Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор бүсэд данстай бүх хүнд хандаж эх орноосоо “хумсалж,хулгайлсан” мөнгөө 49 хоногийн дотор оруулж ирж, оффшор дансаа хаахыг уриалсан. Өнгөрсөн долдугаар сарын 24-нд эелдгээр уриалсан тэр уриалгыг оффшорчдын хэн нь ч тоосонгүй. Монгол банкинд үзээд өгье ч гэсэн ганц зоос оруулсан хүн алга.
Эрхбиш улсын ерөнхийлөгч уриалсан юм чинь хулгайч нар мөнгөө буцааж өгч магадгүй гэсэн хүлээлт найдлага олныг горьдоож 49 хонов. Өнөөдөр эх орноо гэсэн хүмүүс оффшорчдын мөнгийг яасхийж эх орондоо авчрах вэ гэж арга чарга хайж байна. Удахгүй жагсаал цуглаан хийх тухай яригдаж эхэллээ. Алийн бүр эвээр ярих вэ, одоо тэмцэнэ гэх яриа чих дэлсэх болов. Үнэн бол болохгүй гэж хориглох аргагүй. Багш нар цалингаа нэмүүлнэ гэж хямарч байгаа.
Удахгүй ажил хаяхтай зэрэгцээд оффшорчдын мөнгийг Монгол руу хөөж ирэх хөдөлгөөн өрнөхийг үгүйсгэхгүй. Улс эх орноо тартагт нь тултал ядууруулчихаад ямар нүүрээрээ баян дээрээ баян болох гэж улстөрчид албан тушаалын наймаа хэлэлцэн хэмлэлдэнэ вэ. Авлигатай тэмцэх газар гэж ганц нэг “загас жараахайтай” хөөцөлдөн цагийг өнгөрөөхөөс өөр хийх юмгүй мэт төрөөс тэжээгддэг дэмий байгууллагыг татан буулгая.
Хэдэн саяын цалин авдаг атлаа нэг ч оффшорчинг илрүүлж чаддаггүй авлигатай тэмцэгчдийг алийн бүр толгойг нь илэх вэ. Хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзсан. З.Энхболд дарга Монголын №1 авлигатай тэмцэгчтэй уулзахдаа Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа дууссан гэдгийг сануулсан. Гэвч Х.Энхжаргал дарга хэдэн хүнийг дуудаж уулзсан гэхээс өөр дорвитой ажил хийсэнгүй. Зүгээр л цалингаа аваад ганц нэг хүнийг дуудаад 49 хоногийг өнгөрүүлжээ.
Төрийн ажил ийм байхад хулгайлсан мөнгөө гадаадаас аваад ирье гэх хүн олдохын болов уу. Х.Энхжаргал даргын ярьснаар, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах учиртай аж. Өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй гэх.
Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа юмсанж. Өөрөөр хэлбэл, аль улс нь оффшор бүс, аль нь оффшор бүс биш гэдгийг ялгаж мэдэхгүй мэдэн будилсаар өнөөдрийг хүрчээ .
Хуулиар бол гурван сар, 30 хоногийг хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-ны орчимд Монгол Улс оффшор бүсэд ямар улс багтахыг сая мэдэж болно гэсэн үг бололтой. Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрсөн 49 хоног шиг чимээгүйхэн урсаад өнгөрнө. Юу болохыг хүлээх л үлдэв. Оффшорчдын мөнгийг Монголд оруулж ирнэ гэх үлгэр жаргах болоогүй байна.
Н.Дөл
ЭХ ОРОНЫ БАЯЛГЫГ ХУЛГАЙ ХИЙССЭН НӨХӨДЫГ БҮГДИЙГ ЦААЗААР АВЧИХ ТИЙМ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧ ДААН Ч АЛГА ДАА ,
Хулгайчуудыг барьж хорих хэрэгтэй монголд хулгай хийсэн хөрөнгө нь байж л байна хурааж улсын орлого болгооч