ой өнгөртөл нь шоронд асарч, бүтэн жилийг туулав.

   Нэг нас хүрэнгүүт охиноо “суллан” ээждээ өгөөд явуулжээ.

   Хөхнийх нь сүү энгэр нэвтэлж байснаа больж, хоног хоногоор татран татарсаар ширгэжээ. Хонгор үрээ санах эхийн сэтгэл бэтгэрч, хоног, өдөр тоолон хуанлийн хуудаснаа тэмдэглэсээр.

   “Энэ хорвоо дээр хүн болж төрөөд ийм урт хугацааг энэ уулын энгэрт өнгөрүүлэх байж дээ” хэмээн хувь тавилантайгаа эвлэрэх гэж ядна. Түүнийг зөвхөн “Эбо минь тун удахгүй эрх чөлөөтэй болно. Охин минь эцэгтэйгээ уулзаад элэгний  нь тал ч гэсэн дэвтэх байх даа” гэсэн бодол нь тэтгэж, тэжээж байлаа.

    Зовлон сөрж, хат суулгасан энэ их хайрын эзэд “шувуу” шигээ дэвэн дэвсээр байх ажгуу.

Ж.Дүүрэнжаргал

Төгсөв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх