Түүхт 95 жилийн ойн баярын хуралд Эрчим хүчний сайд П.Ганхүү илтгэл тавьсныг бүрэн эхээр нь хүргэе/
Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрчим хүчний салбарын тулгын чулууг тавьсан ахмадууд, дунд үеийн төлөөлөл болсон инженер техникийн ажилтан, ажилчид, залуучууд, эрдэмтэн мэргэд, салбарыг удирдаж байсан үе үеийн удирдлагууддаа Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж байна.
Их Монгол Улсыг 1206 онд байгуулж, Монгол гэх их эзэнт гүрний хөгжлийн түүхийг нэгэн алхам урагшлуулж, Хархорум хотыг барьж байгуулснаар нүүдэлчин ард түмэнд суурин соёл иргэншлийг түгээн дэлгэрүүлэх нөхцөл бүрдэж байсан бол 1800 онд анхны чийдэн гарснаар “Ертөнц дахины цахилгаан гэрлийн түүх” эхэлсэн юм.
Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаант Монгол улс байгуулагдаж, 1914 онд Богдын хааны өргөө, Засгийн газрын албыг 20 киловаттын жижиг цахилгаан үүсгүүрээр гэрэлтүүлж, 1915 онд Налайхын уурхай оросуудын удирдлагаар ашиглалтад орж, 1921 онд Ардын Засгийн газар Цахилгаан гэрлийн хороог байгуулж Сангийн яаманд захируулж, Ардын Засгийн газрын 1922 оны 2 дугаар сарын 63 дугаар хурлаар Нийслэл хүрээнээ “Цахилгаан гэрлийн хороо”, “Налайхын чулуун нүүрсний уурхай”-н төсөв төлөвлөгөөг анхлан боловсруулж батлан, нийтдээ 23 хүний орон тоотойгоор ажиллаж эхэлснээр Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжих үндэс суурь тавигджээ.
Цахилгаан гэрлийн хорооны анхны даргаар Жанцансамбуу ажиллаж, Ардын Засгийн эдийн засгийн зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар “Цахилгаан гэрэл хэрэглэгчдийн дүрэм”-ийг, 1927 оны БНМАУ-ын Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор “Гэрлийн онц эрхийг эрхлэн явуулах дүрэм”-ийг тус тус батлан гаргаж, энэ үеэс хотын гудамжийг гэрэлтүүлэх, албан газруудад тоолуур тавих, шугам сүлжээг барьж байгуулах ажлууд эхэлсэн байна.
МАХН-ын 7 дугаар их хурлаар аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, ингэхэд уур, цахилгаан нэн чухал болохыг онцлон тэмдэглэснээр 1930 оны 11 сард Дундголын эрэг дээр 500 киловаттын чадалтай цахилгаан станц барих ажлыг эхлүүлж, 1931 оны 8 сард ашиглалтад орсноор Монгол Улсад анхны цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулж, 1932 онд “Дунд голын чийдэнгийн хороо”-г байгуулжээ.
Улаанбаатар хотноо 1931 оны 5 дугаар сард 1 мегаваттын хүчин чадалтай “Төв цахилгаан станц”-ын суурийг тавьж, 1934 оны 2 дугаар сард ашиглалтад оруулж, Монгол улсад анхны цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх станц баригдан ашиглалтад орж, 1939 онд “Уурхай ба ашигт малтмалын трест” байгуулагдаж, Улаанбаатар-Налайхын 35 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн суурь тавигдан их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эх орныхоо гал голомтыг бадраах үйлсдээ хамтран зүтгэж өнөөдрийн оргилд хүрчээ.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1940 онд боловсруулж, 1950 оноос ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар 40 мянга, БНХАУ-ын тусламжаар 50 мянган ам.метр талбай бүхий орон сууцны барилгыг барьж эхэлснээр цэвэр, бохир усны систем, цахилгаан, дулааны хангамж бүхий орчин үеийн тохилог орон сууцны хороолол баригдаж Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийг бий болгох ажлыг эхлүүлжээ.
МАХН-ын XIV их хурлаас “Түлш, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, олборлох, боловсруулах үйлдвэрийн зохистой бүтэц бүхий эдийн засгийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх”-ээр тодорхойлж, үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийг чухалчилж үзэн 1960 онд Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний факультетыг байгуулж, ЗХУ болон бусад улсуудад шилдэг залуучуудыг сурган бэлтгэж эхэлснээр өнөөдөр Монголын эрчим хүчний салбарыг чадварлаг инженерүүд, өндөр мэргэжил боловсролтой үндэсний боловсон хүчин авч явж байна.
“Түлш, эрчим хүчний үйлдвэрийг аж ахуйн бусад салбаруудаас түрүүлэн хөгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу 1961 онд Толгойтын буюу одоогийн “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг, 1963 онд “Дарханы дулааны цахилгаан станц”-ыг барьж эхэлсэн байна.
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл хамтран хэлэлцэж 1965 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор Эрчим хүчний удирдах газрыг байгуулж, түүнд 11 үйлдвэрийг харъяалуулан, аймгийн төвүүдэд эрчим хүчний үйлдвэрүүдийг бий болгож, улсын цахилгаанжуулалтын бодлогыг тус газарт хариуцуулан ажиллуулж, анхны даргаар нь Намсрайн Тогоо, ерөнхий инженерээр нь Э.Агваандорж нар ажиллаж байжээ.
Төв цахилгаан станцын дэргэдэх 35 киловольтын дэд станцыг Толгойтын цахилгаан станцын 35/6 киловольтын дэд станцтай 1964 онд холбосноор Монгол Улсад анх удаа хоёр цахилгаан станц зэрэгцээ ажиллаж, цахилгаан эрчим хүчний систем үүсэх эхлэл тавигдаж, 1964 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Цахилгаан шугам сүлжээний газар, Эрчим хүчний борлуулалтын газрыг байгуулж Эрчим хүчний удирдах газрын харъяанд ажиллуулж, Аж үйлдвэрийн яаманд 1964 онд Диспетчерийн албыг, 1965 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Дархан Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газар”-ыг тус тус байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Ийнхүү Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 2 дугаар таван жилийн төлөвлөгөөнд эрчим хүчийг хөгжүүлэх талаар тавьсан зорилтууд амжилттай хэрэгжснээр Дулааны хоёрдугаар цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцууд ашиглалтад орж, Дархан-Шарынгол-Борнуур-Улаанбаатарын 110 киловольтын цахилгаан дамжуулах шугам, Улаанбаатар, Дархан хотуудад 20 гаруй километр урттай дулааны шугам баригдаж, төвийн эрчим хүчний системийн нийлбэр чадал 60-100 мегаватт хүрч, 1966 оноос эрчим хүчний шинэ эх үүсвэр барих ажил яригдаж эхэлсэн байна.
Эрчим хүчний салбарын түүхийг нүүрсний уурхайнуудын түүхэн замналгүйгээр өгүүлж, бичих боломжгүй билээ. Налайхын ил уурхайгаас хөгжлийн гараагаа эхэлж, 1955 онд Адуунчулуун, 1959 онд Хартарвагатай, Нүүрст хотгор, 1960 онд Цагаан-Овоо, 1962 онд Баянтээг, Өлзийт, 1966 онд Тавантолгой, Цахиурт, Сайхан-Овоо, 1968 онд Хөшөөтийн нүүрсний уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын гал голомтыг үүрд мандан бадраах түлшний хангамжийг мөнхөд ханган иржээ.
Улс ардын аж ахуйг хөгжүүлэх 3, 4 дүгээр таван жилийн төлөвлөгөөний дагуу аймаг бүрт эрчим хүчний салбар, Дизелийн албадууд бий болж, Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын трест, Нэгдсэн засварын газрууд байгуулагдаж, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Чойбалсангийн дулааны цахилгааны станцууд ашиглалтад орж, Алтанбулаг-Дархан-Улаанбаатар, Борнуур-Батсүмбэр-Жаргалант, Дархан-Ерөө-Бугант-Толгойтын цахилгаан дамжуулах шугам баригдаж, Улаанбаатар хотын дулаан хангамжийн хөгжлийн схемийг боловсруулж, түүний дагуу 400-800 мм-ын голчтой дулааны төв шугамуудбаригдсан энэ хугацаа ньэрчим хүчний салбар бүрэлдсэн хөгжлийн үе байлаа.
Зөвхөн тавдугаар таван жилийн төлөвлөгөөний дагуу эрчим хүчний үйлдвэрт нийт 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хангамжийг бүрэн хангахаар хичээн ажиллаж байжээ.
Монгол Улсад Ардын хувьсгал ялснаас хойш 56 жилийн дараа буюу 1977 онд манай улс 1 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, 2 дахь тэрбумыг үйлдвэрлэхэд 7 жил зарцуулсан бол 3 дахь тэрбумыг үйлдвэрлэхэд ердөө 4 жил, 4 дэх тэрбумыг үйлдвэрлэхэд 1.5 жил зарцуулжээ.
Монгол Улсын эрчим хүчний салбар 1972-1989 оны хооронд тогтвортой хөгжлийнхөө үед ирж, үйлдвэрүүд их засвар, техник зохион байгуулалтын төлөвлөгөөнийхөө дагуу өвлийн бэлтгэлээ хангаж, өвлийн их ачааллыг давах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, аж ахуйн зохион байгуулалтыг сайжруулж, Монголд аж үйлдвэрийн зангилаа бүрэлдэн тогтож түлш, эрчим хүч, уул уурхай, хөнгөн хүнсний болон барилгын үйлдвэрлэл амжилттай хөгжиж байлаа.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн аюулгүй найдвартай ажиллагааг хангахад түлхүү анхаарч 1973 онд “Техник ашиглалтын дүрэм”, “Цахилгаан дулааны тоног төхөөрөмжийн аюулгүйн техникийн дүрэм”, “Цахилгаан эрчим хүч ашиглах дүрэм”-ийг шинээр боловсруулан батлуулж мөрдүүлэн ажиллаж эхэлжээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1976 оны тогтоолоор түлш, эрчим хүчний салбар бие даасан салбар болж, Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамыг байгуулж, тухайн үед сайдаар ажиллаж байсан П.Очирбат “БНМАУ-ын түлш, эрчим хүчний аж үйлдвэрийн байршилт, хөгжлийн хэтийн төлөв” сэдэвт илтгэлийг Шинжлэх ухаан технологийн улсын хороонд сонсгож, эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байсан байна.
Түүхэн хөгжлийн энэ үед Дархан-Галуут нуурын 220 киловольтын цахилгаан дамжуулах шугамыг барьж ЗХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системтэй манай төвийн эрчим хүчний систем зэрэгцээ ажиллаж, Улаанбаатар-Багануур, Эрдэнэт-Булган, Дархан-Улаанбаатарын цахилгаан дамжуулах агаарын шугамууд болон 110, 220 киловольтын зангилаа томоохон дэд станцууд баригдснаар төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа хангагдаж байжээ.
Мөн Баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Акудовурак-Улаангомын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг 1988 онд эхлүүлж, баруун 3 аймгийн төв, ойролцоох сумдуудыг эрчим хүчтэй болгох ажлыг шат дараатай хийж гүйцэтгэн хэрэглэгчдийг ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон хангажээ.
Түүнчлэн 1976 онд Багануурын нүүрсний уурхайг ашиглах, том чадлын цахилгаан станц барих судалгаа, зураг төслийг хийлгэж, Нүүрэнтэйн хөндийд “Монгол улсын Түлш, эрчим хүчний цогцолбор газар” байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлж, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг дагалдан “Эрдэнэтийн овоо” уулын ар хөндийд Эрдэнэт хотыг байгуулснаар “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг барих ажлыг эхлүүлж, Улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх 6 дугаар таван жилийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг барьж, Монгол Улсыг цахилгаанжуулах нөр их ажил ундарсан он жилүүд байлаа.
Түлш, эрчим хүчний салбарын эрчимтэй хөгжлийн энэхүү он жилүүдэд Шивээ-Овоо, Баянтээг, Могойнгол, Хүдэн, Хартарвагатай, Өвөрчулуут, Талбулаг, Шарынголын нүүрсний уурхайнууд ашиглалтад орж, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Улаанбаатарын дулааны цахилгаан станцууд, аймгийн төвүүдэд баригдсан жижиг дулааны станцуудыг нүүрсээр хангаж ажиллаж байжээ.
Бидний туулан өнгөрүүлсэн зам, хөгжин ирсэн түүх шулуун дардан байгаагүй, хүнд бэрх цаг мөчүүд олон таарч байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй ээ. Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн шилжилтийн үе болох 1990-2000 онуудад Монгол Улсын гал голомтыг мандан бадраахын төлөө нойр, хоолоо үл хайхран зүтгэж хөдөлмөрлөж байсан ахмадуудаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.
Энэхүү хүнд цаг үед эрчим хүчний салбарыг гал алдуулахгүй зүтгэн ажиллаж байсан уурхайчдынхаа хөдөлмөр зүтгэл, алдар гавъяаг өнөөдөр бахдан дурьдахад таатай байна.
Шилжилтийн цаг үеүүдэд бүх юм өөрчлөгдсөн боловч эрчим хүчний салбар хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах үүргээ тасалдуулалгүй бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэн хийж баруун, зүүн бүсүүдийн эрчим хүчний хангамжийг найдваржуулахад анхааран ажиллаж, төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудад техник технологийн шинэчлэлтийг хийж системийн нийлбэр чадал 770 мегаваттад хүрсэн байжээ.
Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчныг бий болгох, эрчим хүчний үнэ цэнэ, үнэлэмж, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор 1995 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Улсын их хурлын чуулганы хуралдаанаар “Эрчим хүчний тухай хууль”-ийг анх баталж, хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын газрын 1996 оны 120 дугаар тогтоолоор “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”, “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-үүдийг тус тус баталж, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоох, түүний хүрээнд ажил үйлчилгээ явуулах харилцааг зохицуулах, эрчим хүчийг зөв зохистой хэрэглэх, хулгайлахаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байжээ.
Эрчим хүчний хангамжийг найдваржуулах, салбарын үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах, техник технологийн шинэчлэлтүүдийг хийхэд анхаарч Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Япон улс, Холбооны бүгд найрамдах Герман улс, Америкын нэгдсэн улс, Бүгд найрамдах Чех улс, Япон улс, Бүгд найрамдах Солонгос улсын болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар төслүүд хэрэгжүүлснээр төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй алслагдсан аймаг, сумдыг дизель станцтай болгож,“Даланзадгадын дулааны цахилгаан станц”-ыг барьж, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг өргөтгөн шинэчилж, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн үр ашгийг дээшилж, цахилгаан дамжуулах сүлжээний зангилаа станцуудад шинэчлэлтийн ажлууд хийгдэж, төвийн эрчим хүчний системийн ачааллыг тохируулах диспетчерийн удирдлага, хяналт мэдээллийн системийг бий болгосон.
Бидний хүнд хэцүү цаг мөчүүдэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууддаа талархсанаа илэрхийлж байна.
Монгол Улсын эрчим хүчний салбарын бүтцийг шинэчлэх, шинэ хэлбэрээр ажиллуулах шаардлага тулгарч, үүссэн нөхцөл байдлыг зохицуулах, салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Эрчим хүчний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын Их хурлын чуулганы 2001 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар баталжээ. Энэхүү хууль батлагдсанаар эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах, салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрдсэн.
Ийнхүү эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийгдэж Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаж, Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор эрчим хүчний төрийн өмчит 18 компани байгуулагдаж үйл ажиллагаа явуулж, төвийн бүсийн цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд мөрдөх “Нэг худалдан авагч”-тай загварыг баталж хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн “Монгол улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийг Улсын их хурлын чуулганаар хэлэлцэн баталж, эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй аймаг, сумдыг шат дараатайгаар эрчим хүчээр хангах их бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд өнөөдөр Монгол орны 21 аймаг, 333 сум, сууринг эрчим хүчний системд холбож, 24 цагийн турш тасралтгүй эрчим хүчээр ханган ажиллаж, улсын хэмжээнд 220 киловольтын 1183 км, 110 киловольтын 5606 км, 35 киловольтын 9574 км, 15-0.22 киловольтын 25364 км урт цахилгаан дамжуулах шугам, 220-6 киловольт хүртэлх хүчдэлийн түвшинтэй 5466 дэд станцаар дамжуулан 650 гаруй мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
Мөн малчдыг сэргээгдэх эрчим хүчээр хангах “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж 2007 онд амжилттай дуусгасан бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ашиглах явдлыг эрчимжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хууль, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийг Улсын их хурлаар батлуулж, хэрэгжүүлсэн байна.
Монгол Улсын эдийн засаг сэргэж түлш, эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулж, бүтээн байгуулалт, шинэчлэлтийн ажлууд хийгдэж “Дулааны 4 дүгээр цахилгаан станцын шинэчлэлтийн төсөл”, “Түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл”, “Эрчим хүчний хөтөлбөр-1 төсөл”, “Эрчим хүчний сургалтын төсөл”, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэн засварлах төсөл”, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц барих төсөл, “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн байна.
Улс орны эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжил, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахад бүхий л талын боломж бололцоог ашиглан Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 125 мегаваттаар, Дулааны гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг 50 мегаваттаар нэмэгдүүлж, “Амгалангийн дулааны станц”, “Салхитын салхин цахилгаан станц”, “Хонгорын нарны станц”-ууд шинээр ашиглалтад оруулж, ийнхүү бид улс орныхоо хөгжил дэвшил, эрчим хүчний салбарынхаа бүтээн байгуулалтын төлөө тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн суурилагдсан хүчин чадал 1150 мегаватт хүрчээ.
Монгол орны өргөн уудам нутгийг авъяаслаг, ажилч, хичээнгүй инженерүүдийн хүчээр гэрэлтүүлж, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, үр ашгийг дээшлүүлж, алдагдлыг бууруулж, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, өр авлагаа бууруулж, үнэ тарифын бодлогодоо шинэчлэлт хийсний үр дүнд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 31 компанийн дүнгээр 2016 онд 695.7 тэрбум төгрөгийн эрчим хүчний борлуулалт хийж, 11.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, салбарын дүнгээр 201.4 тэрбум төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Эрчим хүчний салбарын хөгжил дэвшлийг эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, хөдөлмөр бүтээлгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Салбарын хэмжээнд 2017 оны байдлаар 1950 орчим аж ахуйн нэгж эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшин бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна.
Хаант Орос улсад 1913 онд Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээр ахлуулсан төлөөлөгчид айлчлан 20 киловаттын чадалтай бага оврын цахилгаан станц авах гэрээ байгуулснаар манай салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь тавигдаж өнөөдөр бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар хөрш болон бусад орнууд, дэлхийд нэр хүндтэй томоохон компаниудтай хамтран ажиллаж байна.
НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагаа, Олон улсын эрчим хүчний Хартийн хүрээн дэх бүс нутгийн хамтын ажиллагаа болон БНХАУ-ын бүх дэлхийн цэвэр эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд болж буй олон улсын хамтын ажиллагааны механизмуудад идэвхтэй оролцон өөрийн орны байр суурийг илэрхийлж, Азийн Супер Сүлжээ байгуулах Гобитек саналаа дэвшүүлж, идэвхитэй хамтран ажиллалаа. Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулахад идэвхитэй оролцож, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн гишүүнээр ажиллаж, эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлагыг дэлхийн улс орнуудын эрчим хүчний хөгжил болон бүс нутаг, хөрш орнуудын эрчим хүчний хөгжилтэй уялдуулж тодорхойлж байна.
Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр батласан бөгөөд тус баримт бичигт эрчим хүчний салбарын 2015-2030 онуудад баримтлах бодлогын зорилт, хүрэх үр дүнг тодорхойлон гаргасан. Энэхүү баримт бичигт Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж байгаа асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал, Үр ашиг, бүтээмж, Байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжлийг салбарын тэргүүлэх чиглэл болгон авч үзсэн.
Мөн 2015 онд “Эрчим хүчний тухай” хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн төдийгүй “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийг Улсын Их хурлын чуулганаар хэлэлцэн баталж, эрчим хүчний салбарт хэмнэлтийг бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын хэмжээнд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байгаа хэдий ч, эрчим хүч хэрэглэгчдийн тоо жилд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байна. Иймд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг найдвартай эрчим хүчээр хангахад эхний ээлжинд одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, цаашдаа бүс нутагт шинээр цахилгаан станц, систем хоорондыг холбосон өндөр хүчдэлийн шугамуудыг барих зайлшгүй нөхцөл байдал үүсч байна.
Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс тэргүүн ээлжинд “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын 250 мегаваттаар, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг 50 МВт-аар, “Дарханы дулааны цахилгаан станц”-ыг 35 мегаваттаар, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 мегаваттаар тус тус нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Тэлмэний 100 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 700 мегаваттын дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 мегаваттын цахилгаан станцуудыг тус тус барихаар төлөвлөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Бид хэдхэн хоногийн дараа Монгол Улсын 2 дахь том салхин цахилгаан станц болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдсан 50 мегаваттын Цэций салхин станцыг ашиглалтад хүлээн авах гэж байна.
Мөн бүс нутгийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах, систем хоорондыг холбосон дамжуулах чадал өндөртэй цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах зорилгоор “Улаанбаатар-Мандалговь”, “Улаанбаатар-Багануур”, “Багануур-Чойр”, “Чойр дэд станц”, “Оюутолгой-Цагаансуварга”-ын цахилгаан дамжуулах шугамуудыг барихаар төлөвлөн шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол Улсын эрчим хүчний салбар 2030 он гэхэд эх үүсвэрийн суурилагдсан чадлыг одоо байгаагаас 2 дахин нэмэгдүүлж, нийт суурилагдсан чадлын 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр, үүн дотроо нийт чадлын 10-аас доошгүй хувийг усны эх үүсвэрээр бүрдүүлж, эрчим хүчний аюулгүйн нөөц чадлыг 20 хувьд хүргэн, эрчим хүчний бодит үнэ тарифын тогтолцоог бий болгож, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүчний систем хооронд өндөр хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугамаар холбож, мэдээллийн хяналт удирдлагын цогц систем бүхий эрчим хүчний нэгдсэн ухаалаг систем бий болгоно гэж салбарын ирээдүйг харж байна. Мөн түгээх, хангах сүлжээг бүрэн хувьчилж, эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөний зарчмаар ажиллуулж, хөрш орнуудтай их чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдож цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох үе удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
“Цахилгаан эрчим хүч, цахилгаан чийдэнг “Ильичийн гэрэл” хэмээн дуудаж байсан 1930-аад онд Цахилгаан гэрлийн станцад ажиллах үндэсний мэргэжилтэй ажилчдыг төвлөрсөн журмаар бэлтгэхээр сонгон ирүүлсэн 15-аас доош насны арван хүүхдийг сургаж эхэлснээр Монгол улсад эрчим хүчний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх суурь тавигдаж, өнөөдөр эрчим хүчний салбарт 20 гаруй мянган инженер техникийн ажилтан, албан хаагчид, ажилчид ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын хөдөлмөрч, бүтээлч хамт олны маань дундаас өнгөрсөн хугацаанд 9 Хөдөлмөрийн баатар, 64 Аж үйлдвэрийн гавъяат ажилтан төрж, түүхт 95 жилийн ойн баяр тохиож буй 2017 онд отгон Хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдингаа хүлээн авч, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Г.Түвшин, Г.Туяахүү, Н.Энэбиш, О.Ганбаатар, Ч.Баттуяа, Р.Хайдав, В.Даваажав нар шагнагдаж ойн баяраа амжилт бүтээл дүүрэн тэмдэглэж байна. Түүнчлэн энэ онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 10 хүн, Алтан гадас одонгоор 39 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 28 хүн тус тус шагнагдсан байна.
Эрчим хүчний салбарын хамт олны минь хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаар шагнаж өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нартаа салбарын нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлж байна.
Тэртээх 95 жилийн өмнө өөхөн дэн, зулын гэрэл, галын дөлөөс өөр гэрлийг мэдэхгүй байсан Монгол орон өнөөдөр дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхан хөгжих үндэс суурийг эрчим хүчний салбарынхан бид тавьж, их бүтээн байгуулалтын түүчээг манлайлсаар ирсэн билээ.
Цаашид ч бид улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж, үргэлжид манлайлагч нь байна гэдэг итгэлтэй байна.
Монгол орны гал голомтыг мөнхөд бадрааж, илч гэрлээр тасралтгүй найдвартай хангах их үйлсэд хичээнгүйлэн зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууд, ахмадууд, инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилчид Та бүхэндээ Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дахин хүргэж байна.
ЭНЭХҮҮ ТҮҮХТ ОЙН БАЯРЫН ХУРАЛД ХҮРЭЛЦЭН ИРСЭН
ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.