“Эрч хүчээ хуваалцая” эрүүл мэндийн өдөрлөг нээлтээ хийлээ

2017 оны 10-р сарын 02 өдөр, 13 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1aaaaaaaa

Жил бүрийн есдүгээр сарын 29-нд уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн зүрхний өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ жилийн хувьд “Эрч хүчээ хуваалцая” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн зүрхний өдөр”-өөр нийслэлийн төв талбайд эрүүл мэндийн өдөрлөг нээлтээ хийлээ.

Тус өдөрлөгийг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС, ХААН банкны “ХААН” сан, “Монголын зүрхний холбоо”-ноос хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон НЭМГ-ын харьяа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч,эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Энэ хүрээнд Зүрх судлалын тасаг, Зүрхний шигдээсийн тасаг, Харвалтын тасгаас гадна хөдөлгөөн засалч эмч нар иргэдийг артерийн цусны даралт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зүрхний бичлэг хийх зэрэг эрүүл мэндийн илрүүлэг үзлэгт хамруулж, эрүүл зөв хооллолтын талаар олон талын зөвлөгөө, мэдээлэл  өгч байлаа.

“Эрч хүчээ хуваалцая” эрүүл мэндийн өдөрлөгийн нээлтэнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа болон ХААН банкны төлөөлөгчид оролцсон юм.

Дашрамд дуулгахад, “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан ХААН банкны дөрвөн салбарт цусны даралт хэмжих аппарат суурилуулж буй бөгөөд цусны даралт ихсэх өвчний талаарх сургалт, мэдээллийн буланг нээж ажиллуулахаар болжээ. Ингэснээр тус банкаар үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, хүссэн үедээ цусны даралтаа хэмжих боломжтой болох юм байна.

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх