Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий, эрхмүүд ээ

2017 оны 09-р сарын 12 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zassssag

Монголд төрийн хямрал нүүрлэжээ. Эрх мэдэлд амташсан  улстөрчид тун удахгүй хуваах шинэхэн “бялуу” руу ухаан жолоогүй довтлохоор зэхэж байна.  МАН-ын гишүүдээс олонхоо бүрдүүлсэн парламент Засгийн газраа унагаасны цаана хэмжээлшгүй их ашиг сонирхол  нуугдаж байгаа. Энэ бол нууц биш.

Ж.Эрдэнэбатын толгойлсон мэргэжлийн Засгийн газрыг байгуулах үед бялуунаас долоож амжаагүй нөхөд гомдохын ихээр гомдож үлдсэн. Тиймээс засгийг унагахаас өөрөөр реваншаа тайлах арга байсангүй. Үүнийг эрхэм дээдэс байтугай байрныхаа гадаа нарлан суугаа өвгөд хөгшид ч мэднэ. Засаг унагаасан эрхмүүд шинэ Засгийн газарт бараг бүгдээрээ багтчих горьдлоготой яваа. “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэдэг шүү дээ. Гэхдээ их санасан газар есөн шөнө хоосон хононо гэж ч бас бий.

Одоогийн байдлаар Ерөнхий сайд болох жагсаалтыг У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нар өнгөлж  буй.  У.Хүрэлсүхийн хувьд засагтайгаа хамт уначихаад шинэ засгийг толгойлно гэдэг боломжгүй. Магадгүй,намынхаа дарга болвол засаг толгойлох том шанс бий. Ц.Нямдоржийг хөгширсөн гээд голж байгаа дуулдана. Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд гэхээсээ илүү Сангийн сайдад тохиромжтой гэлцэнэ.

Хуучин засагтайгаа огцорсон С.Бямбацогт шинэ засаг руу орж ирвэл үүдээр гарсан хүн тооноор орж ирлээ гэдэг болох биз. Д.Хаянхярваагийн хувьд “Хонгорыг хордуулсан” гэдэг шуугианаас арайхийж гарснаас өөр муу хэлэгдэх юм багатай байх. Ерөнхий сайд болгоно гээд зүтгүүлчихвэл болохыг үгүйсгэхгүй.

Төрийн ордноор зөрж нисэлдэх “бор шувуунууд” засгийг унагахад багагүй хувь нэмэр оруулсан  Т.Аюурсайханыг зүгээр орхиж болохгүй гэлцэнэ.  Гэвч тэр амттайхан бялуунаас хүртэх хувьгүй нэгэн бололтой. Учир нь түүний нэр бүдэгхэн ч атугай үл сонсогдоно.

Нам дотроо дэмжлэг муутай  гэдэг юм билээ. Шинэ сайд нар хэн бол гэдэг таавар олныг гайхшруулж байна. Батлан хамгаалахын салбарыг  Ж.Энхбаяр удирдана гэлцэнэ. Тэрээр угаасаа генералын хүү бөгөөд энэ салбарыг арван хуруу шигээ мэддэг юм гэнэ билээ. Өвөрхангайн фракцаас С.Чинзориг Нийгмийн хамгааллын сайдад яв цав тохирох аж.

Харин Өвөрхангай угшилтай Д.Сумьяабазар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар Шадар сайд руу зүтгэж байгаа бөгөөд хоорондоо ширүүн өрсөлдөх янзтай. Сайдын суудал мөрөөдөж яваа эрхмүүдийн жагсаалт санаандгүй  хүмүүсээр дүүрчээ. “Их засаг”-аар  овоглодог Н.Учрал хэмээх залуу шинэ засгийн боловсрол,соёл,,шинжлэх ухааны салбарыг тэргүүлнэ гэх бор шувуу чангахан жиргэж байна.

Багш нарын цалингаа нэмүүлэх жагсаалын арыг дааж байгаа хүн тус салбарыг аль эрт хөдөлгөөд эхэлсэн бололтой. Хэрэв сайд болчихвол багш нарын сарын цалинг 1.6 сая болгож чадах уу гэж Н.Учралаас асуумаар. Тэр их мөнгийг хувиасаа гаргахгүй юм бол одоохондоо Монголын санхүүгийн “халаас” тун ч нимгэн байгаа.

Санаандгүй сайд болох хүмүүсийн жагсаалтад Х.Нямбаатар гэх сүйхээтэй эрийн нэр дуулдана.  Хуульзүйн сайд болно гэнэ. Ахмад хүмүүст дургүй  тэрээр УИХ дахь ахмадуудтай хэсэгтээ л үзэлцэж, олны дургүйг хүргэж байсныг хүмүүс мартаагүй байна. Өнөөгийн ахмадууд улс орны ачааг нуруундаа үүрч өдий хүргэснийг Х.Нямбаатар хүлээн зөвшөөрдөггүй гэвэл тэгтлээ ташаа мэдээлэл болохгүй байх. Үүрд мөнх залуугаараа байх байгалийн өгөгдөлтэй хүн хуульчдыг толгойлох уу гэдгийг харах л үлдэв.

Жагсаалт цааш үргэлжилж буй.  Хүнс хөдөө аж ахуйн салбарыг Х.Болорчулуун удирдах бол  эрүүл мэндийн салбарыг Д.Сарангэрэл хариуцах гэнэ. Сэтгүүлч мэргэжилтэй хүнд эрүүл мэндийг өгнө гэхээр МАН бэлтгэгдсэн боловсон хүчингүй зүдэрч байгаа нь илт. Нохойнд хөшөө босгодог Б.Батзориг барилгын салбарт тохирч байгаа гэхээр айл болгонд хөшөө барьж өгнө гэсэн амлалтаа биелүүлэх үүд хаалгаа нээж байна уу гэлтэй.  МАН дахь бүлэглэлүүд зав чөлөөгүй цуглаж,уулзалдаж хэнийг Ерөнхий сайдад зүтгүүлэх, хэнийг сайдаар томилуулахаа ярьж байна. Хотоос гарч “хор найруулах” моодноос гарч хилийн чанадад уулзалддаг болсон гэх “бор шувуу” нисээд эхэлчихэж. Монголын улстөр улам сонирхолтой хөгжилтэй болох өнгө аяс харагдаж байна бус уу.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 7 сэтгэгдэлтэй
  1. Эмч
     (202.9.42.2.***)
    2017/09/14 22:30

    ЭМЯ САЙДАД ЦОЛМОН БОЛВОЛ ЭМ САЛБАРТ БОЛОХ БАЙХ ДАА

    (0) (0)
  2. эх оронч
     (202.9.41.2.***)
    2017/09/13 22:07

    чагнуур барьж үзээгүй Сарангэрэл эрүүл мэндийг барахуу

    (0) (0)
  3. Bolormaa
     (202.21.106.***)
    2017/09/12 18:19

    Хуучин ЭМЯ-ны дэд сайд асан, Ж. Цолмон гэж мэргэжлийн хүн Эрүүл мэндийн сайд болох байлгүй дээ. Ямар ч засаглал тогтсон мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа хийхийг сануулаад байнаа гэж ойлгоод байгаа ш дээ.

    (0) (0)
  4. зочин
     (43.242.241.***)
    2017/09/12 17:01

    Одни чёрты.Сколько можно терпеть

    (0) (0)
  5. эх оронч
     (43.242.241.***)
    2017/09/12 16:59

    хэн нь ч гарсан идэж ууна. Тэр бол тодорхой. Ард түмнийг хэр удаан мөлхүүлэх бол. Үнэндээ туйлдаж бнаа. Хэн гарч ирээд сайн болгох бол гэсээр цөхөрлөө шдээ

    (0) (0)
  6. Монгол ДНК
     (128.199.22.***)
    2017/09/12 15:39

    МАН томоохон шинэчлэл өөрчлөлтийн салхийг маш амжилттай эхлүүлж чадсан. Одоо 60 тэрбумийн нөхдүүдээс намаа нэг мөр цэвэрлэжм намаа улсаа гэсэн сэтгэлтэй нэгэнээ ЕС болон намын дарга болгох хэрэгтэй

    (0) (0)
  7. asa
     (202.131.24.***)
    2017/09/12 15:37

    ulsiin tosow deer suusan mungunii buleglel yadarsan irgediinhee tatwariin mongoor uls tor hj barun solgoigui tsatsaj bgaag mongoliin buh hun medej bgaaa…

    (0) (0)