Өчигдөр болж өнгөрсөн МАН-ын Бага хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг тодруулсан нь олон хүний таашаалд нийцэв бололтой. Хурлын үеэр эв нэгдэлтэй гэдэг намын журмын нөхөд хоорондоо “чи би”-дээ тулсан нь хүмүүст таалагдсангүй. Үүр цайтал хуралдсан МАН-ын бага хурлын үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой муудалцаж бие бие рүүгээ хатуу үг чулуудацгаасан аж. Тэднийг маргаж байхад Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол тэнд байжээ. Б.Чойжилсүрэн Л.Элдэв-Очир руу дунд хуруугаа гозолзуулж, “Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ” хэмээн заналхийлсэн тухай цахим мэдээллийн сайтуудад мэдээлжээ. Төр түшилцэж яваа хоёр эрхэм юуны учир төрийн хүний ёс зүйг умартан гудамжны ноход шиг “уралцав”. Тухайн үед сэтгүүлчид Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Чойжилсүрэнгээс учрыг асуухад, “Энэ бол эр хүмүүсийн хооронд болдог жижигхэн асуудал” гээд тоосонгүй. Үүнийг жижиг асуудал гээд орхилоо гэхэд төрийн хүнд ичиж зовох нүүр,хэлэх хэлэхгүй үг гэж байдаг баймаар санагдана.
Н.Дөл