“Давхар дээл”-тэй сайд нарт харшилтай байсан МАН-ынхан өнгөрснийг үүрд мартсан

2017 оны 10-р сарын 16 өдөр, 14 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
deel

Шинэ Засгийн газрын танхимд  хэн, хэн багтах нь тодорхой болжээ. Удтал дуншсаны эцэст сайдуудын нэрс намын удирдах зөвлөлөө сая тодорлоо. УИХ-аар сайдууд “ногоон гэрэл”-ээр  батлагдана.  Харин шинэ Засгийн газрыг дэд сайдгүй байх юм шиг яриа сонор мялааж байсан боловч  ташаа мэдээлэл болов. Намын удирдлагуудын ярихыг чих дэлсвэл,  дэд сайд маш хэрэгтэй гэлцэнэ. Удахгүй дэдүүдийг тодруулах гэсэн сэдэвтэй “бялуу” хуваах нь. Хэн сайд болохоор тодорсныг толилуулъя.

  1. Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин
  2. Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан
  3. Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  4. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  5. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
  6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
  7. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  8. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  9. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  10. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  11. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
  13. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  14. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  15. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

Сайд нар ч ингээд тодорхой болдгийн байж. Монгол Улсад анх удаа УИХ-ын гишүүдээс бүрдсэн гүйцэтгэх засаглал бий болж байна. УИХ-ын зарим гишүүд Монголд гүйцэтгэх засаглал байхгүй,харин УИХ-ын нэг хэсэг нь Засгийн газрыг төлөөлөх боллоо хэмээн харамсав. Үүнийг худлаа гэхийн аргагүй үнэн билээ. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төлөвшсөн эрх зүйт төр,тогтвортой,хариуцлагатай засаглалыг орой дээрээ зална гэж тунхаглаж байсан нь саяхан. АН-ыг хайр найргүй шүүмжилж, “давхар дээл”-тэй сайд нарыг нь арай л барьж авч гөвшөөгүй дээ. УИХ-ын гишүүд олноороо “давхар дээл” нөмөрснөөр төр засгийн ажил цалгардаж байна хэмээн Төв талбай дээр нөмгөн дээлтэй,нүүрэндээ сөрөг хүчний сайд нарын  дүр бүхий багтай гарч ирээд л хэрхэн сүржигнэж байснаа МАН-ынхан эрх мэдэл авангуутаа мартсан нь даанч харамсалтай. Ердөө хоёрхон жилийн өмнө олны өмнө ийм жүжгийг санаачлан дэглэж, гол дүрд   тоглож  байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат давхар дээлтэй сайд болон засагт заларсан.  Олны ярьж буйгаар, МАН-ынхан  “ичих нүүрээ элгэндээ наав уу”. Харин одоо тэр жүжгийн зураг,бичлэг түүх болон үлджээ. Эрхбиш одоо тэрийгээ эргэж нэг хараасай даа. Тухайн үед АН-ыг байх суухын аргагүй болтол доош хийж шүүмжлэхийн дээдээр шүүмжилж байсан МАН-ынхан “Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулна,  бид бүхэн шантрахгүй” хэмээн оволзож, “сайд нарынхаа давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа өмгөөлөх юм бол  УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж дүрэлзэж байсан билээ. Хэлэх үг,хийх үйлдэл зөрөх шиг муухай юм байхгүй гэж МАН-ын жирийн гишүүд сануулж байгаа боловч түүнийг сонсох эрх мэдэлтэн алга. Хөөрхий тэд бялуу руугаа л довтлоод байхаас биш бусдын үгийг сонсох,ичиж зовох булчирхайгүй болжээ. Нисэхийг нис,буух газраа мэдэж нис гэдэг ардын сайхан үг бий. Хэтэрхий өндөрт гараад их дээрээс унавал бяц үсрэх аюултайг сануулсан нь тэр.
Сонгуулийн хөтөлбөртөө МАН-ынхан  “Бид ингэж шийднэ” гэж чанга дуугаар онцлохдоо  “Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг тодорхой зааглана” гэж мэдэгдэж, ард түмэнтэйгээ дотноос дотно байхаа амалж байсан. Гэвч тэдний амлалт зүгээр л сүргээрээ сонгуульд ялах гэсэн уриа лоозон төдий “түргэн хэллэг” байжээ.“УИХ,Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж,”давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байна”хэмээн шүүмжилж байснаа мөн ч  амархан мартлаа даа. Монголд төрийн эрх барих,хууль тогтоох,гүйцэтгэх засаглал бүрэн утгаараа нэгдэж,хяналтын систем бүрэн устаж үгүй боллоо,түмний шившиг болох нь дээ гэж жирийн гишүүд нь халаглаж байна. Давхар дээлтэй сайд нар их л халууцах байх даа. Юу болохыг харъя.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (122.201.31.***)
    2017/10/16 16:14

    iim l jijegchid shu iim humuusiig l dahin dahin songood bga uchraas ard tumen bid yaduuraad songood ogooch haalga uud togshood amar zaya uzuulehgui luibarchid n bayjaad bg uym da

    (0) (0)