Хүний ээж /Өгүүллэг/

2017 оны 09-р сарын 27 өдөр, 12 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eej

 Өтгөн хөмсгөндөө зохисон том алаг нүдээрээ инээмсэглэн ширтэх ахыгаа “Бүүр яваад өгсөн…” гэхэд итгэж чадахгүй байлаа.

Өмнө нь зул бадамлах ахынхаа жаазтай зургийг удтал ширтэж суусан Өөлүнд асгартал урсах нулимсаа арчих сөхөө байсангүй. Хайртай залуу Хэрлэн нь  орж ирээд   юу болсныг мэдэхгүй, яах аргаа  олохгүй  сууж байгааг мэдээгүй байна.

-Хурдан хүрээд ир… гээд байхад:

-За… гэчихээд зөндөө удсан. Заавал ийм юм болохыг хүлээсэн хэрэг үү… Өөлүн амандаа ийн үглэн эхэр татан уйлсаар…

-Миний хайр, одоо тайвшир. Талийгаачийн хойноос уйлах муу байдаг юм гэсэн. Хоёулаа Гандан оръё.  Хэрлэн чимээгүйхэн харж сууснаа Өөлүнг ийн аргадав.

                               ***                             ***                                ***

         Аавыгаа  дагаж ирсэн Лутааг мэдээ орох цагаасаа хойш ”Миний төрсөн ах” гэж итгэж өссөн Өөлүн түүнийг ээжээсээ хүртэл өмөөрдөг байж. Лутаа, Өөлүн хоёр хоорондоо дэндүү дотно гэдгийг ойр тойрныхон нь сайн мэднэ. Аав нь нартыг орхисноос хойш Өөлүнгийн ээж ахыг нь илт ад үзэх болжээ.

   Индүүгээр толгойгоо хага цохиулчихаад уйлаад сууж байхад нь Өөлүн:

-Хоёулаа явъя. Энэ гэрээс өөр газар амьдаръя… гээд ахтайгаа хөтлөлцөн эмээгийндээ гүйж очиж байсан удаа ч бий.

    Сургалтын төлбөр өгөх хүн байхгүй гэдгээ сайн мэдэх Лутаа аравдугаар анги төгсөөд ажил хийхээр шийджээ. Тэрээр ажил төрөл хайсангүй. Шууд зах дээр очив. Лутаа өдөржин тэрэг түрж, хүний ачаа зөөж, хэдэн төгрөг олоод, дүүдээ авчирч өгдөг байв.

    Ахаасаа нэг жилийн дараа Өөлүн хуулийн мэргэжил эзэмшихээр их сургуульд оржээ.

Энэ үед ээж Гандиймаа нь бусдын адил мөнгө олох санаатай, байраа зараад Солонгос руу явав. Тэнд очоод нэг их удалгүй  үйлдвэрийн эзэн  гэх солонгос эртэй  дэр нэгтгэсэн ээж нь жилийн дараа Лутааг Солонгос руу татан авчээ. Айлын хажуу өрөөнд ганцаархнаа хоцорсон Өөлүн ээж дээрээ очсон ахдаа атаархавч, яагаад ч юм бэ, санаа зовж, шаналах нь давамгайлдаг байлаа. Ахтайгаа утсаар ярих бүртээ таатай биш байгааг анзаарч  мэдсэн учраас тэр.

-Ажил хийгээгүй ээ. Хэл мэдэхгүй, солонгос эрийн харцаар хөдлөөд явж л байна. Ах нь яг ямар хүмүүсийн гарт орсноо мэдэхгүй байна. Ээж надтай уулзахаа больсон. Хааяа нэг утсаар ярихаараа:

-Хүний үгнээс гарав аа… Толгойгүй болно гэж мэдээрэй… гээд намайг дарамтлах юм. Ахын  нь ойлгосноор ээжтэй суусан тэр эр сайн хүн биш ээ… Хүний газар ингэж яваа ээжийгээ хүртэл өрөвдөх  юм…  гэх. Ингэж ярьснаас нь хойш Өөлүн улам их санаа зовох болжээ.

       Ахтайгаа ярих гээд чадалгүй сар гаруй хугацааг өнгөрүүлэв. Ээж нь ярих боловч Лутаагийн тухай асуухад бараг хариу хэлэхгүй өөр юм ярьж дүйвүүлээд өнгөрүүлнэ. Өөлүн санаа зовохоос хэтрэхгүй, дэмий л утсаа унтраахгүй хононо.

                                 ****                             ****                           ****

        -Үйлдвэрийн агуулах бололтой, том байшингийн үүд сахиж, өдөрт авчирч өгсөн хольцгүй цагаан будааг  идээд, хар ус уугаад хэвтэж байна. Өмхийрсөн юм шиг эвгүй үнэртэй халуун ногоог хоолойгоороо давуулах хүртэл хэцүү юм. Гэхдээ миний дүү намайг ингэж ярьж байна гэж ээжид битгий хэлээрэй, за юу.

      Тэр хүн чи, бид хоёрын төлөө ингэж  явахад нь гомдоохгүй юм сан гэж  бодох юм.   Утас нь холбогдохгүй байсан ах нь нэг шөнө нэлээд яарч сандарсан байдалтай ингэж ярьжээ.

      Хамгийн сүүлд ах нь ингэж ярьснаас хойш дахиад сар гаруй хугацаа өнгөрөв. Тэр үед уйлж байгаагаа нуух гэж ахынхаа хичээж байгааг нь хүртэл Өөлүн мэдэрчээ. Үүнээс хойш Өөлүнгийн сэтгэл санаа хаврын хуйсгануур тэнгэр шиг хачин тогтворгүй байх болов.

   ”Ээж юу л хийж яваа бол…” гэхээс түүний сэтгэл нь эрчлэгдэн шимшрэх, уртын урт өдөр, хоногууд ар араасаа хөвөрсөөр байж.

 Хоёр өдөр ээжтэйгээ утсаар ярих гээд чадсангүй. Лутаагийн утас хаалттай хэвээр байсан нь Өөлүнгийн ээждээ итгэх итгэлийг улам  алдрахад хүргэжээ.

          Ахынхаа төлөө залбирч, аавынхаа хойноос зул өргөн, алагхан зүрхэндээ бэтэг тээн шаналж яваа Өөлүнгийн гар утас шөнө дунд дуугарсан нь түгшүүрийн харанга мэт сонсогджээ.

         -Ах чинь үйлдвэрийн осолд ороод, нас барсан. Ажил явдлыг өнгөрүүлэх гээд завгүй байсан болохоор охинтойгоо ярилгүй удчихлаа… Ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод Өөлүн өөрийн мэдэлгүй гар утсаа алдаж унагав.

 ”Ээж ингэх гэж аваачсан юм байна” гэх уй гашуу түүний  ухааныг балартуулж, “Арай ч дээ…” хэмээн шөнийн аниргүйг эвдэн бархирчээ.

                          ***                                          ***                                        ***

   … -Өнөө шөнийн дотор энэ агуулах доторхи барааг зөөж дуусга. Өглөөний 04 цаг гэхэд чам дээр хүмүүс ирнэ. Үг дуугүй дагаад яваарай…  гэж Солонгос эрийн хэлсэн нь Лутаагийн чихнээс салж өгөхгүй байлаа…

     -Гандиймаа… Чи намайг яах гэж ингэж тамлаж, хүний гарт өгч байгаа юм бэ… Тэр их мөнгөнийхөө барьцаанд намайг өгсөн гэж үү… Арай ч дээ, таныг би өнөөдрийг хүртэл “Ээж ээ” гэж дууддаг. Бас хайрладаг… Та намайг ингэж зовоохынхоо оронд зах хязгаар нь үл мэдэгдэх энэ Хан мөрөн рүү шидүүлчихээч… Хүний гарт үхсэнээс загасны хоол болсон нь дээр…  гээд  Лутаа тунаран ногоорч, уур омог нь багтаж ядах шиг хүчтэй давалгаагаараа үе, үе эргээ мөргөн буцах их далайг нүд цавчихгүй ширтэн зогсоно.

        Энд, тэнд гялтайх гэрэл, машины дохионоос өөр гэгээтэй юм ойр хавьд нь байсангүй.

        Монголдоо ингээд зогсч байгаа бол нутгийн минь тэнгэрт түг түмэн одод  гялалзаад ямар сайхан байгаа гээч….  Лутаа ийн сүлэлдэх бодолдоо мансууран хэсэг зогсоод  буцаж, сүүдэртэн нүүгэлтэх том агуулах руу орлоо.

        Буу үүрэн зогсох солонгос залуугийн хажуугаар өнгөрч, хайрцагласан загас зөөж байгаа хэдэн хүн дээр очлоо. Ирснээ бодвол хэл нэвтэрч, хоорондоо юу ярьж байгааг ойлгохтойгоо болсон Лутаа, өдөр дээрэлхүү зантай нэг муу солонгост нэвширтэл зодуулаад байсан биерхүү залуутай зэрэгцэн, хайрцагтай загасыг хэд, хэдээр нь мөрлөн зөөв. Ачааг зөөж дуусахын хэрд нөгөө биерхүү эр Лутаагийн бодлыг уншсан юм шиг:

-Чи харимаар байна уу… хэмээн асуух нь тэр. Гайхаж, нүдээ бүлтийлгэн өөдөөс нь ширтсэнээ Лутаа дуртай нь аргагүй толгой дохижээ.

Шөнийн 03 цаг гэхэд хайрцагласан  загасыг зөөж дуусган, агуулахыг суллалаа… Цаг гаруйн зай байгаа болохоор ярилцаж тохиролцсоноороо Лутаа, Нам Сунг хоёр агуулахын баруун хойд буланг тойрон гүйв. Тэр буланд хүн багтах зай байгааг Нам Сунг аль эрт олоод харсан байж.

Хэрцгий эзнээсээ гар утсаа хүртэл нууж амжсан Нам Сунг бодож, төлөвлөснийхөө дагуу яаравчлан унаа дуудсанаар Лутаатай хамт Инчооныг зүглэн давхив. Оргож, дайжсан хоёр залуу Инчооны ойролцоохь буйдхан буурчийн газар орогнолоо. Тэндээс толгойгоо цухуйлгалгүй, хоёр хоног бүгжээ. Лутааг бодвол Нам Сунг газар сайн мэднэ. Солонгосоор чөлөөтэй ярих тул тэндээс бүрмөсөн явах ажлаа хөөцөлдөхөөр хот руу явав…

Нэг хоногийн дараа нутаг буцах эрхийн бичиг, онгоцны тийз авчирч өгсөн Нам Сунг гэх вьетнам гаралтай эр өөрөө бас барьцаанд орсон байжээ.

Далайгаар дамжуулан хулгайн тээвэр хийдэг солонгосын бүлэг дээрэмчид бусдаас авах их хэмжээний мөнгөнийхөө барьцаанд гаднын үнэгүй ажиллах хүч авдаг байж. Ийм л замаар тэдний гарт орж, тамираа тасартал ажиллаж байсан вьетнам залуу Лутаагийн царайнаас “Муу хүний гарт бас орсон юм байна” гэдгийг  ойлгосон хэрэг. Ингээд нэрээ ч мэдэлцээгүй байж, харцаараа ойлголцон, Лутаад тусалсан сайхан сэтгэлт энэ залуу өөрөө бас нутаг буцах  тийз авсан байлаа.

 Айдсаа аль эрт үгүй хийсэн хоёр залуу бие биеэ халуун дотно харцаараа мялааж, багтаж ядсан баяр хөөрөө тээсээр Нисэх буудал дээр очив.

Монголын нислэг түрүүлжээ… Лутаагийн суусан онгоц өндрөө аван хөөрөх үед

Нисэх буудал дээр нулимстай хоцорсон Нам Сунгийн санаа сая амарч, найзынхаа даалгавраар Өөлүнтэй утсаар ярьж:

-Ахыгаа угтаж аваарай…  гэсэн баярт мэдээг дуулгажээ.

Өөр эхээс төрсөн ч нэг эцгийн цусаар гагнагдан, нэг гэрт өссөн ах, дүү хоёр “Чингис хаан” Нисэх онгоцны буудал дээр тэврэлдэн уулзав…

 -Үхсэн гэж зүүдлэхээр мөнхөрдөг юм гэж эмээ минь хэлдэг байсан шүү дээ.   Ахыг нь мөнхрөөсэй гэж бодоод, ээж тэгж хэлсэн юм байлгүй… гээд Лутаа Өөлүнг хөтлөн Хэрлэнгийн араас яаралгүй алхсаар машинд суулаа.

Ах нь амьд мэнд хүрээд ирсэнд баярласан Өөлүнгийн сэтгэл тэнгэр гийх адил цэлмэсэн ч “Өөрөөс нь гараагүй болохоор хууль бус наймааныхаа барьцаанд өгч  байдаг ямар муухай юм бэ…  “Минийх биш хүний ээж шүү дээ..” гэж хэлж байгаа нь  энэ хүний  буруу  биш.  Гэхдээ тэр хүн бол миний ээж…” гэх бодол  дотроос нь харанхуйлан түрж, гаднаас  хайрч жиндүүлэх шиг санагдсан ч ахын нь гар дэндүү дотно, дулаан байлаа.

Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх