Өндийх гэж хүчилснээ тамирдаж, нүдээ анин хэсэг хэвтлээ. Цээж нь давчдаж багтран хэдэнтээ ханиав. Нүдээ нээтэл байшингийн адар нүүрэн дээр нь буучих шиг санагдлаа.
-Босох юм сан. Хүүгээ хаана явааг мэдмээр байна… Миний хүү… гээд чангаар хашгирснаа, мэгшүүлэн уйлав. Айлын нь хөгшин орж ирээд “Юу болов” хэмээн айх, гайхахыг зэрэгцүүлэн хэсэг алмайрснаа очиж Шагайгийн духан дээр гараа тавиад:
-Миний хүү яав… Чингүн ирээгүй юу… гэснээ хоёр гараас нь татаж өндийлгөлөө.
Өдөр бүр цай, хоол хийж өгч, бөөцийлдөг энэ хөгшин Шагайгийн цээжин дотор юу бөөгнөрч, юунд шаналж байгааг сайн мэдэх. Ширхэг ч бараангүй сүүн цагаан толгойтой хөгшин рүү эгцлэн харснаа Шагай:
-Миний хүү ирсэнгүй… гээд хоолой нь зангирахад Юра гуай:
-Чингүн сайн яваа. Өчигдөр манай Өнхрүүштэй уулзсан байна лээ. Удахгүй хүрээд ирнэ… Миний хүү, халуун хоол идэж, цай уу… гээд барьж, орж ирсэн халуун саваа онгойлгов.
-Тийм үү. Өнхрүүштэй уулзсан гэнэ үү. Хүүгээ ирэхгүй удахаар би гэж нэг заяагүй амьтан муу л юм бодлоо… гээд нүд нь сэргэх Шагайг харж суусан хөгшний зүрх шархираад явчихжээ.
… Эхнэр, хүүтэйгээ гурвуул дутуу юмгүй сайхан амьдарч байсан. Энхжинг Америк руу явснаас хойш ч гэсэн хоёр эр хүн догь л байсан даа. Хоёр жил гаруй утсаар ярьж, хааяа хэдэн төгрөг шилжүүлээд л… Энэ нь эндээс шуудан алгасахгүй шахам илгээмж явуулаад:
-Ирэх жил ээж нь ирнэ… гээд хүүгээ бөндийтөл асарч, бөөцийлдөг сөн. Гэвч нэг өдөр аваарт ороод, хэдэн сар эмнэлгийн ор сахисны эцэст хэвтрийн хүн болсон. Ээжийн нь явуулсан хэдэн төгрөгийг хүүгийнхээ нэр дээр хадгалуулдаг Шагай эмчилгээндээ сохор зоос аваагүй.
Их сургуульд орох оноо дутаж хуваарьгүй хоцорсон Чингүн:
-Би ажил хийе… гэжээ. Аавынхаа сэтглийг зовоохгүй гэсэндээ ингэж хэлж байгааг мэдээд Шагай:
-Хүүгээ мэргэжилтэй хүн болгоно оо гээд амьтан хүн царайчилж байгаад Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд оруулсан. Гэвч Чингүн нэгдүгээр курсээ ч төгсөлгүй:
-Наймаа хийе… гэхэд нь эцэг нь дурамжхан байсан. Тэгтэл:
-Ээж зөвшөөрсөн… Намайг наймаа хий гэсэн… хэмээн зүтгэх хүүгийнхээ хүсэлтийг хорьж чадаагүй.
… Хоёр сая төгрөг халааслан Эрээн явсан Чингүн хэдэн гутал, пүүз авчрав даа. Сарын дараа өөр, өөр размертай хэдэн гутал, пүүз хог болон үлдсэнээс “ашиг” гэж аавдаа үзүүлэх юм байгаагүй. Наймаа эрсдэлтэй гэдгийг мэдэх болохоор ганц хүүгээ зэмлээгүй. Харин ч “Гар хоосон гэж санаашрах вий”, “Үеийнхнээсээ ичиж, зовох вий. Нэгэнт сургуулиа орхисон хүн…” хэмээн зовниод, дахин гурван саяыг өгөхдөө:
-Одоо ямар бараа сонгохоо мэдэх байлгүй, миний хүү. Аавын хүү уг нь азтай хүн байгаа юм… гэж ирээд урам өгсөн.
-Ийш тийш явах зардлаасаа эхлээд чирэгдэлтэй юм. Хүү нь найз нөхдөө бараадан, суурин байж мөнгөний ажил хийнэ ээ. Хүүгээ ингэж хэлэхэд аав нь:
-Миний хүү өөрөө мэд гэхээс өөрийг хэлээгүй…
Энэ үеэс Чингүн гэртээ оройтон ирж, бас хааяа архи үнэртүүлэх болов. Орноосоо босч чадахгүй аавдаа худал хэлээд аргалчихна…
Америкт байгаа Энхжин Шагайтай утсаар ярих нь цөөрөөд байлаа. “Эх нь хүүтэйгээ ярьж…” гэдгийг Чингүний ярианаас хааяа олж мэдэх.
“Хүний нутагт ажил хийж яваа хань минь өвдөж, зовчихоогүй байгаа” гэх сэтгэлийн зовнил Шагайгийн нойрыг хугаслаж байлаа. Сайн амарч чадаагүйн улмаас аваарт өртөж, эрэмдэг болсон бие нь өвдөж, шаналах нь цөөн бус… Нойртой хоновол өвдөх нь бага гэдгийг мэдэх хэдий ч “Эхнэр минь ажил хийж байхад би гэж нэг амьтан ингээд хэвтэж байна” гэх бодол нь түүнийг унтуулахаа больжээ.
Ажил тарсны нь дараа Шагай эхнэр рүүгээ хэд, хэд залгаад, утсаа авсангүй.
“Өвдөж, зовоогүй байгаа… Яагаад утсаа авахгүй байна… Хүний газар цаг наргүй ажиллаад хэцүү байгаа… Толгой их өвдөх болсон гэж нэг удаа хэлж байсан юм сан…”
Шагайгийн санаа ийн зовоод тайван байж чадсангүй. Оройхон хэрд дахиад залгалаа. Удтал дуудуулсны эцэст утсаа аваад:
-Чамд одоо юу хэрэгтэй юм бэ… Би хэдэн төгрөгний төлөө хуруу, хумсаа хугалах шахам ажиллаж байна. Чи гэртээ хэвтээд байдаг… Гэтэл миний хүү, дандаа л “Гадуур явж байна” гэх юм… хэмээн тачигнах нь тэр. Шагай уг нь хайртай хань, хүүгийнхээ эхийг гэх сэтгэл өвөрлөн ярьжээ.
… Хоёр жил шахам өвчтэй хэвтэхэд нь “Эм аваарай… Эмчилгээ хийлгээрэй…” гэж өгсөн мөнгө байхгүй.Энхжин хааяа хүү рүүгээ мөнгө шилжүүлнэ. Тэр мөнгийг хороох нь бүү хэл харин ч нэмж, хүүгийнхээ нэр дээрх хадгаламжинд хийдэг. Чингүн хэдийгээр эрх дураар ч гэлээ ээжийнхээ явуулсан мөнгөнд гар хүрэхгүй. Мөнгө хэрэгтэй болбол заавал аавдаа хэлдэг. Тэгээд ч Чингүн:
-Тэр мөнгөнөөс нь эмчилгээндээ хэрэглээч, аав аа. Юуг нь хадгалаад байдаг юм бэ. Миний нэр дээр явуулж байгаа ч гэсэн ээж таныг эмчилгээндээ хэрэглэхэд дургүйцэхгүй шүү дээ гэнэ. Гэвч аав нь гар хүрэхгүй, шууд хадгаламжинд хийдгийг мэдэх хүү нь дотроо “Ээжийн явуулсан тэр мөнгийг хадгалж байгаад, аавын хөл эдгэрэхгүй бол хиймэл ч гэсэн хөлтэй болгоно” хэмээн боддогоо нэг бус удаа хэлж байсан.
… Гэтэл ийм үг сонссон Шагай эхнэртээ биш өөртөө гомдов.
“Хань минь хүний газар мөнгөний төлөө л зүтгэж байгаа. Бухимдалгүй яах вэ, аргагүй. Хүүгээ хаана явааг ч мэдэх юм алга. Өсч өндийж яваа болохоор найз нөхөдтэйгөө дарвиж, шуугидаг бололтой юм. Эртийд нэг хөөрхөн охин дагуулж ирсэн… Гэтэл хоёр хоногийн өмнө эгчмэд бололтой бүсгүй өглөө өрөөнөөс нь гарч яваа харагдсан… Би гэж нэг хөлгүй амьтан хэвтэхээс өөр чадах юм алга…” хэмээн бодоод хөдөлгөөнгүй болсон хоёр хөлөө гараараа хүчтэй гэгч нь хэд цохиод авчээ…
Юра хөгшинд юугаа ч нуулгүй ярьдаг болохоор Шагайгийн жаргал, зовлонг хамгийн сайн мэднэ.
Хаалганы түгжээ торхийх чимээнээр бодолд дарагдаж суусан хөгшин бондгосхийн цочоод, бослоо.
Хамаг хувцас нь цус, нөж болж, нүүр ам нь шалбарсан Чингүнийг Өнхрүүш сугадсаар орж ирлээ. Эцэгт нь мэдэгдэхгүйг хичээн Юра гуай “Өрөө рүү нь шууд оруул” хэмээн дохив.
-Миний хүү ирэв үү… гээд өндийсөн Шагайд:
-Ирлээ. Цаадах чинь жаахан юм уучихаж. Одоо амраг. Сэрэхээр нь сайн ярилц… гээд Юра хөгшин мойнийж эвдэрсэн хуруугаа эвцүүлж ядан духыг нь илэв.
-Энэ хүүхэд замаа алдах нь ээ. Яадаг юм билээ гэснээ Шагай:
-Юра эгчээ, та цаадахыгаа сайн анзаарч, ямар хүмүүстэй нийлээд байгааг Өнхрүүшээс асуугаарай… гэснээ цонх руу ширтэв. Юра хөгшин өлмий дээрээ алхсаар гарч явлаа.
Шагай тэргэнцэртэйгээ хүүгийнхээ өрөө рүү очив. Архины эхүүн үнэр сэнхийж, нүүр ам нь битүү хавдар болсон хүү нь ухаангүй унтаж байлаа.
Хүүгийнхээ духан дээр хүйтэн жин тавьж, нүүрний нь шархыг цэвэрлэв. Гарыг нь зөөлөн атгаж:
-Миний хүү ингэж болохгүй. Аавын хүү чинь ямар мундаг билээ. Хоёулаа ээждээ сайн байгаа гэдгээ харуулах ёстой шүү… хэмээн хоолой зангируулан ганцаар ярьж суугаа аавыгаа анзаарсан Чингүн нүдээ нээхээс эмээгээд байлаа.
Хүүгээ сэрснийг мэдсэн Шагай:
-Миний хүү… Яаж байна. Толгой нь өвдөж байна уу. Хүүг минь хэн ингэж зодов… гэж асууснаа эхэр татаж ирээд, чанга уйлав.
Чингүн дуугарсангүй. Нүдээ нээгээгүй ч гэсэн аньсган завсраар нулимс нь урслаа. Чингүн өндийж, аавыгаа тэвэрч авснаа, мэгшүүлэн уйллаа.
“Хүүгээ зовоочихлоо, байна. Эр хүн гар зөрүүлээ л биз…” хэмээн бодоод хоолойгоо зассан Шагай:
-Миний хүү, зүгээр биз дээ. Аав нь хүүгээ уруу татаад уйлуулчихав уу… Миний хүү аавдаа юу хийж яваа, хэзээ ирэхээ хэлж бай. Тэгвэл санаа зовох нь бага. Аав, хүү хоёр онц байж, ээжийгээ баярлуулна шүү гэхэд нь Чингүн нулимстай нүдээрээ том гэгч харснаа:
-Аав аа, та одоо хүүтэйгээ хоёулхнаа гэж бод. Хүү нь таныгаа дахиж зовоохгүй ээ гээд нулимсаа хүчээр хорин байж босч, цонх руу очсоноо эргэж ирээд, хүйтэн цай залгилав.
“Нөгөөх чинь ярилгүй бараг хоёр сар болсон. Арай муу юм тохиолдоогүй байгаа даа…” гэсэн бодолдоо хариулт олж чадаагүй суутал Чингүн:
-Аав аа, хүү чинь таныгаа хөл дээр нь босгоно оо. Та одоо ээжийг бодсоны хэрэггүй. Ээж өөр хүнтэй суусан гэнэ. Намайг хүрээд ир гэсэн… гээд дуугаа хурааснаа:
– Би таныг яасан ч орхихгүй ээ… гэлээ.
Хүүгийнхээ үгийг буруу сонсов уу, дутуу ойлгов уу гэлтэй Шагай хүүгийнхээ өөдөөс нүд цавчилгүй хараад байлаа.
-Хоёулаа амьдарсан шиг амьдарна. Хүү нь хөл, толгойгоо олохгүй, битүү хар манан дунд төөрч явснаа ойлгосон. Одоо таныгаа босгож авна, харж байгаарай гэхэд нь Шагай сая нүдээ цавчиж:
-Миний хүү юу яриад байгаа юм бэ… гэхдээ шивэгнэх шахам дуугарав.
-Одоо тэр хүнийг март. Хүү нь байхад хоёулаа болно гэснээ Чингүн:
-Би аавдаа хайртай. Танд нэг юм ярья гэснээ аавынхаа гарыг чанга гэгч атгаад хэсэг суулаа. Тэгснээ:
-Манай Чука хар тамхины наймаа хийх болжээ. Тэрнээсээ бас татна. Тэдний бүлгийхэн гээд цулайсан хэдэн залуу байна… Багаасаа үерхэж, нөхөрлөсөн болохоор би Чука дээр очсон юм. “Аятайхан ажил төрөл юу байна…” гээд. Найз минь шууд л “Чи надтай хамтар” гэсэн. Би “Үгүй” гээгүй… гэснээ санаа алдан хэсэг дуугаа хураан суулаа.
-Гэхдээ би хар тамхи татуулж хогийн зам руу чирнэ гэж бодоогүй. Юуг нь мэдэхгүй, яах гэж байгааг ойлгоогүй, эхлээд дарвиж шуугиад ганц, хоёр сорсон. Орчлонгоос тасарч байгаа юм шиг мэдрэмж төрөөд юунд ч дийлдэхгүй, юу ч хэрэггүй юм шиг болоод… Орой бүхэн Чукагийн “Түнэр” бүлгийнхэн цугладаг юм. Тэнд очсон… Гишүүнээр элссэн… Тангараг өргөсөн… Нэгэнт тангараг өргөсөн болохоор хар тамхинаас татгалзвал урвасан гэж шийтгэдэг… Анхнаасаа тийм ам өчиг өгдөг байхгүй юу, аав аа… Тэгээд хүү нь шийтгүүлсэн. Эхний удаа энэ биеэ бяцартал зодуулаад, арайхийн амь хэлтэрсэн. Одоо тэд намайг олоод яаж ч магадгүй. Хүү нь айж байна, аав аа… гээд хоолой нь сааралтан, энгэрт нь нүүрээ наан мэгших хүүгээ зөөлөн үнэрлэсэн Шагай:
-Миний хүүг яаж ч чадахгүй. Аав нь хүүдээ тусална… гэснээ дахиад хоол, цай барьж орж ирсэн Юра гуайг сая анзаарав бололтой, сүрхий харлаа.
… Наймаа хийх гээд бүтэлгүйтсэн Чингүн багын найз Чука руугаа яриад, хамт хоолонд оржээ. Аав нь хэвтэрт байдаг, ээж нь Америкаас мөнгөөр тасалдаггүй айлын ганц хүүг урхидах боломж олдсонд баярласан Чука:
-Найзтайгаа хамтар… Мөнгөтэй болъё гэвэл хүрээд ир… гэснээр буруу зам руу хөтөлсөн байна.
Ханиасаа хол, өдөржин гэрт ганцаар хэвтэх аавыгаа туйлын их өрөвдөнө. Чингүн сургуулиасаа гарч, наймаа хийж, мөнгөтэй болоод аавыгаа эмчлүүлнэ хэмээн төсөөлж. Бас мөрөөдөж… Гэвч санаснаар болсонгүй…
… Багын найзынхаа урилгаар “Сансар”-ын туннелийн ойролцоо нэг бааранд 22.00 цагт очно. Саку, База, Эрка гэх гурван залуу бас ирнэ. Туркэд гурван жил болоод ирсэн Чукагийн үгнээс тэд гарахгүй. Харцаар нь хөдөлнө.
-Гаванна янжуур тат… гээд киноноос л харж байсан урт бор тамхиар дайлахад нь: -Татдаггүй… гэж хэлээд хоёронтоо шанаа авсан Чингүн хахаж цацан сороод, төдөлгүй дайвалзан, нэг л ер бусын болоод ирэв. Араас нь 100 грамм “Абсалют” архи цутгах шахам уулгасны дараа сансарт нисч буй мэт жингүйджээ. Татгалзаж болшгүй таатай мэдрэмж төрөх шиг… Иймэрхүү байдал орой бүр үргэлжилнэ. Ерөнхийдөө сургалт, дадлагын хугацаа нь юм уу даа… Ёстой л нэг манан дунд байгаа юм шиг… Хар саарал хөшиг татаад… Сэтгэлд ч, нүдэнд харагдаж байгаа бүхэн сааралтаад, манарч харагдана. Хааяа бас хэний ч хараа булаам гоолиг сайхан биетэй бүсгүйчүүд ирнэ. Тэд бүгд эзэнтэй. Шинээр ирсэн Чингүнд Учка гээд тормолзсон алаг нүдтэй бүсгүй оногдов.
Эр хүн гэдгээ анх мэдэрсэн тэр орой Учкагаас салмааргүй байжээ. Гэвч “Түнэр” бүлгийн цагийн хуваарь ёсоор үүр хаяарахаас өмнө нэг, нэгээрээ гарч явах ёстой. Энэ дагуу Чингүн гарчээ… Ингэж мансуурлын мананд умбаж явахад нь:
-Ээж нь өөр хүнтэй суусан… Миний хүү, ээжийгээ ойлгоорой… Аавдаа хэлсний хэрэггүй. Миний хүү, наашаа хүрээд ир. Эндээс зардлын мөнгө явуулъя… гэж ярьсан ээжийн нь яриа түүнийг цочоожээ.
Өглөө сэрээд хартал бас л айлд… Айлд ч гэж дээ сүүлийн үед хоноглоцгоох болсон байрны жижиг өрөөнд хэвтэж байлаа.
“Би зүүдэлсэн юм болов уу. Ээж юу ярилаа”.
-Хүрээд ир… Аавдаа хэлсний хэрэггүй. Хүнтэй суусан…
Ухасхийн босч хувцаслаад гарлаа. Улаанбаатарын гудамж нам гүмхэн. Чингүн таксинд ч суусангүй алхлаа. Алхаж явахдаа ээж рүүгээ залгажээ.
-Миний хүү, зүгээр үү. Яагаад ийм эрт ярьж байгаа юм бэ… гэсэн ээжийн нь дуу.
-Та надад юу гэж хэлсэн бэ… хэмээн чимээгүй гудмыг цочтол хашгирлаа.
-Миний хүү, ээж дээрээ ирэх дургүй байгаа юм уу… гээд дуу нь цааш орсон ээждээ:
-Та өөр хүнтэй суусан гэлүү… Миний аавыг үнсэнд хаясан шалз шиг орхиж байгаа юм уу… Би аавтайгаа хамт байна. Очихгүй… Миний аав ямархуу байгааг та мэдэх үү… гэж хэлээд утсаа таслав.
Хөл дээрээ босч чадахгүй хэрнээ чулуу, модтой өдөржин ноцолдох аавын нь төрх нүдний нь өмнө тодорч “Миний хүү аавыгаа орхихгүй биз дээ ” гэх шиг.
Чингүн Чукагийнх руу буцаад алхав. Өөдөөс нь Саку ирж яваа харагдлаа. Түүнтэй юм ч ярьсангүй зөрж, өнгөртөл Чука араас нь гараад ирлээ. Чингүн амдаж очингуутаа шууд:
-Миний амьдралыг чи мэднэ. Аав минь хэвтэрт байдаг. Гэтэл би ингээд явж чадахгүй нь. Чи найзыгаа ойлгоорой… гэж хэлтэл үгийн солиогүй Чука элэгдээд унагаажээ. Нэг хартал Саку гар далайж харагдав. Ухаан алджээ.
-Гэмтлийн эмнэлэг рүү аваачих уу… гэх яриа бүдэг, бадаг сонсдов. Өнхрүүш ирчихсэн:
-Чингүн ээ… Чингүн ээ… гэж дуудаж байгааг мэдэв.
-Харья… Аав дээрээ очъё… гэж амандаа шивнэлээ.
Цагдаагийн хэлтэс дээр жижүүртэй хоносон, ахлах дэслэгч Өнхрүүш:
-Хүнд зодуулсан бололтой хүн туннелийн доор хэвтэж байна… гэх дуудлагаар очиход хөршийн нь хүү иймэрхүү байдалтай хэвтэж байжээ.
-Буруу замаар яваад байна шүү… гэдгийг нэг биш удаа Чингүнд хэлж байсан Өнхрүүш эмнэлэг рүү биш, гэрт нь авчирсан нь энэ…
Хүүгийнхээ энэ бүх яриаг анхааралтай сонсч суусан Шагай:
-Аав нь хүүдээ баярлаж байна. Миний хүү ийм ухаантай шүү дээ… гээд духыг шуналтай нь аргагүй үнэрлэлээ. Юра хөгшин хөшөө шиг зогсч байснаа уулга алдан хоол, цай аягалав.
… “Түнэр” бүлгийнхнээс Чингүн айж байлаа.
-Эгнээнээсээ урвагдагсдыг амь хэлтрүүлэхгүй… гэж ярьдаг тэд яаж ч мэдэх…
Утас нь дуугарч, автал Өнхрүүш:
-Ажил дээр хүрээд ир… гэж дуудлаа.
Хувцсаа солиод, яаран очиход хар тамхины “Түнэр” бүлгийнхэн баривчлагдсан байв.
-Та нарын хаана, юу хийж байгааг бүгдийг мэдэж байсан. Чамайг хэзээ, эд нараас яаж хөндийрөхийг чинь хүлээж байлаа. Чамайг эд нарт автахгүй гэдэгт ах нь итгэж байсан. Ахиад ийм зам руу хальтирч болохгүй шүү… гээд Өнхрүүш Чингүний далан дээр алгадав.
Чингүн урт гэгч нь амьсгаа аваад, аав дээрээ очихоор яаран гүйлээ.
… Шагай мод, чулуугаар бэлэг, дурсгалын зүйл хийнэ. Аавынхаа хийсэн бүтээгдэхүүнийг Чингүн эхлээд зах дээр гаргаж зардаг байснаа борлуулалт сайн байгааг анзаарч “Flower” төвийн хоёр давхарт лангуу түрээслэв. Орлого нь сард саяас доош буухаа больжээ…
Аав, хүү хоёр бизнесээ ингэж эхэлж байсан бол гурван жилийн дараа бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг том компанийг хөл дээр нь босгоод авсан байлаа. Тэднийх бүтээгдэхүүнээ гадаадын хэд хэдэн оронд гаргадаг болсон нь Шагайгийн бэр Бөртэгийн хийсэн ажил.
Чингүний эхнэр Бөртэ эмч мэргэжилтэй. “Уламжлалт эмчилгээгээр мэргэшиж яваа сайн эмчийн нэг”. Энэ бол мэргэжил нэгтнүүд нь Бөртэд өгдөг мялаалгын үг. Тэрээр ажлаасаа илүү гарахгүй суудаг нэгэн биш. Аав, нөхөр хоёрынхоо хийж байгаа ажилд бие, сэтгэлээрээ тусалж, дэм болно. Зах зээлийг дотооддоо биш гадаад ертөнц рүү чиглүүлэх нь зөв гэдгийг Бөртэ олж харав. Аль улс оронд ямар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэйг судалжээ.
Аавынхаа нэрээр хаягласан тэдний “Азын Шагай” компанийн бүтээгдэхүүнийг хилийн цаана гар тосон авдаг хэрэглэгчидтэй болсон нь яах аргагүй тэдний давуу тал. Аав, хүү хоёр ийнхүү дэлхийн улс оронд нэрээ таниулж чаджээ. “Азын Шагай”-г Ази, Европынхон андахаа болив. Тэргэнцэртэйгээ мөлхөх биш Шагай жийп машин сэлгэж унаад давхих болсон…
Манант ертөнц рүү хөл тавьж мансуурч бас ухаарч үзсэн Чингүн гэрлэж, өрх тусгаарлахдаа, аавыгаа дэргэдээсээ холдуулаагүй. Хотын чимээ шуугианаас зайдуу зэргэлдээ хоёр хаус бариулж аав, хүү хоёрынх айлсан бууснаар Шагай хүүгээрээ, өөрөөрөө бахархав.
Хөл дээрээ босч чадаагүй ч Шагай машин бариад бүх ажлаа амжуулна… Гар, толгой хоёр нь завгүй болсон түүнийг өвдөж, зовоох зовиур үгүй болжээ.
Хүүгийнхээ хуриман дээр үг хэлэхдээ нулимсаа барьж чадсан Шагай бэрийгээ төрж, ач хүүтэй болонгуутаа тогоо нэрчихээд түүнийгээ нуух гэж хичээгээгүй “Өвөө болсон хүний нүд усархаг болдог юм байна аа” гээд инээж суусан гэх.
Хадам аавыгаа авч явж “Шаргалжуут”-ын рашаанд оруулдаг бэр нь:
– Нялх биетэй, энэ жилдээ өнжвөл яасан юм бэ гэсэн нөхрийнхөө үгийг сөрлөө.
-Зүгээр ээ. Энэ жил заавал явна. Их эрт бороо орсон. Шавар, рашааны гарц, бүтэц нь хүртэл өөр байгаа… Бөртэ ингэж хэлэв. Тэднийхэн гэрээрээ “Шаргалжуут”-ыг зорьжээ.
…Намрын сайхан өдөр. “Шаргалжуут”-ын рашаанд сувилуулагсад шуугилдаад явчихав. Дөнгөж хоёр сартай хүүгээ өвөр дээрээ эрхлүүлж суусан Чингүн өндийн харвал аав нь босоод, зогсч харагдлаа.
Ж.Дүүрэнжаргал