Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

2017 оны 09-р сарын 25 өдөр, 18 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (2)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов. Төслийн хэлэлцүүлгийг уг хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хөтлөн явууллаа.

Монгол Улсад олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монголд ардчилсан хувьсгал хийсэн анхны зүтгэлтнүүдийн гавьяаг төр үнэлж, тэднийг дурсаж, төрөөс бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Ардчилсан хувьсгалын анхдагч гэж 1990 оны 6 дугаар сарын 1-нээс өмнө МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо, Монголын оюутны холбоог үүсгэн байгуулалцаж элссэн гишүүд, зохицуулагчид, үйл ажиллагаанд нь тэргүүн эгнээнд манлайлан оролцож байсан Монгол Улсын иргэнийг хэлнэ гэж хуулийн төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр МоАХ-г төлөөлж Дарь.Сүхбаатар, ШДХ-г төлөөлж Ш.Шагдарсүрэн, АСХ-ийг төлөөлж Л.Бямбажаргал нар үг хэлж, оролцогчид байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийг сайшааж УИХ-аар оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх