Нийслэлээс баруун тийш гардаг 22-ын товчоогоор гарч байгаа машин болгоноос 1000 төгрөг хураасан хэвээр байна. Юуны төлөө 1000 төгрөгийн татвар төлж байгаагаа асуухад шүлхийтэй холбоотой гэх. Ариутгаж гаргаж байгаа нь тэр гэнэ.
Машины дөрвөн дугуй руу ус ч юм уу хор ч юм у цацсаны төлөө 1000 төгрөгний зардал гарах уу. Халдварт шүлхий өвчин гарсан учраас замаараа явж байгаа жолооч мөнгө төлнө гэдэг учир утгагүй санагдана. Шүлхий бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн гоц халдварт аюултай өвчин. Олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд мал, амьтанд халдаж тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг учраас уг өвчнөөс цэрвэж болгоомжилдог. Шүлхий өвчин гарснаас хойш нийслэл рүү ордог товчоод дээр харуул хамгаалалт, ариутгалын баг гарч,өчнөөн хүн өдөр шөнөгүй ажиллаж байна.
Үүнийг төр ажлаа хийхээс өөр аргагүйг харуулж байгаа гэж ойлгоно. Ариутгал хийх зөв үү гэвэл зөв. Харин тэр ариутгалыг ард түмнээс мөнгө татаж байж хийх зөв үү. Үнэхээр шүлхийн хариуцлагыг ард түмэнтэй тооцох гээд байгаа юм бол төрөөс зарцууллаа гэх хэдэн зуун сая,тэрбумаар тоологдох мөнгийг юунд зориулдаг юм бэ. Төрөөс шүлхийд зориулсан гээд сүрдмээр их мөнгө ярьдаг биз дээ. Гэвч тэр мөнгө хүрэлцээтэй биш учраас орсон гарсан машинаас 1000 төгрөг хураахгүй бол шүлхий намжихгүй байна гэж ярихыг сонсоогүй. Өдөрт хот руу орох товчоодоор хэдэн зуун мянган машин гарч орж байгаа,тэр болгоноос толгой дараалан авна гэхээр хэр их орлого олж байгааг тогтоож болох.
Шүлхий гарснаас хойш олж байгаа орлогыг хэн халаасалдгийг бүү мэд. Шүлхийг ариутгалын мөнгөөр устгадаг бол өчнөөн хоноход нам дармаар юм. Гоц халдварт өвчин гарахад төрөөс хэдэн тэрбумаар мөнгө зориулдаг. Тэр мөнгө хаачдаг болоод жолооч нар шүлхий тараачихсан юм шиг 1000 төгрөгөөр торгуулна вэ гэж бухимдах жолооч нарыг шүлхийтэй тэмцэгчид ёжтой харна. Бас цагдаа нар пээдгэрхэн харж зогсоно.
Хэр удаан мянга мянгаар мөнгөө өгөхийг таашгүй. Онцгой,цагдаа,гоц халдвартынхан чимээгүйхэн сүрийг үзүүлж байгаад л хураагаад байх юм. Ард түмэн 1000 төгрөгөөр хоосрохгүй ч элэг дөрвөөрөө мөлхөж байгаа өнөө цагт зүгээр л цаас шиг шидээд байх хэцүү байна даа. Өнөөдөр хоногийн хоолоо чадан ядан дөнгөж байгаа ард олноо яах гэж байнга дарамтлан зовооно вэ. Шургаж унатлаа ядарч байгаа иргэдийг шүлхий гарсны төлөө 1000 төгрөгөөр торгоод байгааг ядаж ямар учиртайг хэлээд өгөх хүн байвал сайнсан.
Өдөр бүр 22 –ын товчоогоор гарч явдаг ажилтай жолооч нар шүлхий эхэлснээс хойш өгсөн мөнгөө тооцоход 20,30 мянгыг өлхөн өгчихжээ гэлцэнэ. Монголын төр иргэдийнхээ халаасыг ийм маягаар тэмтэрч байна. Одоо больчихвол ямар вэ, шүлхийг устгагчид аа.
duguiruugaa us tsatsuulaad mongo toldgoo bolii