Үл үзэгдэгч /Өгүүллэг/

2017 оны 10-р сарын 04 өдөр, 14 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ul uzegd

 Хашбатын нойр хүрэхгүй, эргэж хөрвөөнө. Аминдаа эхнэрээ сэрээхгүйг хичээх тусам хэвтэр нь нэг л тухтай болж өгөхгүй  нь тээртэй.

 Хоёр хоног эзгүй яваад ирсэн нөхөр нь унтаж чадахгүй байгааг Содгэрэл   мэдээгүй юм шиг буруу харан хэвтлээ. Унтлагынхаа өмд цамцыг өмссөн нь дургүйцлээ илэрхийлж байгаа хэрэг гэдгийг Хашаа мэдэх болохоор эхнэрээ татаж чангаасангүй. Түүний зүрх ч хүрсэнгүй. Үнэндээ хүсэл, сонирхол ч байсангүй.

 Хоёр биедээ сэрүүн байгаагаа мэдэгдэхгүйг хичээн олигтойхон амьсгалж  чадахгүй шахам хэвтэцгээх хосыг зэмлэнгүйгээр ширтэх мэт цонхны хөшигний цаанаас саран сүүтийнэ. Ханан дахь цагны чимээ Хашаагийн зүрхний цохилттой давхцах нь тээртэй ч юм шиг. Тэсвэр алдан эвшээсэн эхнэрийнхээ сэрүүн байгааг мэдсэн Хашаа  цочих шиг болжээ. Нүдээ тас аньж, хоолойгоо хүржигнүүлэн хурхирах дүр эсгэв. Ийн жүжиглэх нөхрөө анзаарсан Содоо:

-Чи яагаад маяглаад байгаа юм бэ… Нойр чинь хүрэхгүй байгаа бол босооч… Би унтаж амармаар байна… гэснээ хөнжлөө угз татлаа. Энэ мөчийг хүлээж байсан юм шиг Хашаа ухасхийн босч, ааваасаа үлдсэн хөвөнтэй бор дээлээ шүүгээнээс аваад, том өрөө рүүгээ орлоо. Жаахан дургүй нь хүрвэл бор дээлээ нөмрөөд хэвтчихдэг нь Хашаагийн гэм биш зан юм хойно. Содгэрэл тоосонгүй, хөнжлөө засч,янзлаад унтахыг хичээлээ.

     Хашаа урт буйдан дээр тавтай нь аргагүй тэрийн хэвтлээ. Уртаар амьсгаа аваад, уужрах шиг болов. Гэвч нойр нь хүрсэнгүй…

   … Минжээтэй өнгөрүүлсэн мөч бүхэн нүдэнд нь өнгөтөөр жирэлзэв…

       Яаманд газрын дарга хийж байхад нь МУИС-ийн эдийн засгийн курсын хоёр оюутан дадлагаар иржээ. Өндөр нуруутай, нүд, хөмсөг сайтай гунхалзсан цагаан оюутан бүсгүйг “Статистик, мэдээллийн албанд дадлага хий” гэж Хашаа дарга   цохолт хийж өгчээ. Гэтэл нөгөө оюутан анхны өдрөө харагдаад   алга болов.

-Одооны оюутнууд ингэж дадлага хийдэг болсон. Сургууль төгслөө гээд юу ч мэдэхгүй. Толгой нь гэж байцаа чихчихсэн аятай, дүүрэн ус… Яаманд ирж дадлага хийнэ гэдэг бас нэг шалгууртай баймаар юм… хэмээн Цоодол дарга нэгэнтээ үглэхийг Хашаа чихнийхээ хажуугаар өнгөрүүлжээ. Үнэндээ оюутнуудын дадлагыг хянахтай манатай өөрийн хариуцсан ажил гэж толгойн үснээс нь их байж.

    Харин түүнтэй хамт ирсэн, тахимаа шүргэсэн үсээ, хоёр салаа сүлжсэн даруухан шар охин өдөржин бичиг цаас эмхлэхээс эхлээд хүн хүнээс “ Ингэх үү… Тэгэх үү… Би тусалъя” гээд асууж, лавлан, гүйж байх нь илт анзаарагдана.

       Хагас жилийн ажлын тайлангаа гаргаж, сая нэг амьсгаа авахтай болсон Хашаа уламжлал ёсоор ажлынхаа хэдтэй хамт “Хонхон” бааранд орж, шар айраг шимэн тухалцгаажээ. Санаа нийлсэн үеийн хэдэн залуу үе, үе ингэж суудгийг тэндхийн үйлчлэгч нар  андахгүй. Аль болох аятай, тухтай байлгахыг хичээнэ.

      Дарвиж шуугисаар суутал цаг нэлээд орой болжээ. Хашаа бие засаад буцаж явтал:

-Сайн уу, дарга аа… гэх нүдээ жартайтал будаж, үсээ задгайлсан өндөр бүсгүйг    Хашаа “Урьд нь хаана харлаа” гэж бодож амжаагүй шахам байтал:

-Та манай ширээнд түр суугаач… хэмээн найр тавив. Бурантаглуулсан тэмээ адил бүсгүйг даган, очиход ширээнд  үе тэнгийн гурван бусгүй сууж байлаа.

-Танилцацгаа, манай дарга… гэхэд нь Хашаа дадлагынхаа удирдамжийг барьж зогссон оюутан бүсгүй байна  хэмээн таньжээ.

-Энэ манай ангийнхан… Танилц… хэмээн нүдээрээ инээснээ:

-Төгсөө бид хоёр энэ даргын удирдлаганд дадлага хийж байгаа. Миний хоолой өвдөөд хэд хоног очиж чадаагүй шүү, дарга аа. Утсыг чинь мэдэхгүй болохоор хэлж чадсангүй… гэсэн тайлбар хавчуулсан бүсгүй Хашаад цагаан дарс хийж өглөө.

-Манай Минжээ их дажгүй даргатай юм аа… гээд махлаг шар бүсгүй хэн ч инээгээгүй байхад ганцаар тас тас хөхөрснөө:

-Тулгацгаая… гээд босоход Хашаа бас өндийв.

-За төлөө… гэснээ Хашаатай хундага харшуулсан Минжээ:

-Та яараагүй бол бидэнтэй жаахан  суугаач…  гэхэд мань эр сая нэг юм ам нээж:

-Хүмүүстэй цуг яваа. Та нарт баярлалаа… хэмээн хэлээд аягатай дарсыг архи адил хөнтөрчихөөд  босоход нь Минжээ утасны  дугаарыг авахаа мартсангүй.

      Шар айргандаа халамцсан хэд Хашааг шоолон маазарч:

-Манай дарга юу амжуулаад яваа юм бэ… Тэр аятайхан бүсгүйчүүдээсээ  илүүчлээч дээ гэснээ “солгой” хочит Түмэнбаяр:

-Хэдүүлээ өнөө орой жаахан доргиё л доо. Караоке бэлэн байгаа шүү гэв. Түмэнбаярын саналыг бусад нь дэмжиж, Хашаа руу ирмэлээ.

      Тэднийг ажиглаж байсан Минжээ тэргүүтэй бүсгүйчүүд ширээн доогуураа хөлөөрөө нудралцан ойлголцох нь тэр.

      Хашаа биш дэргэд нь сууж байсан залуу тэдний ширээ рүү ирж байгааг Минжээгийн өөдөөс харж суусан Даагий мэдээлэв.

-Дадлагын ажлаа таслаад байгаа хүнийг манай дарга шийтгэнэ гэнэ ээ… хэмээн хошигносноо Цогтоо:

-Та нарыг урьж байна. Хувцсаа өмсөцгөөчих. Хамт нэг газар очиж жаахан дуулцгаая. Тэгэх үү… гэхэд нь энэ мөчийг тэсэн ядан хүлээж байсан атлаа Минжээ:

-Одоо нэлээд орой болсон байна шүү дээ… гээд бугуйн цагаа харав. Бусад нь ч гэсэн:

-Харин тийм ээ… хэмээн дуугарцгаав.

-Зүгээр ээ. Дараа нь хүргээд өгнө. Залуу улс байна, сайхан танилцаж, жаахан дуулж, хөгжилдөе л дөө… гэх Цогтоогийн урилга бүсгүйчүүдийн загатнасан газрыг маажив гэлтэй минутын дотор цаг руугаа хэд хэд харж,  ар тийшээ яарч буй дүр эсгэсэн Минжээ:

-Удахгүй биз дээ… Яаж, үгүй гэх вэ дээ… Дандаа манайхан байгаа юм шив дээ хэмээн өөриймсөхөд нь Цогтоо:

-Харин тийм ээ. Чи ч гэсэн ажлынхантайгаа сайхан танилцаад ав… хэмээн үгийг өлгөж авав.

   Уусан шар айраг нь аль хэдийнэ гарч, урдаасаа харан суух Минжээгийн гоо үзэсгэлэнд эрүүлжсэн Хашааг өөртөө талтай байгааг бүсгүй анзаарчээ. Ууж, дуулсан залуус, бүсгүйчүүд хэзээний хосууд шиг хоёр, хоёроороо ойртон суув.

   Хашаа, Минжээ хоёрыг орос, англи дуугаар гүйцэх хүн байсангүй. Тэд энэ үдэш Юндэн, Нансалмаа хоёр шиг хослон дуулж, бие бие рүүгээ хайрын харц илгээн суусан нь зарим нэгийн  атаархлыг төрүүлснийг нуугаад яах вэ.

       Гадаа түг түмэн одод чуулсан намуухан шөнө налайжээ. Шөнө хугасласан хэдий ч их хотын гудманд хөл тасраагүй байлаа.

       Харцаараа ойлголцон, хоёр биеэ хүсэмжлэх хосууд таксинаас бууж, хөтлөлцөн алхсаар “Заря” зочид буудалд ирэв. Таван давхрын люкс өрөөнд ороход тэр хоёрыг хүлээх мэт хос дэрээр гоёсон зөөлөн ор нүднээ туслаа. Гадуур хувцсаа тайлж, шаахай углацгаан, өөд, өөдөөсөө харснаа өөрийн эрхгүй соронздуулсан мэт хоёр биедээ тэмүүлж удтал үнсэлцэв.

   Минжээ  ичингүйрэн, энгэрийнхээ товчийг товчлох зуур Хашаа:

-Хоёулаа орондоо орох уу… хэмээн шивнэлээ.

   Бүсгүй бие засаад орж ирэв. Өрөөний бүдэг гэрэлд хувцсаа тайлах Минжээгийн гоо үзэсгэлэн улам тодрох шиг. Ор өнцөгдөн суусан түүний сул асгарах үс нь мөр цээжийг бүрхэнэ. Минжээгийн хөдөлгөөн бүрийг харж хэвтсэн залуу өндийж ирснээ бүсгүйг тэврээд, янаг халуун үнсэлтээрээ уургалан авлаа…

  … Хашаа, Минжээ хоёрын хайр эхэлсэн түүх ийм.

        Ажил, амьдралаа зохицуулан Минжээтэй уулзана… Уулзангуутаа заавал хонон, өнжин зугаалах болжээ… “Би чинь гэр бүлтэй. Үр хүүхэдтэй…” хэмээн Хашаа өөртөө олонтаа хэлж, тэр бүсгүйгээс холдох шийдвэрийг нэг бус удаа гаргаж… Гэвч Минжээтэй улзахгүй бол дотор нь давчдана. Түүнийг утсаа авахгүй жаахан удвал хар, хармын сэтгэл нь оволзоод ирнэ…

      Энэ бүгдийг эрэгцүүлэн бодож хэвтсэн Хашаа өөрийн эрхгүй өндийжээ. Яах гэж өндийснөө ойлгоогүй эр бор дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд эргэж хэвтэв.

    “Эхнэртэй хүн хүлээгээд, би өөрийн гэсэн нөхөргүй явах хэрэг үү… Хэвлий дэх хүүхдийг чинь авахуулаад амьдралаа бодъё. Алийн болгон ингэж явах юм бэ…” гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэх Минжээ харагдана. Тэгснээ ”Чамтайгаа л амьдарна… Миний хайр бүгдийг зохицуулна гэсэн чинь үнэн биз дээ” гээд аргадаж, ядах тэр бүсгүйг бодохоор Хашаагийн зүрх зогсчих шиг болно…

   … Манай энэ “Ажил ихтэй…” гээд уурлаж, уцаарлах нь ихэслээ. Ойр ойрхон “Томилолтоор явлаа” гэх юм. “Арай өөр хүүхэнтэй орооцолдоод байгаа юм биш байгаа” гэж бодсоноо Содгэрэл өөрөөсөө ичих шиг болжээ…

       “ Миний хань юу гэж тэгэх вэ дээ. Ажил алба нь үнэхээр хүнд, хэцүү шүү дээ. Хоёр хоног томилолтоор яваад ирэхэд нь хоол, цайг халуун байлгахын оронд “Амармаар байна” гэж уцаарлаад ханиа гомдоочихлоо” хэмээн бодсон Содгэрэл босч бие засчихаад, чимээ өгч хоолойгоо зассаар Хашаагийн дэргэд очлоо.

-Миний хань унтаж байгаа юм уу… Орон дээрээ очиж унт… гээд духыг зөөлөн илбээд, үнсэв. Хашаа ярдаглан буруу харахдаа “Энэ маань элдэв сэжиг аваагүй  юм байна, ашгүй…” хэмээн баярлажээ.

-Хүүхдүүд чинь өглөө босоод гайхна аа. Миний хань орон дээрээ оч… хэмээн нөхрийгөө татсаар өндийлгөв. Нэг их нойрмоглосон дүртэй Хашаа эхнэртээ хөтлүүлсээр явж, орондоо орлоо. Эхнэр нь түүнийг үнсч  энхрийлж байснаа уртаар санаа алдаад:

-За, за… миний хань ядарсан байх… Сайхан амар… гээд чанга тэврэн, наалдаж хэвтлээ.

… Хашаа өглөө ажилдаа очингуутаа Минжээ рүү залгав.

-Миний хайр зүгээр үү. Фактлаагүй биз дээ. Өнөөдөр хоёулаа эмнэлэг орох юм уу… гэх эрхлэнгүй дууг сонссон Хашаа:

-Хувцсаа өмсч бай. Шууд гараад ирээрэй. Хоёулаа эмнэлэг оръё. Бас ярих юм байна… гэлээ…

     Эмчид үзүүлээд гарч ирсэн Минжээ:

-Гурван сар гарантай болчихож… гээд Хашаа руу тормолзон харж хариу хүлээснээ:

-Ярих юм байна гэсэн чинь юу юм бэ, хайраа… хэмээн шалгааж эхлэнгүүт нь Хашаа машинаа асаалаа.

-Хоёулаа эхлээд хоолонд оръё…  гэж дуулдах төдий хэлэхийг Минжээ тоосон шинжгүй:

   … Хүүхдэдээ хэн гэж нэр өгөх… Хүү гэсэн юм чинь их сүрлэг, ховор нэр өгөх үү… Нэг нас хүрэнгүүт нь дахиад хүүхэдтэй болно… гээд эх захгүй яриа хөврүүллээ.

   “15 жил ханилсан хань, гурван хүүхдээ орхиод  шинэ амьдрал зохионо гэдэг зөв үү” гэсэн асуултад хариулт олж чадахгүй шаналах Хашаа үг дуугүй жолоо мушгина.

   Хоолны газарт очсон хойноо:

-Ямар хоол идэх вэ…  гэхэд нь:

-Чи өөрөө мэдээд захиалчих… гэх Хашаагийн царайг анзаарсан бол юу юугүй шуурах гэж байгаа тэнгэр шиг хөрхийжээ…

  -Чи хань, үр хүүхдээ бодоорой. Ингэж замаа алдаж болохгүй шүү. Одооны охидуудын зарим нь хөрөнгө, мөнгөтэй бол юу ч гэж тархи угааж мэднэ.

-Сайнтай ханилж, сайхантай нь амрагла… гэдэг биз дээ. Миний найз ч сайхан хүүхэн уургалж дээ… Шар цавуугаар наасан юм шиг салахаа больчих вий. Бодолтой  байгаарай…

-Манай Содоо шиг сайн эхнэр ховор шүү. Чиний толгой яаж эргэхээрээ ингэж явдаг байна аа…

-Чамтай юу ярих вэ… Тийм сайн ханиа гомдоож, ингэж явдаг…

-Ийм хүүхэн сонгочихоод юу хэлэх гээд байгаа юм бэ. Надад чамтай ярих юм алга…

 Найз нөхдийн нь энэ бүх үг түүнийг хаашаа ч хөдлөх аргагүй хүлсэн мэт…

        Минжээтэй танилцсан тэр шөнөөс хойш бараг хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд эмгэнэлт болоод инээдийн жүжиг шиг адал явдал мөн ч олон болсон доо… Нэг айлын хоёр хүү шиг ижилдэн нөхөрлөсөн найз нь Мөнх-Ирээдүй эмч. Нэг өдөр уурандаа бахардсан Мөнх-Ирээдүй Хашааг заамдан авч:

-Арай ч дээ, чи… Очиж, очиж биеэ үнэлэгч ийм хүүхэнтэй наалддаг яасан арчаагүй, яасан ичдэггүй новш вэ… гэснээр хэрэг мандсан удаатай.

       Дадлага хийхээр ирсэн төгсөх курсын бүсгүйтэй энгэр зөрүүлэн улмаар сэтгэл алдарч, савхийвэл сиймхий тааруулж уулздаг болоод удаагүй байсан үе. Халуухан… шинэхэн… соньхон байж… Энэ үед ийм үг сонссон Хашаа хад мөргөсөнтэй адил багтран бухимдаж, үнэн, худлыг Минжээгээс асуухад:

-Сургалтын төлбөрөө төлөх гэж биеэ үнэлж байсан… Үнэн… гэснээ асгартал уйлжээ. Ийм хариу сонссон эр хаалга саван гараад “Хэзээ ч дахиж уулзахгүй” хэмээн хашгирсныг хэн ч сонсоогүй, ганцхан өөрөө сайн мэднэ.

       Хэд хоног Хашаа Минжээгээс ирсэн  мессежийг устгахаас өөр үйлдэл хийсэнгүй. Утасдмаар бас уулзмаар байвч Хашаа өөртөө хориг тавьж байлаа. Гэтэл “Амьдралын эрхэнд алдхан биеэ золиослон байж мөнгө олдог байсан гэдгээ чамаас нуугаагүй ээ… Нэгэнт чи надаас дайжиж, намайг үзэн ядаж байгаа болохоор би хүүхдээ авахуулаад, биеэ үнэлээд, явахаар шийдлээ. Би чамд гомдохгүй ээ. Чи бид хоёрын дундаас хорвоод хүн болон мэндлэх гэж тэмүүлж ирсэн энэ амьтан хөөрхий… Надад өөр сонголт байхгүй” гэсэн Минжээгийн мессеж Хашааг бүр гацаанд оруулжээ.

   “Амьдрахгүйгээс хойш тэр хүүхдээр яадаг юм бэ. Авахуулсан нь дээр…” гэж бодов. Гагцхүү түүнийг дахиад биеэ үнэлнэ гэхээс дотор нь давчдан харанхуйлаад байжээ.

    Хэд хоногийн дараа халамцуухан ирсэн Хашаа:

-Чи яагаад ийм шийдвэр гаргаж  байгаа юм бэ. Биеэ үнэлэх гэдэг чинь тийм сайхан юм уу… Чи надаас өөр хүнтэй битгий унт.  Би гуйж байна… хэмээн цээжээ дэлдэн, хашгирч уйлжээ.

    Хашаа өөрт нь ямар их хайртайг, бас бусдаас ямар их харамлаж байгааг Минжээ энэ үед мэдэрсэн билээ…

     Минжээг хоолоо идээд дуусахад нэг ч халбагадаагүй зөвхөн цай оочлон суусан Хашаа “Тэр үед л хоёр тийш болох байсан юм. Би яах гэж… яах гэж…” хэмээн өөрийгөө зүхэж, амаа барьж суулаа.

  … Анхныхаа хүүхдийг Хашаагаас олоогүй ч түүнийх гэж итгүүлэн тээж байсан боловч томрох тусам нь айдас давамгайлсаар арга буюу авахуулжээ. Ингэхдээ:

-Даарснаас болж зулбалаа…  гэж Хашаад ойлгуулснаар булган шуба, өвлийн гутал авахуулж дөнгөсөн юм даг… Тэр хүүхдийг төрүүлэхээс айсны учир нь огт өөр царай зүстэй эцгийгээ дууриавал яана гэхээс  айсан хэрэг… Өнгөрснийг ийн бодох зуураа Хашаа нэг л таагүй байгааг мэдээд:

-Юу  ярих гэсэн юм бэ. Ярь л даа, хайраа. Хоол ч идэхгүй яагаад байгаа юм бэ… гэх Минжээгийн цамцыг түрж нэлээд томорсон хэвлийг  нүд салгахгүй харж суусан Хашаа:

-Хэдэн сард төрнө гэсэн үг билээ… хэмээн хайнгадуухан асуув. Минжээ хариу хэлсэнгүй.

-Нэг хуралтай байсан. Би мартчихжээ. Хоёулаа орой ярья… гээд Хашааг өндийхөд   Минжээ ч бослоо.

   … Гурван хүүхдээ цэмцийтэл арчлан өсгөж, гэр орноо хүний дайтай байлгаж, өөрт нь тийм их хайр, халамжтай  эхнэрээ орхино гэхээс Хашаагийн айдас  төржээ.

        Минжээтэй хамт хоёр, гурав хоноод ирэхэд нь “Хаачив… Яав…” гээд тачигнан, хардалтын үг урсгаж, хэрүүл дэгдэх вий хэмээн эмээвч:

-Хөдөө явсан… гэх худал үгэнд нь итгэнэ…

-Ядарсан уу… Миний хөгшин одоо сайхан амар… Ямар хоол идэх вэ… гээд халамжлах эхнэрээсээ бүр илүү их эмээж, зүрх нь халуу шатаж ирээд, хайрлахаас аргагүйд хүрнэ.

     Эхнэр нь хааяа нэг дургүйцлээ илэрхийлбэл хэдэн өдрөөр дуугаа хураах нь чихэнд амар атлаа Хашаад ямар тээртэйг тэр сайн мэдэх. Түүний оронд  “Хашгичаад загнаасай. Хөөж туугаад “Чи тэр хүүхэн дээрээ оч” гээд орилоосой. Тэгвэл “Бөөн далим” хэмээн бодож явсан үе ч бий…

      Эхнэрийн нь хүлээцтэй, тогтуун зан, халамж анхаарал нь уяад байгааг Хашаа сайн мэдэрч байлаа. Гэвч гурван сар хүрч яваа үрийг хэвлийдээ тээсэн дэндүү гоо үзэсгэлэн төгс бүсгүйд “Юу гэж хэлэх вэ” гэдэг асуулт Хашааг шаналгаанд оруулсан нь энэ.

-Холын хол, гадаад руу явуулъя гэхээр Минжээ юу гэх бол… Хашаад хэлэх үг, гарц олдож өгөхгүй байв.

    Ажлаа тараад  бааранд очиж ганцаархнаа архи уулаа.

 -Нэг тийш болъё… Амьдралаа бодъё… гэдгээ Минжээд хэлэх гэж зоригоо чангалж байгаа хэрэг…

   Хямарч элдвийг бодсондоо тэр биз, мань эр нэлээд хурдан согтжээ… Хайртай залуу нь::

-Хурдан хүрээд ир гэсэнд Минжээ гайхаж эргэлзсэнгүй, шууд яваад очив.

       Нэлээд сайн уусан бололтой Хашааг хараад Минжээ “Энэ маань яагаад ингэж тавгүйрхээд байгаа юм бол. Гурвын гурван хүүхдээ орхино гэдэг хэцүү… Хашаа минь ухаантай юм чинь, энэ хүүхдээ сайн харж хандана биз. Би заавал сууна, амьдарна гэж тэр сайхан амьдралыг бусниулаад яах вэ… Хайртай залуугийнхаа хүүхдийг тээж төрүүлсэн би азтай хүн… Тийм болохоор Хашаадаа “Чи амьдралаа бод” гэж хэлье. Миний гэдэс томрох тусам хямраад байгаа нь илт боллоо…”  гэж бодсон Минжээ:

-Миний хайр яагаад ингэтлээ их архи уугаа вэ… гээд гараас нь татахад Хашаа:

-Яасан азгүй хүн бэ, би… Би одоо яах ёстой юм бэ… хэлээд өгөөч. Чи бид хоёр суулаа гээд жаргах юм уу. Чамайг  жаргааж чадахгүй шүү дээ… гэхэд нулимс нь хацрыг даган урслаа. Минжээ ч нулимсаа барьж дийлсэнгүй. Энгэрт нь наалдан эхэр татан уйлав.

    Хамаг бухимдал нь тайлагдаж, тайтгарсан Хашаа Минжээг аргадан үнссэнээ:

-Миний хайр, гадаад явах уу… Америк руу явуулж өгье гэхэд нь цочирдсон бүсгүй:

-Хоёулаа маргааш тухтай ярилцъя. Одоо харь… гэлээ.

   Хашаа гайхан,  хэлэх үг  олдохгүй, хэсэг суулаа.

   “Хамт байя… Намайг орхиод явах гэлээ…” хэмээн үргэлж чаргууцалдаж байдаг бүсгүйн энэ үг Хашааг эрүүлжүүлжээ. Хашаа дуугүй суусаар… Тэгснээ Минжээг хөтлөн гарлаа. Такси барьж, Минжээгийн байр руу явав.

     Нэг өрөө байр түрээслэн, тохижуулж өгсөн болохоор  Минжээ бусдын царай харахгүй амьдардаг. Байрны нь гадаа ирээд:

-Баяртай… гээд духан дээр нь үнслээ.

       Минжээ үг дуугарсангүй гэртээ орлоо. Гэрлээ асаасангүй. Хувцсаа ч тайлсангүй. Түмэн бодол толгойд нь эргэлдэнэ. Харуусал гомдол төрөөд ч байх шиг.

 … Хичээлээ тарсан охин гэртээ ирэхэд хэн ч байсангүй. Ээж нь оройн ээлжинд гарах хэдий ч гадагш гарсан бололтой, эзгүй байлаа.

        Хувцсаа солихдоо хананд өлгөөстэй аавынхаа зургийг удаан гэгч  харж суув.     Харах болгондоо “Хэзээ ирэх бол” хэмээн охин өөртөө тавьдаг асуултаа энэ удаа   асуусангүй. “Энэ зурагны оронд өөр хүнийхийг өлгөх вий”  гэхээс айгаад байлаа. Ийн суутал хашааны хаалга цохих дуулджээ.

-Ээж нь байхгүй юм уу…   Ирж, хоноод явсан хүн ингэж асуулаа.

  Охин толгой сэгсрэв. Нөгөө хүн цааш эргэн алхжээ. Охин буцаад гэртээ оров.

     Удсан ч үгүй ээж нь нөгөө хүнтэй хамт орж ирлээ. Ээж нь инээж хөхрөн урьд урьдынхаас илүү сайхан ааштай байв.  Дүүгээ цэцэрлэгээс нь авах гээд гарахдаа Минжээ ээжийнхээ чихэнд “Энэ хүн миний аав биш, тийм ээ” гэж  шивнэхэд хариуд нь “Чимээгүй” хэмээн дохилоо…

     Ээжийн нь орноос дээш алхдаггүй байсан тэр хүн орой бүхэн ирж хоносоор хоймрыг эзлэн суух болов.

-Миний охин ухаантай байгаарай. Аавын нь оронд аав болох хүн… Бид гуравт хань түшиг болох байх аа… хэмээсэн ээжийгээ бодон түүнд дотно байхыг хичээвч  нэг л эвлэж өгөхгүй байлаа.

     Шарав “Миний охин” гээд нэлээд дотно хандах… Минжээ хичээвч амнаас нь “Аав” гэх үг гарахгүй.  Харин учир мэдэхгүй дүү нь тэр хүнийг “Аав аа” гэж дуудна…

      Минжээ наймдугаар ангиа төгсөөд, зуны амралтаараа хөдөө яваад ирэхэд ээж нь өвдөж эмнэлэгт хэвтсэн байлаа.

      Өсч өндийж яваа охиндоо эдгэршгүй өвчин туссанаа ээж нь хэлжээ. Хагас жил шахам хэвтэрт байсан ээж нь хаврын эхэн сард хадан гэрээдээ явснаар хоёр охин хагацал амсах нь тэр. Дөнгөж сургуульд орсон дүүгээ хөтлөн хоцорсон Минжээ “Хэнийгээ түших вэ” хэмээн бодно. Ээжийн  нь хамаатнууд бүгд хөдөө амьдарна. Хөдөө явалтай биш.

-Миний охин, энэ амьдралдаа түшиг болж яваарай. Би та хоёрынхоо хөлийг дөрөөнд хүргэхийн тулд юугаа ч хайрлахгүй хэмээн хэлээд чийг даасан нүдээ шудрах Шаравын үг тэр л үед ямар дотно санагдсан гээч. Гэвч хойд эцгийн энэ үг худал байсан юм. Хоёрхон сарын дараа Шарав өөрийн гэсэн юмаа аваад арилж өгсөн юм даг. Сургуулиасаа гаралтай биш, идэх хоол, өмсөх хувцас, түлээ түлш гээд энэ бүх зардлыг хаанаас олох вэ. Нагац нь эгчийнхээ хоёр хүүхдийг авахаар хөдөөнөөс иржээ. Минжээ яваагүй. Дүүг нь аваад явжээ…

    Зуныхаа амралтаар зоогийн газар угаагч хийсэн Минжээ нэг өдөр намуухан дуутай, зангиа зүүсэн ахын өвөрт орсноор охин насаа үдэв… Үүнээс хойш мөнгө хэрэгтэй бол тэр ахтай унтана… Харамгүй, их мөнгө өгнө…

       Аравдугаар анги төгсөөд, хуваарьгүй хоцорсон Минжээг арын хаалгаар их сургуульд оруулж өгсөн жилээ тэр ах томилолтоор Англи руу явав. Ээжээсээ өнчирснөөс хойш ингэж ганцаардаж шаналж явсангүй. Минжээд хорвоо дэндүү давчуухан, хатуу  санагдаж байлаа. Өөрөөс нь арав шахам насаар ах ч гэлээ охин биеэ хөндүүлснээс хойш дуудсан цагт нь очиж, энгэр зөрүүлэн энэ биеийн жаргалын нэгээхэн хэсгийг эдэлж, эдлүүлж явсан түүнд ингэтлээ сэтгэл алдарсан гэдгээ мэдээгүй явж. Эхний жилийн сургалтын төлбөрийг нь төлөөд явсан ч гэлээ Минжээд мөнгө төгрөг дутагдана.

   “Худал хэлж болохгүй”, “Хулгай хийж болохгүй”.  Минжээ өөртөө ингэж сануулна…

    Сонин  болон чатын зар сонирхлоо.

-Гэрийн үйлчлэгч авна гэх хэд хэдэн утас руу ярив.

-Хүүхэд гаргаагүй бол болохгүй… Ийм хариу сонсоод мухарджээ.

     “Саунд үйлчлэгч массажист авна” гэсэн зараар очиж уулзлаа. Түүнийг тун уриалгахан хүлээн авчээ. Ингээд хаяг нь массажист, хийдэг ажил нь биеэ үнэлэгч болсон доо…

    Энэ хар балчгаас татаж гаргасан, “Ингэж болохгүй” гэдгийг ойлгуулсан хүн бол Хашаа. Би энэ хүнийг гомдоож болохгүй. Тэгээд ч Хашаадаа хайртай. Охин настай минь хамт анхны минь хайрыг аваад явсан тэр хүнээс хойш Хашаад хайраа өгсөн. Хайртай юм чинь, би түүнийхээ амьдралд гай болмооргүй байна. Надаас болж тэр хүн зовох, шаналах ёсгүй. Хайртай л юм бол түүнийг тайван, сайхан амьдралд нь үлдээе… Харин Хашаагийнхаа хүүхдийг хөтлөөд сайхан амьдарна аа…”

      Хөшөө шиг зогссон Минжээгийн утас  дуугарч, энэ бодлыг сарниулав.

-Миний хайр унтаагүй юм уу. Хайр нь одоо очлоо… гэх Хашаагийн дуу.:. Үг хэлэх завдал өгөлгүй утсаа тасалжээ. Цаг харвал шөнийн 03 цаг өнгөрч байлаа.

 Удалгүй орж ирсэн Хашаа үгийн солиогүй гадуур хувцсаа тайлж шидээд, угаалгын өрөө рүү шууд яваад орчихов. Минжээ бага зэрэг гайхан, түүний араас очлоо…

    … Халамж, хайрын үгээр угтдаг эхнэр нь тэр орой араатан шиг авирлажээ. Уурлалаа, уцаарлалаа гэхэд дуугаа хурааж, бүр хэлгүй юм шиг болдог эхнэр нь хаалгаа  онгойлгонгуутаа:

-Чи намайг ямар их доромжилдог юм бэ… Намайг сохорсон, дүлийрсэн гэж сонсоогүй биз… гээд цамнаж гарчээ.

  Эхлээд аргадаж, юу болсныг асуусан боловч Содгэрэл тайтгарсангүй. Харин улам бухимдан хашгичав.

  Хуриман дээр нь Хашаагийн эгч бэлэглэсэн хамгийн хайртай хос зааныг хага шидсэнээ:

-Чиний амьдралын билигдэл ийм боллоо Энэ бүгдийг чи хүсч байгаа. Тийм үү… хэмээн тачигналаа.

   Хэдэн хэсэг болсон зааныхаа араас ухасхийснээ орхиод, Хашаа хаалгаа саван, гарч ирсэн нь энэ.

      “Хашгичаж хэрүүл өдөөсэй… Тэгвэл далимдуулаад Минжээтэйгээ сууна” гэж төлөвлөчихөөд, мөн ч олон удаа хаалганы хонхоо дарж байсан даа. Гэтэл “Хань минь” гэх чин сэтгэлээ өвөрлөн очиход ингэж авирласан эхнэртээ ихэд гомджээ.

   Хашаа, Минжээ хоёр юу ч ярилгүй хэсэг хэвтлээ…

-Нандигнадаг байсан шаазан заан маань эргэж наалдахгүйн адил миний амьдрал эвлэрэхээс өнгөрсөн… Хоёулаа сайхан амьдарна аа… гэснээ Хашаа босч цонхны хөшиг цэлийтэл татав.

   Нар манджээ. Үүлгүй, цэлмэг сайхан өдөр… Гэвч цонхоор энэ сайхан бүгдийг харж байгаа залуугийн дотор харанхуй татан, хүйт даагаад байлаа. Хашаа өөрийгөө тайвшруулахыг хичээв.

   “Шинэ өглөөний нар… Шинэ амьдралыг гийгүүлж байгаа нь энэ…” хэмээн гүехэн бодолдоо түр тайтгарсан Хашаа цонхоор харан зогссоор байлаа. Түүнийг харж хэвтсэн Минжээ өндийснөө  хэвлий дэх үр нь хөдөлж байгааг мэдрэн, хөнгөхөн дуу алдлаа. Тэгснээ бүсгүй нар өөд харан зогсох Хашаагийн дэргэд очив.

-Миний хайр, бухимдаж, гоморхолгүй тайван бод. Тэр хүний буруу гэж байхгүй шүү… гэв.

Хашаа хөдөлсөнгүй… Цонх руу харан зогссоор… Хаалганы хонх дуугарахад Хашаагийн царай хувьсхийснээ Минжээ рүү “Онгойлго” гэж дохилоо.

    Хашаагийн найз Санаа, Батук хоёр эхнэрийн нь хамт орж ирэв. Тэд үүдэнд зэрэгцэн зогсоод бүхнийг нэвт шувт харах мэт цоо ширтлээ. Хөлс нь чийхарч, байж ядсан Хашаа тэдэн рүү дөхөж очсоноо:

-Сууцгаа… хэмээн сулхан дуугарснаа:

-Гарч ярилцацгаах уу… гээд Содоо руу харлаа. Эхнэр нь багтаж ядах нулимсаа    гүдхийтэл залгиад, өөр үг хэлсэнгүй.

    Эвлэж, гавлахгүй байгаа энэ байдлыг харж зогссон Минжээ:

-Би та нарыг ямар асуудлаар ирснийг ойлгож байна… Хашааг, бас намайг уучлаарай… гэснээр битүү, түгжигдмэл уур амьсгалыг эвдлээ.

-Хашаа, гурван хүүхдэдээ сайн аав нь, айлын сайн эзэн хэвээрээ байх болно оо. Амьдралд нь ан цав суулгасан, намайг уучлаарай… гэж хэлснээ Содоогийн өмнө өвдөг сөхрөөд,  эхэр татан уйллаа.

   Минжээгийн гараас татаж босгоод, Содоо тэр хоёр гал тогооны өрөө рүү оров.

 Санаа, Батук хоёр Хашааг дагуулан гарлаа.

   … Минжээ өөрийн амьдралаасаа юу ч нуулгүй ярив…

– Хайртай хүнтэйгээ заавал хамт амьдарна… гэж мунхаглан бодож байсан үе бий. Одоо миний бодол өөр болсон. Аавыгаа санах, хүлээх ямар хэцүү байдгийг би мэднэ ээ… гээд нулимсаа арчсанаа:

-Миний аавыг ч гэсэн нэг бүсгүй ээжээс минь булаасан юм билээ… Тэр үед би “Аавыгаа ирнэ… Заавал ирэх учиртай” гээд хүлээдэг байлаа. Аав минь буцаад ирсэн бол миний ээж ийм эрт бурханы орон руу явахгүй байсан гээд яриагаа таслан, хүйтэн ус залгилав. Тэгснээ:

-Та Хашааг уучилж чадах уу… гээд Содоо руу харлаа. Толгой дохихыг харсан Минжээ нулимстай нүдээрээ инээгээд, Содоогийн тасралтгүй бөмбөрөх  нулимсыг   арчиж, өглөө.

      Уярал, ухаарлынх болоод тэр үү түүний нулимс бүлээн, илүү бүлээн санагджээ…

    Содоог гарч ирэхэд харц буруулсхийн, тосч авсан Хашаа:

-Намайг уучлаарай, хань минь…  гээд  тэврэн авав.

“Нандигнасан шаазан тоглоом хагарсан ч насны хань хагардаггүй юм байна” хэмээн бодоод Хашаа эхнэрийгээ хөтөлсөөр гэртээ орлоо.

     … “Хашаагийн гурван хүүхэд аавыгаа хүлээхгүй, аз жаргалтай байна” гэхээс баяртай байвч “Миний хүү ээж шигээ үл үзэгдэгч аавыгаа хүлээх нь… ” гэх гуниг Минжээг дагана.

 … Таван жилийн дараа Англиас хүүгээ бас нөхрийгөө дагуулсан Минжээг Нисэх онгоцны буудал дээр тосч авсан Хашаа “Миний хүү…” гээд чанга  дуудмаар байвч “Хүний сэтгэлд юм хийчихвэл дэмий” хэмээн бодоод хүүгийн духан дээр чимээгүйхэн үнэрлэв.

     Минжээ буурь сууж, улам сайхан харагдахад “Миний ханийн уужим, тэнүүн ухаан энэ зэрэгтэй явахад нь тус болсон доо” хэмээн эхнэрээрээ бахархлаа.

-Аав аа, та намайг өргө… хэмээн эрхлэх хүүг шилэн хүзүүн дээрээ суулгаад Минжээг хөтлөн алхах залууд өөрийн эрхгүй баярлав. Тэднийг хүргэж өгөөд буцахад Хашаагийн нуруун дээрээс дараад байсан ачаа алга болсон байлаа.

Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх