Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааснаас хойш шинээр байгуулагдах засагт илүү орон тоог байхгүй болгоно, төрийн мөнгийг хэмнэнэ гэж дугарах эх оронч одоохондоо алга. Монгол даяар төрийн хямралтай зэрэгцээд санхүү, эдийн засаг сульдаж доройтсоныг дээр доргүй мэдэж байгаа атлаа хэмнэе,эрд түмнийг өрөвдөе гэх дуу хоолой огт гарахгүй юм.
Улс оронд хүндрэл бэрхшээл тохиолдоход төрийн илүү зардлаа танадаг. Ард түмнийхээ амьдралд аль болох хүндрэл,дарамт учруулахгүй байхыг чухалчилдаг байлтай. Харин манай ихэс дээдэс таг чиг. Эрхбиш цаг нь болохоор дугарна гэж найдъя.
Төрийн “данхар” бүтцийг цомхон болгохгүйгээр цааш явах хэцүү. Монголын төрд дэд сайдууд,орлогч дарга нар гэх мэтчилэн байлаа гээд нэмэр багатай,байхгүй гээд үгүйлэгдэхгүй албан тушаал олон байна. Яагаад дэдүүдийг “устгаж” болохгүй гэж. Төрийн нарийн бичгийн дарга гээд яам болгонд байж байхад дэдүүд машин унаж,өндөр цалин хангамж эдэлж эрхлэн суух хэрэг байна уу. 13 дэд сайдыг “байхгүй болговол” хэмнэлт гарна. 13 туслах, 13 жолооч хэмнэгдэнэ. Тэгээд бас утас шөрмөс,бичиг цаасны зардлаас авахуулаад гадаад,дотоод томилолт, зугаалгын зардлыг хэмнэнэ гэвэл багагүй дүн гарна. Тэгээд бас унадаг машины бензин,тос,техникийн зардал, хангамж гээд хайран мөнгө урсахаа болино.
Дэдүүд угаасаа төрийн тэжээвэр амьтас. Намдаа чин үнэнч байсных нь шагнал. Аль ч нам төр барьж байхад дэдүүд байсан. Тэд сайн дураараа албан тушаалаасаа татгалзах нь байтугай чирээд гаргах гэвэл ширээнээсээ зуурна. Даанч зөөлөн суудал,эрх ямбыг хэн эдлэхээс татгалзах вэ. Үүнийг улиглан хэлэхийн учир нь удахгүй төвхнөх шинэ засгийн Ерөнхий сайд болон сайд нарын танхимд багтах эрхэм дээдсүүд болгооно гэдэгт найдсаных. Өнөөдөр ард түмэн нуруугаа хотойтол туйлдан ядарч байна. Гэхдээ монгол хүний жудаг зааж тэвчиж буй. Төрөөр тэжээлгэдэг хэрэггүй орон тоог цөөлж,сандал суудлыг чөлөөлбөл зоригтой шийдвэр гаргалаа гэж шинэ засгийн газарт ард түмэн талархана.
Н.Дөл