Монгол Улс хэр их өртэй,ямар хугацаанд барагдуулах ёстойг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өчигдрийн хуралдаан дээр албан ёсоор зарлав. Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 23,8 орчим их наяд төгрөг болжээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ их өрийн эхний хэсэг Чингис бондын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард төлөх учиртай.
Дараагийн үндсэн төлбөр нь 2022 онд бөгөөд нэг тэрбум долларыг 51,25 сая ам.долларын хүүтэй төлөх юм. 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдах ирээдүйн Засгийн газар Чингис бондын өрийг төлж дуусгана гэхээр “хатуу ам” авах хүмүүс 2020 онд нэр дэвших нь дээ. Улс нийтээрээ ийм их өртэй,ядуу ард түмэн нуруугаа хотолзтол хүнд ачаа үүрч явахад эрх мэдэлтнүүд төрийн мөнгийг баруун солгойгүй цацсаар буй.
Ядахдаа эрхэм дээдсүүдийн үгсийн санд “хэмнэе” гэдэг үг байхгүй. Түүний оронд ард түмнийг “бүсээ чангал” гэж уриална. Чангалсаар байтал шоргоолж шиг болцгоож байна даа. Төрд хэрэггүй орон тоог цөөлнө гэдэг ойлголт байхгүй, наад зах нь дэд сайд гэдэг “тэжээврүүд”-ийг үеийн үед сугавчилж явдаг жамтай. Яажшүүхэн өрөө төлж,улсаа хөгжүүлнэ дээ, хөөрхий Засгийн газар минь. Харж л байя даа. Монголын заяа түшнэ гэдэгт найдъя.
Н.Дөл