Соёлын өвийг хамгаалахад сэтгүүлчидтэй хамтарна

2017 оны 09-р сарын 21 өдөр, 17 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
soyol

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг соёлын биет бус өвийг хамгаалах ажилд татан оролцуулах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг БСШУСЯ, Соёлын өвийн Үндэсний төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд Улаанбаатар хотын болон 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нийт 40 сэтгүүлч хамрагдав. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтын явцыг ажиглахаар CRIHAP-ийн ерөнхий захирал Лиан Бин, сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ли Тонг, Танг Хайжао, “Хятадын Соёл” өдөр тутмын соёлын сонины сэтгүүлч Шүэ Шуай нар оролцсон юм.

Сургалтанд Монголын Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол улс дахь соёлын биет бус өвийн хамгаалал”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол улс дахь Соёлын биет бус өвийн ашиглалт, хамгаалалтад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан ба ЮНЕСКО-гийн итгэмжит багш нар болох Рахул Госвами (Энэтхэг)болон Александра Денес (АНУ) нар “СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, “СББӨ ба тогтвортой хөгжил”, “Ёс зүй ба үүрэг хариуцлага”, “Урьдчилан мэдээлсэн, сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл”, сэдвээр хичээл зааж, БНХАУ-ын “Хятадын Соёл” өдөр тутмын сонины сэтгүүлч Шүэ Шуай “БНХАУ-ын сэтгүүл зүйн жишээ” сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж ажиллалаа. Танхимд заасан онолын мэдлэгийг хээрийн дадлага ажилтай хослуулах үүднээс оролцогчдыг 5 бүлэгт хувааж, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт уламжлалт аргаар мал маллан цагаан идээ боловсруулах, уламжлалт аргаар эмийн ургамал ашиглан эм хийх, Казак бий биелгээ болон эсгий ширмэл хийх, малд хануур, хатгуур хийх, уламжлалт уран хатгамал (зоосон ширээ)хийх арга ухаан, мэдлэгийг үе уламжлан өвлөж ирсэн өвлөн уламжлагчидтай уулзуулж, тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг, мэдлэг чадварыг сурвалжлах ажлыг багуудаар хийлгэв.

Түүнчлэн сургалтаар соёлын биет ба биет бус өвийн талаарх онцлог ялгаа, соёлын биет бус өвийг тогтвортойгоор өвлүүлэн уламжлуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ямар үүрэг оролцоотой оролцох талаарх БНХАУ, Энэтхэг, Тайланд зэрэг улс орны  сэтгүүлчдийн туршлагаас суралцлаа.

Сэтгүүлчдийн баг бүр сэтгүүл зүйн нийтлэл, богино хэмжээний нэвтрүүлэг, танилцуулга, ярилцлага, слайдыг бэлтгэж Соёлын биет бус өвийг баримтжуулав. Эндээс нүүдэлчин ахуй дагасан олон соёлын биет өв, ялангуяа биет бус өв алдагдаж, гээдгэж мэдэх хэмжээнд ирж байгааг сэтгүүлчид өөрийн сурвалжлагын явцад онцолж, түүнийг хадгалан хамгаалахад анхаарч ажиллахын чухлыг онцолж байв. Тийм ч учраас соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг таниулан алдаршуулахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо хэмжээлшгүй их гэдгийг сургалтыг зохион байгуулагчид онцолж байв.

Цаашид сэтгүүлчид соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг олон нийтэд таниулан сурталчлах, алдаршуулахад заавал үүрэг оролцоогоо нэмэгдүүлж ажил хэрэг болгох, энэ чиглэлийн бүтээл туурвихаар болов.

Энэхүү сургалтын үр дүнд сэтгүүлчид СББӨ-г хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцийн суурь ойлголтыг олж аваад зогсохгүй, СББӨ-г хамгаалахад өөрсдийн эрх, үүрэг, оролцоог тодорхойлж, цаашид СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж болох тухай зөвлөмж боловсруулсан юм.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх