Өнгөрсөн ням гаригт Киргизид ерөнхийлөгчийн сонгууль болов. Киргизүүд тавдахь ерөнхийлөгчөөрөө Сооронбай Жээнбековыг сонгогдов. Тэрээр нийт сонгогчдын 54,73 хувь буюу 901,575 сонгогчийн санал авч, ялалт байгуулсан байна. Сонгуулийн дүн хүчин төгөлдөр болсон тухай тус улсын Сонгуулийн төв хорооны дарга, хатагтай Н.Шайлдабекова өчигдөр мэдээлэв.
Өмнө нь Киргизийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Жээнбеков дотоод, гадаадын сурвалжлагч нарт хандсан анхны мэдэгдэлдээ: “Киргизэд эхлүүлсэн шинэчлэлийн явцыг хурдавчлах нь миний зорилго юм. Сүүлчийн 6 жилд манай улс олон бүтээн байгуулалт хийсэн. Энэ амжилтыг бэхжүүлэх нь миний үүрэг. Улс орондоо урьдын адил энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд цаашид ч анхааран ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.