II ХЭСЭГ
Хойноос нь гүйх гэтэл хөлийг нь хүнд юмаар дарчихаж. Хөдөлж чадахгүйдээ бухимдан уйлж, хашгирлаа…”
Хар дарсан зүүднээсээ арайхийн салаад Тодгэрэл давхийн өндийтөл дэргэд нь сувилагч Буд зогсч байлаа. Тэрбээр нүдэндээ итгэсэнгүй. Айсандаа хөнжил рүүгээ шургах гэтэл гарыг нь атгаснаа “Хоёулаа гаръя” хэмээн дохижээ.
Айх, гайхахыг зэрэгцүүлсэн Тодгэрэл хөлөө арай ядан зөөж, сувилагч эмэгтэйг дагасаар хонгилын урд мухарт байх модон сандал дээр очив.
Яах гэж байгаа нь үл мэдэгдэн, хэсэг дуугүй суужээ. Тодгэрэлийн айдас улам нэмэгдэж “Би зүүдлээд байна уу…” хэмээн бодоод, биеэ чимхэж, барьж үзэв. Тэгтэл Буд:
– Нөгөө хар юм чинь ирээгүй биз дээ… гэж асуужээ. Тодгэрэл толгой сэгсрээд, түүнээс нүд салгахгүй ширтсээр байв.
Хөх нь байн байн ивлэж, чинэрэх бүсгүйг огт таалагдахгүй яриагаараа Буд бараг хагас цаг хэртэй уяжээ.
-Эрчүүдэд итгэх хэрэггүй. Ийм сайхан бүсгүйд хань хаана мундах вэ. Харин эцэггүй хүүхэд тэвэрч хоцорно гэдэг л хэцүү…
Түүний ярьснаас авах, гэгээтэй нэг ч үг байсангүй. Яриа нь тээртэй, дургүй байгааг мэдэнгүүтээ:
-Өөрийнхөө биеийг бод. Эмчилгээ үр дүнгээ өгөх эсэх нь чамаас шалтгаална. Нөхөр, хүүхдийг бол хэзээ ч, хэдийг ч олж болно шүү… гэж хэлээд босч явав.
*** *** *** *** ***
Енгэнэтэл уйлж байснаа тачигнатал инээнэ… Төдөлгүй хангинатал дуулна… Ухаан нь орж, гараад байлаа… Өглөөг иймэрхүү байдалтай угтсан бүсгүй бага үдийн алдад үл ойлгогдох, элдвийн юм ярьж хашгичаж эхэлжээ… Иймэрхүү байдалтай болсон Тодгэрэлийн биеийн байдлыг эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцэв. Сэтгэл санаа нь тогтворгүйтэн хямарснаас сэтгэцэд өөрчлөлт орсон гэж үзэн, түүнийг “Сэтгэц”-ийн тасаг руу шилжүүлэхээр болоод байхад нь Алдармаа ирэв…
Тэрбээр жижүүр эмч Намхай болон сувилагч Буд хоёртой уулзаад гарангуутаа ээжтэйгээ утсаар ярьж зөвлөлдөв. Энэ хооронд Тодгэрэлийн гурван найз хүрч иржээ. Тэд ямар ч байсан эмнэлгээс гаргаж авахаар шийдээд, дор бүртээ хариуцах ажлаа хуваарилан авлаа.
Тодгэрэлд нойрсуулах эмчилгээ хийсэн болохоор тайван унтаж байлаа. Дамнуурган дээр тавьж, хоёр залуу өргөөд “Hammer” жийпний ар талыг онгойлгон оруулахыг харж зогссон Будын зүрх бараг зогсчих шиг болжээ. Тэрбээр бие засах өрөөний цонхноос холдож, хэсэг зогссоноо тасаг руу очиж ээлж хүлээн авсан сувилагчтай уулзав.
-Энэ хүүхдийг ойрын хэд хоногтоо “Сэхээ”-нээс гаргаж болохгүй гэж Шоовдор эмч хэлсэн. Өчигдөр гэнэт бие нь муудсан учраас гаднаас эмч авчирч үзүүлэхэд ийм зөвлөгөө өгсөн шүү хэмээн нэлээд захирангуй дуугарснаа:
-Гэхдээ эмчилгээг эрчимжүүлэх шаардлагагүй. Энэ хэдэн витаминыг өглөө, оройд хийх юм … хэмээн хэлээд цааш эргэн алхжээ.
“Энэ одоо юун олон дахин хэлж, нэг их сайн хүний дүр эсгээд байгаа юм бол… Навчаагаас жаахан юм салгах гээд саймширч байгаа биз… Үргэлж гар харж явна… Хүний төлөө биш, мөнгөний төлөө яваа ийм хүнийг хамгаалаад хадгалаад өдий хүрэх юм. Ядахдаа “Сэхээ”-нээс өөр тасагт гаргаж болдоггүй юм байх даа. Авдаг хэдэн цаас, нэр хүнд нь илүү болохоор эндээс холдохгүй байгаа юм. Энэ тасаг дээр иймэрхүү хүн ч хэцүү дээ… Хариуцлага алдвал ард нь ямар хохирол учрахыг энэ дарга нар эрх биш мэдэж байгаа байлгүй дээ…” Будын араас харж зогссон сувилагч бүсгүй ийн бодов…
Алтан шар нар, зөөлөн сэвшээ салхинаас хүртэл ингэж дайжихын хэрэг юу байна хэмээн бодмоор, нүүрээ тагласан том хар шил зүүж, цувныхаа захыг босгожээ. Урд замаа харахгүй шахам тонгойн гүйсээр Буд замаас нэлээд зайдуу зогссон тас хар “Жийп”-ний дэргэд очтол, нэг эр буруу талын хойд хаалгыг онгойлгож өглөө. Хурга шүүрсэн чоно шиг хормын зуур тоос татуулан алга болсон машиныг цонхоор харж зогссон Навчаа:
-Энэ Буд их явдалтай хүүхэн шүү… Янз янзын машинтай хүн ирж авна. Хүргэж өгнө… Нөхөргүй… бас царайлагжуу болохоор “Наашаа…” гэх эр мунддаггүй биз. Энэ ч өөрөө буцахгүй шүү… гэж амандаа бувтнаад ширээн дээрээс жүүс авч саваар нь хөнтрөн залгилав.
-Эмчилгээ маш сайн тохирч байгаа учраас охины чинь бие наашилсан. Мантайгаад жин нэмэх янзтай болсон байгаа биз…. Тийм болохоор та санаа зоволтгүй… Будын ийн хэлснийг эргэцүүлж хэсэг сууснаа:
-Эд нарт итгэх арга алга даа… Тодгэрэлийн охин ямар хөөрхөн амьтан байлаа. Тэгтэл яаж байна. Эм, тариаг нь хольж, сольчихсон болов уу, яасан л бол доо… Муу эх нь солиороод гарлаа шүү дээ… гэх бодол Навчааг хатгаад, тайван суулгасангүй. Тэрбээр орныхоо хөл дээрээс торгон халаадаа авч нөмрөөд өрөөнөөсөө гарав. “Хүүхдийн” гэх тодотголтой “Сэхээ”-ний тасагт очиж Бужгар эмчтэй уулзжээ.
-Навчаа хэнтэй уулзахыг сайн харж байгаарай. Ямар нэг юм мэдэгдвэл эгчдээ хэлээрэй… гээд гар утсанд нь 10 мянган төгрөгийн нэгж хийж өгсөн Буд руу яаран утасдаж, харснаа цаг алдалгүй дамжууллаа…
-Миний охин төрөлхийн эмгэгтэй гарсан болохоор энд хэвтүүлээд яах вэ. Бид хоёр өнөөдөр гаръя.
-Эмчилгээг дуустал хийлгэсэн нь дээр. Өчигдөр орой гаднаас зөвлөх эмч авчирч үзүүлсэн гээ биз дээ.
– Тэр эмч охиныг минь эдгэрч, эмчилгээ авах найдваргүй гэдгийг хэлсэн учраас гарч ардын эмчилгээ өөр арга чарга хайя…
Бужгар эмч, Навчааг дагуулан “Сэхээ”-ний тасаг руу явав.
-Навчаагийн охины бие ямархуу байна… Эмч нь үзсэн үү… Бужгар эмчийг ингэж асуухад ээлжийн сувилагч хариу дуугарсангүй, доош харан зогсч байлаа.
Навчаа ухасхийн дотогш орлоо.
Өрөөний хойд талын орон дээр байгаа охиныг өргөж өвснаа:
-Арай ч дээ… Энэ чинь миний охин биш байна… гэж хэлээд хүүхдийг буцааж тавиад мэгшүүлэн уйлжээ. Учрыг эс ойлгох Бужгар эмч тайван унтах охин руу очиж харлаа. Бүр энгэртээ тэвэрч байгаад харав. Тэгснээ орон дээр тавиад өлгий, живхийг задалж үзлээ…
-Өрөөндөө орж бай… Би тасгийн эрхлэгч, сувилагч нартай уулзаад ирье… Бужгар эмч ингэж хэлээд дээш гарчээ…
“Яг ийм юм боллоо гэдгийг мэдсэн юм. Тодгэрэлийн охиныг үхсэн гэж хэлээд галзууруулсан… Одоо надад хүний хүүхэд тэврүүлж гаргаад… юу болохыг харах гэж байгаа юм байх даа. Би охиноо хөхүүлж байгаагүй. Угийн сүү ордоггүй, хэдэн хүүхдээ тэжээж өсгөсөн ч гэсэн өөрөөсөө унасан охиноо танилгүй яах вэ дээ. Тодгэрэлийн охин хэд хоногийн өмнө гарсан болохоор торнилт нь хүртэл өөр. Ээжтэйгээ адилхан… Яаж ийм муухай юм хийж чаддаг байна аа…” Навчаа нэлээд удаан бодлогошрон сууж байснаа гарч Бужгар эмчийн араас очив.
-Тасгийн эрхлэгчтэй нь уулзсаны дараа сувилагч, эмчлэгч нартай уулзах гээд хүлээж байна…
-Хоёулаа танай өрөөнд оръё. Ярьж зөвлөлдөх юм байна…
Араас нь ирээд ингэж хэлсэн Навчааг дагуулсаар Бужгар өрөөндөө очжээ.
-Одоо шууд энэ тухай ярьж, шуугиан дэгдээгээд яах вэ… Ийм айхтар юм болсон нь тодорхой байна. Эндээс хамгийн их хохирох хүн бол Тодгэрэл… Төрөхдөө л эмгэг өвчинтэй гарсан миний охин хорвоод хүн болохгүй нь гэдгийг гадарлаж байсан, би яах вэ… Ингэж хэлээд Навчаа уйлав. Гайхаж, болсон явдлыг мэдээд бүр шоконд орох шахаад байсан эмч бүсгүй:
-Тодгэрэлийн бие нь яаж байгаа бол … Охин нь эрүүл саруул гэдгийг хэлэх юм сан. Эмнэлгээс гаргаж авсан найз нь түрүүхэн утсаар яриад:
-Хүүхдийн нь цогцсыг авахад бичиг хэрэгтэй гэнэ. Хэнээс ямар бичиг авдаг юм бэ гэж асуусан гэлээ.
Навчаагийн гар салгалаад халааснаасаа гаргаж ирсэн утсандаа арайхийн дугаар цуглуулав.
-Эмнэлэг дээр хүрээд ир… Миний таамаг үнэн байна… Хүн болоогүй тэр хүүхэд охин минь байж…. гэж хэлээд утсаа тасаллаа. Түүнийг нөхөртэйгөө ярилаа гэдгийг мэдсэн Бужгар:
-Тодгэрэлийн найзад нь бушуухан хэл дуулгая. “Нялх амьтны цогцсыг удааж хэрэггүй гэсэн. Тэгээд бид нар бушуухан гаргах гээд явж байна” гэсэн шүү хэмээн хэлээд суудлаасаа өндөлзлөө.
-Та найзыг нь хүрээд ир гэж хэл… Уулзаж, учир байдлыг тодорхой хэлэхгүй бол цочирдоод, хэцүү байгаа ээж нь яах ч юм билээ…. хэмээн Навчаа урьдын омогтой, ширүүн дориун зангаа хааш нь хийв гэлтэй намуухан дуугарав.
… Навчаагийн нөхөр ирээд учир байдлыг мэдэж нулимс нь хатаагүй шахам байтал Алдармаа, гурван найзынхаа хамт иржээ…
Хорвоод ирээд хэдхэн хоносон ч гэлээ хүний ёсоор үдэх учиртай гээд тал талаасаа цуглаж оршуулгын ажилд бэлтгэсэн Тодгэрэлийн найзууд эхлээд итгэхгүй шахам байснаа яваандаа ойлгож, арайхийн тайвширцгаав…
Оройн 21 цаг өнгөрч байхад гэртээ ирээгүй охиндоо санаа зовсон ээж нь Тодгэрэлийг нүд салгахгүй харж суулаа…
“Ажил явдлыг дуусгаад ирэх хугацаа боллоо… Яагаад алга болдог байна аа… Ядахдаа утсаа унтраасан байх юм…” хэмээх түгшүүр өвөрлөж суусан ээж нь утсаа дуугарангуут автал охин Алдармаа нь ярив…
Охиныхоо ярианаас “Ямар ч байсан Тодгэрэлийн төрүүлсэн хүүхэд эсэн мэнд… Өөр хүний хүүхэд эндсэнтэй, андуурсан байна…” гэдгийг ойлгосон Нэргүй босч, гал тогооны өрөө рүүгээ орлоо.
Хоол, цагаалга… гээд бэлтгэсэн бүх идээ, будааг таглаад ширээн доогуураа түлхэв…
“Яаж сольсныг нь мэдэв ээ… Ашгүй гэж. Багын их сайхан төлөв охин байгаа юм, Тодгэрэл чинь… Тэгэхээр заяа буян нь түшээд үр хүүхэд нь эсэн мэнд байж дээ, хөөрхий. Охид, бүсгүйчүүд ханиа буруу сонгоод, өөрсдөө зовох юм даа…” Эерүү бодол түүний цээжийг онгойлгоод, тайвширч эхлэв. “Үр нь эсэн мэнд байгаа хойно эх нь одоо сайхан бололгүй дээ… Тэр амьтан одоо эхийн сүүгээ нэхээд ижийгээ босгоод ирнэ ээ… Тэгээд ч “Айлтгүй… Цочроо нь их хурдан гарлаа…” гэж Сорогдоо гуай хэлсэн. Алдармаагийн ээж Нэргүй Тодгэрэлийн духан дээр гараа тавьснаа, судсыг тоолж үзлээ.
*** *** *** *** ****
… Унтаж байгаа бүсгүйн царай улаа бутарч, бие нь тавирч, тайвширч байгаа нь илт.
“Ашгүй дээ. Ямар ч байсан, айхтар цочролыг нугалаад авлаа. Манай Сорогдоо гуай ч хий хөөрөлт, нялх биений янд амтай сайн хүн дээ. Энэ хүний ачаар би өдий зэрэгтэй яваа юм чинь… “Айхтар өвчнийг ул мөргүй эдгээсэн” гээд ээж минь Сорогдоо гуайг амьд бурхан адил дээдлэн хүндэлдэг байсан даа…”
Алдармааг гаднаас орж ирэхийг ч анзааралгүй бодолдоо ийнхүү умбан суулаа. Ээж нь гэнэт сүрхий харснаа, өвдгөө нужигнуулан босч ирэв.
-Яаж байна … Алдармаа ингэж асууснаа, цаад өрөө рүү шагайж найзыгаа харлаа.
-Одоо айлтгүй … хэмээн охиныхоо чихэнд ээж нь шивнээд:
-Юу болов, яасан гэнэ ээ… гэх асуултууд тулгав…
Алдармаа болсон явдлыг ээждээ ярьж өгөөд:
-Тэр Навчаа харахад ширүүн, муухай зантай юм шиг боловч их сайн хүн юм аа. Өөрийн бодол нь эвгүйтээд ирэнгүүт эмчтэй нь уулзаад, энэ бүх явдлыг мэдэж… Тэгээд “Нэг их шуугиулаад яах вэ” гээд эх баригч, ээлжийн сувилагч хоёртой ярилцаж байгаад намайг дуудаж, бүх үнэнийг хэлсэн… Харин энэ явдлын эзэн болох сувилагчийг олж уулзъя гэж тохиролцлоо. Буруугаа ойлгоод, дахин хэн нэгэнд ийм муухай юм хийхээргүй бол энэ явдлыг хэдэн биенийхээ дунд үлдээе гэсэн… Навчаа эгч яагаад ингэж байна вэ гэхээр охин нь угаасаа эмгэгтэй төрсөн. Хүн болох эсэх нь эргэлзээтэй байж. Хамгийн сүүлд үзсэн эмч нь ”Найдваргүй “ гэсэн юм байна… Тэгээд л “Хэн нэгийг хохироогоод яах вэ. Миний үйл ийм байж” гээд уйлж сууна лээ, хөөрхий… Алдармаагийн энэ яриаг сонсон, толгой сэгсэрч суусан ээж нь:
-Одоо тэгээд охин нь хаана байна… гэв.
-Солонгоо аваад явсан. Хажуу айлын нь эмэгтэй төрөөд 10-аадхан хонож байгаа гэсэн. Тэр эмэгтэйд хөхүүлээд, ээжийг нь тэнхэртэл асрах юм. Энд аваад ирэх гэснээ ээж нь ийм байхад гэж бодоод…
-За, за … Ямар ч байсан амьд сэрүүн нь үнэн юм байна… Хөхний сүү сайтай байх бол бас нэг буян байдаг юм гэж хөгшчүүд хэлдэг юм. Манай Тодгэрэлийн хөх чинээд хэцүүхэн байна… Өглөө овоо сайн дундалсан… Тэрнээс хойш гар хүрээгүй байгаа. Бие нь тавираад сайн унтаж байгаа болохоор удахгүй зүгээр болно оо.
Ээж, охин хоёр ийн ярилцаад:
-Бэлтгэсэн цагаалганы идээ, будааг өглөө эрт ойр хавийн хүүхдүүдэд өгч хооллоё. Навчаагийн охины хойдын буянд зориулагдах идээ юм чинь… хэмээн тохиролцов…
*** *** *** *** ***
Алдармаа өглөө эртлэн бослоо. Хонины шинэ махаар хар шөл хийгээд, Тодгэрэлийн дэргэд очиж, духан дээр нь гараа зөөлхөн тавилаа. Нүдээ алгуурхан нээгээд, инээх аядан:
-Миний охин хаана байна… гэж шивнэх төдий хэлсэн Тодгэрэлийн нүдэнд нулимс цийлэгнээд иржээ.
Санчиг руу нь унжиж ирсэн үсийг арагш илбээд Алдармаа “Охин чинь амьд…” гэж хэлэх гэснээ бас цочирдуулах вий хэмээн болгоомжлов.
-Миний найз маш тайван байгаарай… гэж хэлтэл Тодгэрэл бүр асгаруулан уйллаа…
Тодгэрэл охиныхоо төрхийг ярьж:
-Миний охин амьд… Алдар аа, чи ойлгож байна уу… гэхэд, түүнд хариу хэлж чадахгүй сандарч суув…
-Ямар ч байсан эх, үр хоёр эрүүл саруул байхад учир нь олдоно… Ганц хоног харзнасан нь дээр. Тодгэрэлийн бие энэ янзаараа сайн байвал охиныг авчирч, сэтгэлийг амраалгүй яах вэ… Ээжийнхээ энэ зөвлөгөөг даган аман дээрээ хэд хэдэн удаа гарч ирсэн үгээ залгисаар маргааштай золголоо.
Тодгэрэл эмнэлгээс гарч, Алдармаагийнд ирээд гурав хоножээ.
Удам дагасан сайн оточ Сорогдоо гуай цаг алдалгүй зөв оношилж, барьснаар Тодгэрэлийн бие илааршиж, хэвийн болов. Тэрбээр өөрийнхөө яаж өвдөж, тэднийг айлгаж, сандаргаснаа мэдэхгүй. Ганцхан “Төрүүлсэн охин минь хүн болоогүй гэж үү… Үгүй ээ, миний охинд ямар нэг зовиур байгаагүй. Цоо эрүүл… Ёстой хөөрхөн… Гэтэл миний охиныг яасан байж таарах вэ…” гэх асуулт түүнийг дарангуйлаад байлаа…
-Миний найз босоод, хөхөө сайн саагаарай. Найз нь ойрхон гарч хүнтэй уулзаад, хурдан хүрээд ирнэ. Тэгээд хоёулаа Навчаа эгчтэй уулзъя. Цаадахь чинь чамтай уулзах юм сан гээд байна лээ. Алдармааг ингэж хэлэхэд толгой дохиод хоцорсон Тодгэрэл хөхөө сааж, овоо сайхан дундруултал халуу дүүгэн ивлээд иржээ. .
Түрж ирсэн нулимсаа залгисан бүсгүй:
-Миний охин хоол нэхээд байна. Аргагүй шүү дээ… хэмээн ганцаараа ярилаа. Тэгснээ цонх руу хараад нүдээ анин суув. Нулимс нь хацар даган урсавч арчсангүй, хөдөлсөн ч үгүй. Цээж нь түхэлзэнэ. Бүсгүй дотроо бугшиж, бугласан хар бараан бүхэнтэй тэмцэж буйг илтгэх.
Нүдэндээ хөөрхөн охиноо төсөөлөн харж, арилсан дотортой арчаагүй тэр эрийг хайр сэтгэлийн их орон зайнаасаа холдуулан, зайлуулахыг хүсч байлаа… Зөндөө удаан суужээ. Бужигнаж, үймцээд байснаа бодвол овоо тайтгарчээ.
Тэгтэл гаднаас орж ирсэн Алдармаагийн хөгжилтэй инээх сонсогдохтой зэрэгцэн хүүхэд часхийн уйлах дуу гарав. Тодгэрэл ухасхийн бослоо.
Солонгоогийн энгэртээ тэвэрсэн цав цагаан өлгийтэй хүүхэд рүү харан Тодгэрэл нүдээ ч эс цавчин гөлөрчээ.
Ж.Дүүрэнжаргал
/Үргэлжлэл бий/