УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо.
Ерөнхий сайд томилогдсон учир Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Итгэл үзүүлэн томилсон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийн зүтгэлээр хариулж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, буруутанд хариуцлага тооцож чаддаг, шударга үнэнийг тогтоосон Ерөнхий сайд болно. Би авлигачтай тэмцдэг, ард түмнээ өмгөөлдөг Ерөнхий сайд болно” гэлээ.