Дөнгөж сургуульд орсон 6-хан настай нялх амьтад үүрсэн үүргэвч цүнхэндээ түүртэн бөгтийн бүдчин урагш зүтгэнэ. Тэднийг одоохондоо эцэг эх,ах эгч ,эмээ өвөөгийн хэн нэг нь хүргэж өгдөг тулдаа л болж байх шиг. Өөрөө цүнхээ үүрч яваа багачууд ямар өрөвдөм харагдана вэ. Ийм дүр зургийг өдөр бүхэн харсаар байгаад бүгд тоохоо больжээ.
Ганцхан нэгдүгээр ангийнхан ч биш бага ангийнхны үүрч байгаа ачаа арай л хүнд юмаа. Үүнийг багасгах арга байна уу, боловсролын сайд дарга нар аа. Ардын сургуулийн алтан босгыг алхсаны шийтгэл мэт бяцхан үрсээ сөхөрч унатал ядраах хэнд хэрэгтэй вэ.
Өнөөдөр багш нар цалингаа нэмүүлнэ гэж жагсаж цуглаж байхдаа бяцхан шавь нарынхаа хүнд ачааг хэрхэн хөнгөн болгох вэ гэж ганхийхгүй юм. Хэдэн мянган бага ангийн багш нар дотроос шавь нар нь дэндүү хүнд цүнх үүрч яваад санаа тавьсан хүн байна уу.
Цүнхээ даахгүй яваа багачуулдын төлөө дугарснаас цалингаа нэмүүлэхийг илүүд үзнэ. Энэ бол Монголын багш нарын нийтлэг дүр. Ядаж ном сурах бичгийг нимгэн болгож болдоггүй юм уу гэсэн санал гаргасан багш боловсролын салбарт дуулдсангүй.
Харин үр хүүхдээ өрөвдсөн томчуул хааяахан бүтэн жилээр үзэх сурах эрдмээ өдөр бүр үүрч зүтгэнэ гэдэг амаргүй. Сараар ч юм уу улирлаар ч юм уу үзэхээр багасгаад хэвлэж болдоггүй юм уу гэж гомдоллох боловч энэ үгийг тоож сонсох хүн олдоогүй байна. Бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдээс хүүхдийнхээ үүрч яваа ачаанд санаа зовдоггүй хүн нэг ч байхгүй байх.
Дэмий л аль болох хөнгөн үүргэвч авч өгөхөөс авахуулаад арга чарга хайж байдаг. Ер нь сурагчийн үүргэвч хэр хүнд байх ёстой вэ, зохистой жин ямар байх ёстой вэ гэсэн стандарт Монголд байхгүй. Энэ талаар сонирхсон судалсан эрдэмтэн мэргэд, эмч эрүүл ахуйч алга. Ийм асуудал сөхөж боловсролын яам, газрын мэргэжилтнүүдээс хэнээс нь ч асуухад дорвитой хариулт өгөхгүй. Өдөр бүр хичээлдээ хамгийн багадаа 6-8 кг ачаа үүрч ирж буцдаг хүүхдүүдийн нуруу бөгтийж,бие давжаарах биш үү гэхэд эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж болох юм шүү хэмээн зарим нэг нь бөөрөнхийлнэ.
Монголын багш нарын бусдаас ялгарах онцлог нь бүх хүүхдийг онц сургах, болж өгвөл эрдэмтэн болгох. Түүнээс биш хүүхдийн эрүүл чийрэг байх,эх орондоо сайн хүн төлөвшүүлж өгөх чухал биш. Ийм зорилготой болохоор амьтны нялх үрс “ачаатай тэмээ” шиг зүтгэх ядарч явах тэдэнд падгүй. Ер нь хүнд ачаа хүүхдийн тулгуур хөдөлгөөний систем болон биеийн галбирт асуудал үүсгэх нь тодорхой. Нуруу муруйх, бөгтөр болох, хөлний ул хавтгай болох, өсөлт удаашрах, мөрний хэлбэр өөрчлөгдөх гээд элдэв гажиг үүснэ гэж нийгмийн эрүүл мэндийн ажилтан ярьж байна. Хүүхэд үүргэвчиндээ түүртэн байнга бөгтийж яваад байвал нүдний хараа, зүрх болон дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдах нигууртай.
Хүүхэд хичээл дээрээ толгой өвдөж байна, ядарч байна, толгой эргэж байна, нуруу, хөл өвдөж байна гэж гомдоллодог нь хүнд ачаа үүрснийх. Тэгэхээр хүүхдийнхээ ачааг хөнгөл,ээж аавууд аа. Эрдэмтэн болохоос илүү эрүүл хүүхэд танд, бас эх оронд хэрэгтэй.
Дэлхийн аль ч улс оронд ирээдүй үеийнхэндээ онцгой анхаарал хандуулдаг аж. Тухайлбал,Португалийн эрдэмтдийн судалснаар,сурах бичиг ном, үзэг харандаа мэт хичээлийн хэрэгсэл цүнхний хүнд нь хүүхдийн биеийн жингийн 10 хувьтай тэнцүү байх ёстой юм байна. Гэтэл Монгол Улсад үүнийг хэн ч үл тоосоор байх авай.
АНУ-ын хүүхдийн эмч нарын академийн зөвлөмжийг толилуулъя.
Тус академийнхан сурагчийн үүргэвчний жин ямар байхыг тогтоожээ. Цүнхний хүнд 500-700 гр гэж тооцвол доторхи ном дэвтэр хичээлийн хэрэгсэлтэйгээ нийлээд хэр хүнд байхыг доорхи байдлаар тооцоолсон байна.
- 1-р ангийнхны цүнх –1,2 кг хүртэл;
- 2-р анги –1,6 кг хүртэл;
- 3-р анги –2,3 кг хүртэл;
- 4-р анги –2,6 кг хүртэл;
- 5-р анги– 2,8 кг хүртэл;
- 6-ранги–3,1 кг хүртэл;
- 7-8-р анги – 3,5-3,6 кг хүртэл;
- 9-12-р анги – 4 кг хүртэл жинтэй байвал эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй зохистой хэмжээ гэнэ.
Н.Дөл