Лас-Вегас хотын оршин суугч 64 настай, тэтгэврийн өвгөн Стивен Паддок тус хотын Mandalay Bay зочид буудлын казиногийн ойролцоо кантри их наадамд оролцож явсан хүмүүс рүү гэнэт гал нээж, аймшигт аллага үйлдэж дэлхийг цочоов.
Орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар, 59 хүн амиа алдаж, 527 хүн шархадсан байна. Америкийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хохироосон зэвсэгт аллага боллоо гэж засаг захиргаанаас мэдэгдлээ. Цагдаагийн мэдээллээс үзвэл, Паддокийн гэрт үзлэг хийхэд 18 автомат винтов буу, галт зэвсэг,хэдэн мянган сум, тэсрэх дэлбэрэх бодис их хамжээтэй байсан аж. Паддок Невада мужийн Мескит хотын иргэн юм.
Холбооны мөрдөх товчооныхон алуурчин этгээдийг алан хядагч байгууллага,террористуудтай холбоотой байсан гэх сэжиг таамаг одоохондоо олдохгүй байна гэж мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийнхний эрэн сурвалжилснаар, амиа алдсан хүмүүсийн дунд 23 настай Канадын иргэн, 29 настай Теннеси Сонни Мелтон байсныг тогтоожээ. 20 мянган хүн концерт үзэж байсан байна. Цагдаагийн байгууллагын нотолсноор, Стивен Паддок гал нээхийн тулд хамгаалалтынхнаас нуугдаж, ойролцоохь зочид буудлын 32 давхрын нэгэн өрөөг сонгон байрласан байжээ. Түүнийг галлаж байхад цагдаа нар буудлын өрөөнд ойртож ирэхэд Паддок өөрийгөө хөнөөжээ. IMAGES. Лас-Вегас хотын цагдаагийн дарга Жозеф Ломбардогийн ярьж буйгаар, Паддок аль болох олон хүний амийг хөнөөхөөр улайрсан байсан нь тодорхой байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алуурчин этгээд галт зэвсэгтэй харьцах ажил хийж байгаагүй, цэргийн алба хаагаагүй, ямар нэгэн тулаанд оролцож байгаагүй аж. Стивена Паддокийн ах Эрик сэтгүүлчдэд ярихдаа, “Түүнийг буу зэвсэг сонирхож байгаагүйг би мэднэ. Тэр их буу зэвсгийг хэдийдээ цуглуулсныг мэдэхгүй юм. Ямар аргаар автомат винтовтой болсныг нь чөтгөр мэдэх байх” гэжээ. Харин буудагч этгээдийн аав нь АНУ-ын хамгийн аюултай гэмт хэрэгтний бүртгэлд байсныг Холбооны мөрдөх товчоо ил болгосон гэж Эрик хэлжээ.
Буудуулж амиа алдсан хүмүүс хажууд унаж ямар аймшигтай байсан гээч. Толгой дээгүүр сум исгэрч хүмүүс аврал хайж хашгиралдан тал тал тийш гүйж байсан хэмээн аллагыг нүдээр харсан хүмүүс уйлан хайлан ярьж байна. Хүмүүсийн ярьж буйгаар,гэмт этгээд 30-40 дайз сумаар лавтайяа галласан бололтой.
Мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, хэргийн газарт цагдаа нар яаравчлан ирэхэд алуурчин машин руу нь буудаж байжээ. Цагдаагийн хоёр ажилтан суманд өртөж,амиа алдсан. Тэд амралтын өдрөөрөө тоглолт үзэж явсан байна.
Ростуризм агентлагийн мэдээлж буйгаар, Лас-Вегаст Оросын 50 орчим жуулчин зугаалж яваа бөгөөд амиа алдсан ,шархадсан хүн байхгүй байна гэжээ.
Цагдаа нар Мэрилу Данли нэртэй эмэгтэйг шуурхай эрэн сурвалжилжээ. Учир нь тэр эмэгтэй Паддокийн найз бөгөөд аллага болохын өмнөхөн Паддок тэр хоёр уулзсаныг цагдаа нар тогтоожээ. Гэхдээ тэр бүсгүй аллагатай холбоогүйг шалгалтаар нотолсон гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Тэтгэврийн хөгшин яагаад ийм хэрэг үйлдэх болсон шалтгааныг одоохондоо тогтоогоогүй байна. Буун дуу намжсаны дараа шархдагсдыг хүлээн авсан Кларк дүүргийн эмнэлгийнхэн хүмүүст цус сэлбэх тусламж хэрэгтэй байгааг зарлажээ.
Удалгүй эмнэлгийн донорын төвийн гадаа цусаа өгөх гэсэн хүмүүсийн урт дараалал үүсчээ. Сайн дурынхан хүмүүст тусалж, ус хоол хүнс зөөж өгч байна.
Н.Дөл