МУГЖ Лхамжавын Долгор таалал төгсчээ

2017 оны 10-р сарын 06 өдөр, 10 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dolgor2

Монгол Улсын Гавьяат жүжигчин Лхамжавын Долгор 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр таалал төгсчээ.

Л.Долгор нь 1922 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төржээ. Тэрбээр 1941-1943 онд Урлагийн дунд сургуульд суралцаж төгсөөд 1943-1978 он хүртэл Улсын Драмын Театрт жүжигчнээр ажилласан.

Тэрбээр театрын тайзнаа Ч.Ойдовын “Зам” жүжгийн Гэрэл, “Жаргалыг хүссэн Мөнхөө” жүжгийн Төгсжаргал, “Далан худалч” жүжгийн Алимаа, Д.Намдагийн “Залуу үе” жүжгийн Бүжид, “Оролмаа” жүжгийн Оролмаа эх, Б.Лавреневын “Америкийн дуу хоолой” жүжгийн Мерелли, Ч.Чимэдийн “Босгон дээр” жүжгийн Дулмаа, Л.Ванганы “Арвай хээрийн тал” жүжгийн Гаамаа, Ч.Лодойдамбын “Итгэж болно” жүжгийн Должин болон “Гологдсон хүүхэн” киноны Авгай, “Ардын элч” киноны Баригдсан хүүхэн, “Толбот хивс” киноны Должин, “Элбэг дээл” киноны Сэвжид, “Мичидийн зургаан гялаан” киноны Мэндээ зэрэг тайз, дэлгэцийн 80 гаруй бүтээлийн гол болон туслах дүрийг урлан бүтээсэн “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчийн нэг байсан билээ.
Л.Долгорын Монголын тайз, дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, 1951 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1967 онд “Алтан гадас” одон, 1971 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор тус тус шагнажээ.

Ум сайн амгалан болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх