Монгол Улсын Засгийн газрын гишүүн сайд нарыг зөвшилцөх албан бичигт Ерөнхийлөгч Х.Баттулга хариу өглөө. Сангийн сайдад нэр нь явж байгаа Ч.Хүрэлбаатараас бусад горилогчдыг ерөнхийлөгч “болно” гэж үзжээ. Ингэснээр У.Хүрэлсүхийн засгийн “давхар дээл”-тэй сайд нар тамга тэмдгээ гардаж,сандал ширээгээ эзэгнэх тодорхой боллоо.
УИХ дээр сайдад дэвшигчид унана гэж байхгүй. Харин Ч.Хүрэлбаатарыг яагаад Ерөнхийлөгч татгалзав гэсэн асуулт хариу нэхсээр үлдэв. Тэдний хооронд асуудал байна уу энэ тэр гэсэн бор шувуу өрөө дамжин нисэлдэж эхэлсэн. Харин сошиалаар УИХ-ын гишүүн асан Г. Уянгын бичсэн нэгэн мэдээлэл олны анхаарлын төвд байна.
Долоон жилийн өмнө Ч.Хүрэлбаатар гишүүнийг Сангийн сайд болохынхоо өмнө утаагүй түлшний үйлдвэр байгуулна,Улаанбаатарыг утаанаас салгана хэмээн төсвөөс авсан 17 тэрбум төгрөгийг яасан бэ, үйлдвэр чинь хаана байна гэж асуужээ.
Эрхэм гишүүнийг Эрчим хүчний сайд байхад үйлдвэр барих тендерт шалгарсан Аморе Интернэйшнл компанийн захирал Ж.Баатарсүрэн Ч.Хүрэлбаатарын “халхавч”, ах Ч.Гантулгын ангийн хүүхэд байсан нь санамсаргүй тохиолдол биш болов уу гэж хардаж буй.
Зээл гэх 17 тэрбумаас хууль зөрчин З.Туул, Т.Ганболд нарын харилцах данс руу мөнгө шилжүүлсэн нь ямар учиртай. З.Туул нь Аморе Интернэшнлийн захирал Ж.Баатарсүрэнгийн эхнэр байгаа нь бас л санамсаргүй тохиолдол уу гэсэн олон асуултад хариу нэхжээ. Ч.Хүрэлбаатар гишүүн энэ мэтчилэн ашиг сонирхлын зөрчилтэй холбогдоод байдаг нь зүгээр нэг давхцал биш гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарсан байх.
Харин хувьдаа банктай Д.Сумъяабазар, айл болгонд хөшөө босгож өгье хэмээн амалдаг хөрөнгө ихтэй Б.Батзориг, гэнэт баяжин хөрөнгөжсөн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар гээд засагт дэвшсэн бүх хүнийг өө сэвгүй мэт ногоон гэрлээр Ерөнхийлөгч батлав. Ч.Хүрэлбаатарыг яагаад татгалзав гэсэн оньсгыг таах гэж хэрэгт дуртай монголчууд уралдаж эхлэв.
Н.Дөл
женко шаал худлаа