Өвөл болдгоороо болно,утаа бүрхдэгээрээ бүрхэнэ

2017 оны 10-р сарын 06 өдөр, 18 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaa

Өвөл айсуй. Хүйтний түрүүчээр өглөө оройдоо утаа үнэртэж эхэлжээ. Аргагүй дээ, айлууд нүүрсээ галлаж байгаа. Тэднийг нүүрс түллээ гэж адлах эрх хэнд ч байхгүй. Гэр хорооллынхон өвөлжин нүүрстэй ноцолдоно. Тэд утаа гаргахгүй гээд өвлийн хүйтэнд осголтой биш. Сүүлийн 20 шахам жил Улаанбаатарынхан утаанд мэнд гарах гэж амьсгал боогдон үхэхийн даваан дээр хаврын хавсаргатай золгодог болсон.

1990-ээд оноос хөдөөгийнхний хот руу чиглэсэн их нүүдэл Улаанбаатар хотыг утаажуулах гол шалтгаан болсон. Тэд амьдрал хайж, ажил олдох болов уу хэмээн их хотыг зорин ирээд хотын захаар суурьшсан. Хөөрхий тэд улаан зам дээр л арай эсгий гэрээ барьсангүй. Дөрвөн уулыг маань эзлэн орой дээр нь ч ханаа дугуйлсан. Улаанбаатар түүхэндээ ийм их утаанд баагилтан харлагтан амьдарч байгаагүй,харин одоо хотын иргэн бүр утаанд дасаж буй. Утаанаас сална гэдэг нь ядуусаа төвийн халаалттай орон сууцанд оруулснаар л шийдэгдэх учиртай юмсанж. Гэтэл сүүлийн 20-иод жилд манай ухаант дарга нар утаагүй зуух, утаагүй түлш,коксжсон нүүрс,цахилгаан халаалт,шөнийн тариф гээд юу эсийг сэдэв. Өвөлжин дэмийрсээр 300-гаад тэрбум төгрөгийг халааслахыг нь халаасалж,салхинд хийсгэхийг нь хийсгэж дуусгав.  Үнэндээ утаа нь багассангүй.

Хэрэв тэр 300 тэрбум төгрөгөөр гэр хорооллоо барилгажуулсан бол утааг багасгаж болох байлаа. Энийг долоон буудлын Долгор эмээ ч хэлнэ. Өнгөрсөн хугацаанд утааны асуудлыг шийднэ,ор мөргүй арилгана,цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалуулна гэсэн сэдэвтэй  хурал, чуулган, үзэсгэлэн, бичиг цаас, шийдвэр тогтоол хэдэн машин дүүрсэн. Үе үеийн эрх баригчид утааг арилгана гэж төсвөөс мөнгө гаргуулан ганцаарчлан эсвэл багаараа нийлж хувааж идээд хагартлаа баяжаад амар сайхандаа жаргасан даа.

Ойрмогхон утаанаас салах тухай ярьж эхлэв. Энэ жил 10 хувь бууруулна,17.5 тэрбум төгрөг зарцуулна ч гэх шиг арай даруухан ярих шинжтэй. Утаагаар дарга ч амьсгална,цэрэг ч амьсгална. Баян хоосон хэнийг ч утаа ялгахгүй. Бүгд утаагаа залгиж,хахаж цацаж өвөлжин зүдэрнэ. Өнгөрсөн хэдэн жилд хотын хүн болгонд хорт утааны баг олгох, салхин сэнс байгуулах, дархан цаазат Богд уулыг сэтлэх, хүн бүрийг сүүний нормтой байлгах гэх мэтчилэн хошин шог гэмээр янз бүрийн арга хэмжээ авах тухай яригдсан. Хүүхдээ хөтөлж битгий яв,тэвэрч үүрч яв гэсэн хууль арай гаргасангүй. Уг нь бол утааг арилгах цорын ганц арга нь  ядуурлыг л арилгачих ёстой юм гэдгийг эрдэмтэн мэргэд, учир мэдэх хүмүүс хэлээд л байгаа. Үүнийг дарга нар мэдэхгүй биш мэдэж байгаа,гэвч үл тооно. Хэрэв утааг устгачих юм бол тэдний хувааж цохьдог төсвийн мөнгө алга болж утаа нэртэй дээд зэргийн ашигтай бизнес нь дампуурна шүү дээ. Монголын ядуурал дээдсүүдийг тэжээж баян дээр нь баян болгодог болохоор утааг арилгахыг хурган дарга нараас авахуулаад эрхэм дээдэс бүгд мэднэ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа “утааны асуудал миний сэтгэл зүрхэнд байдаг” гэж урнаар жиргээд гуравхан сая хүнийхээ элгийг хөшөөх дөхсөн. Монголчуудын итгэл найдварыг өвөртөлж сонгогдсон шинэхэн Ерөнхийлөгч,Ерөнхий сайд нар минь хэзээ мөдгүй нүүгэлтээд ирэх утааг хэрхэн болгоож байдаг юм бол доо. Хөөрхий ард түмэн чинь утаагаараа амьсгалах бол гарцаагүй,харин хахаж үхчихгүй шиг өвлийг барахсан гэж залбирч суугаа шүү.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх