З.Энхболд энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

2017 оны 09-р сарын 14 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (1)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн эх орондоо ирсэн Зэвсэгт хүчний мотобуудлагын 6 дугаар батальоны цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт болов.

Энхийг сахиулагчдад шагналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах бүрэлдэхүүн гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 124-р ангийн эмнэлгийн дарга, хошууч Баатарын Гэрэлчулууныг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Мэндийн Батдорж, Зэвсэгт хүчний 345-р ангийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 089-р ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Сүхээгийн Азай, Зэвсэгт хүчний 311-р ангийн ахлах тогооч, дэд ахлагч Бямбасүрэнгийн Алтанзаяа, ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын ажилтан, ахмад Түмэнзоригтын Амарсайхан, Зэвсэгт хүчний 186-р ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч Өлзийдүүрэнгийн Ариунбаяр, Зэсвэгт хүчний 014-р ангийн зэвсэг, техникийн дарга, ахлах дэслэгч Кайналын Аямурат нарын зэрэг нийт 36 хүнийг Цэргийн хүндэт медалиар, ОБЕГ-ын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж, Зэвсэгт хүчний 339-р ангийн цахилгаанчин, гагнуурчин, дэд ахлагч Цэгмэдийн Адъяамөнх, Зэвсэгт хүчний 256-р ангийн цахилгаанчин, ахлагч Болдбаатарын Адъяахүү, Зэвсэгт хүчний 065-р ангийн офицер, ахмад Цэдэнбалын Ажмянган, Зэвсэгт хүчний 330-р ангийн буудагч, дэд ахлагч Алтанчимэгийн Азжаргал, Зэвсэгт хүчний 016-р бригадын харуулч, дэд ахлагч Чимэддамбын Азжаргал нарын зэрэг 490 энхийг сахиулагчийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм энхийг сахиулагчид аа,

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,

Та бүхэнд Монгол төрийн бодлого, шийдвэрийн дагуу итгэл хүлээлгэн даалгасан нэн хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж, эх орон, элгэн садандаа эсэн мэнд эргэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүрэгт ажлаа хүлээн авсан мөчөөсөө Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, тэр дундаа дэлхийн халуун цэгүүдэд эх орноо төлөөлөн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, цэргийн албан хаагчдынхаа үүрэг гүйцэтгэл, цагийн байдлын талаарх илтгэл, мэдээлэлтэй шуурхай танилцаж, эгзэгтэй, түгшүүртэй нөхцөл байдал үүссэн цагийн тохиолдол бүрийг тухай бүрт нь мэдэрч, шаардлага гарсан үед холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ямагт бэлэн ажиллаж байсныг энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүний байр суурийг бэхжүүлэн дээшлүүлэхэд та бүхэн нөр их хөдөлмөр, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвар, чанд сахилга бат, нэгдсэн зохион байгуулалттай үйл ажиллагаагаараа үнэтэй хувь нэмэр орууллаа. Ингэснээр Монгол Улс дэлхийн олон улс оронтой ижил тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай орчин нөхцөл бүрэлдэж, улмаар манай улсын гадаад нэр хүнд дэлхийн тавцанд улам бүр өсөн нэмэгдэж, улс орны аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар барих Монгол төрийн бодлого бодит байдал дээр ажил хэрэг болон хэрэгжиж байгаа чухал үйл хэрэг юм.

Имй учраас Монгол Улсын төр, засаг та бүхний гүйцэтгэсэн үүрэг, эх орныхоо бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнан урамшуулж байна.

Та бүхэн улс орон, зэвсэгт хүчнийхээ өмнө байгуулсан гавьяа, үйл хэргээрээ үргэлж бахархаж, нйигэмд сайн сайхны үлгэр дуурайлал болон ажиллаж, амьдарч байгаа газар бүхэндээ, алба хааж буй анги, салбартаа энхийг дэмжих үйл ажиллагааны явцад сурч эзэмшсэн мэдлэг, ара туршлагаа сэтгэл харамгүй зааж сурган батлан хамгаалах салбарын шинэчлэлийн бодлого, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд манлайлан оролцож, энхийг сахиулагч гэдэг эрхэм алдраа ямагт дээдлэн өндөрт өргөж явахыг захиас болгоё.

Эх орныхоо захиас даалгаврыг биелүүлж яваа хүүгийнхээ, ханийнхаа, аав ээжийнхээ бат найдвартай ар тал болж, үргэлж сэтгэл зүрхээрээ хамтдаа энхийг сахиулж байсан цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийнхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцон үүргээ амжилттай гүйцэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнуулсан Зэвсэгт хүчний мотобуудлагын 6 дугаар батальоны цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэлээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх