Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна

2017 оны 09-р сарын 21 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
errchim tur

Төв аймгийн хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 27 сумын 16 нь төвлөрсөн халаалттай, 11 сум бие даасан бага оврын уурын зуухтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газар 9 сарын 15-наас халаалт олгож эхэлсэн бөгөөд 40 орчим төсөвт байгууллага, 1700 ААН, 2000 гаруй хэрэглэгчийг дулаанаар хангадаг аж. Үндсэн болон урсгал засварын ажил 95 хувьтай, бэлтгэл ажил сайтар хангагдсаныг удирдлагууд танилцууллаа.

Шинэ суурьшлын бүс болох “Зүүн дэлгэр”-ийн айл өрхүүд найдвартай эрчим хүчинд холбогдсон бөгөөд шинэ нисэх буудал баригдсантай холбоотойгоор өргөжин тэлж, Зуунмод суманд оршин суух иргэдийн тоо өсөж байгаа гэв.

Зуунмод сумын 4 дүгээр сургууль газрын гүний дулаан ашиглаж халаалтын системээ шийдсэн нь эдийн засаг, экологийн хувьд өндөр ач холбогдолтой болсныг сургуулийн захирал Ө.Дуламсүрэн танилцуулсан. 5 жилийн өмнөөс хэрэглэж буй уг технологи байгаль орчинд ээлтэйн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд 250 сая төгрөгийн зардал хэмнэжээ. Хамгийн чухал нь хүүхдүүд дулаан орчинд хичээллэж, тав тухтай байдал бүрдэж чадсаныг удирдлагууд нь хэлж байсан юм. Төвлөрсөн шугамд холбогдоогүй, алслагдсан байршлын газруудад уг технологийг ашиглахад өртөг зардал багатай, тодорхой үр ашигтайг Эрчим хүчний сайд П.Ганхүү  тодотгов.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай байгаа бөгөөд аймгуудын дулааны хангамжийн асуудалд онцгой анхаарч буйгаа салбарын сайд онцоллоо. Нүүрсний хангамжийн тухайд элдэв хүндрэл гарахгүй байх шуурхай арга хэмжээг Засгийн газраас авч, тодорхой зохицуулалтуудыг хийж байна.

Эрчим хүчний сайд П.Ганхүү дараа нь Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд ажиллалаа. Тус онгоцны буудал нь эрчим хүчний хувьд хоёр талын тэжээлтэй байх зайлшгүй шаардлагатай бөгөөд уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх