Саудын Арабын эзэн хаан Салман өчигдөр зарлиг буулгаж, 2018 оны 6 дугаар сараас эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрлөө. Хүсэн хүлээж байсан баяртай мэдээ сонссон эмэгтэйчүүд хаанд баярласнаа илэрхийлсэн байна. Эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрдөггүй дэлхий дээрх цорын ганц улс бол Саудын Араб юм. Саудын хаан зарлигтаа замын хөдөлгөөний хуульд эмэгтэйчүүдийн машин жолоодох эрхийг баталгаажуулсан өөрчлөлт оруулахыг Дотоод хэргийн сайдад үүрэг болгожээ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд бэлдэх хороог бусад сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг даалгасан байна. Шинэ хуулийг ирэх оны 6 дугаар сараас мөрдөх юм.
Түүнчлэн Саудын эмэгтэйчүүдийг жолооны үнэмлэх авахад нь эрэгтэй хүний батлан даалт шаардахгүй болсон байна. Тус улсад эмэгтэйчүүд нийгмийн ямар нэгэн харилцаанд орохдоо заавал ойрын эрэгтэй хүнийг дагуулж явдаг хуультай юм.
Саудын Араб бол Исламын шашны хэт хуучинсаг үзэл номлолыг хатуу сахиж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн үүргийг зааглаж өгдөг улс. Салман хаан олон жил дагаж мөрдөж байсан зарим хууль,журмыг өөрчлөхөд анхаарал хандуулж,шинэлэг зүйл рүү тэмүүлж байдаг нэгэн аж. Түүнийг хаан ширээнд сууснаас хойш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр зоригтой өөрчлөлт гарсаар буй.
Өнгөрсөн бямба гаригаас Саудын эмэгтэйчүүд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэн орж, олон нийтийн баяр ёслолд оролцох эрхтэй болсон. Үүнээс өмнө зөвхөн эрчүүд нэвтрэх эрхтэй байв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Саудын Араб улс байгуулагдсаны 87 жилийн ойн баярын ёслол болж, эмэгтэйчүүд нь анх удаа эрчүүдтэй мөр зэрэгцэн цэнгэлдэх хүрээлэнд орж баярласан нь энэ юм.
Н.Дөл
manai arhi uuj agsan tawidag hvvhnvvdiig arabiin ertontsod bailgval yaah bol