Ж.Бат-Эрдэнэ: Жилийн дотор Ж.Эрдэнэбатынхаас илүү сайн ажилласан Засгийн газрыг мэдэхгүй

2017 оны 08-р сарын 23 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1503380620599bc48c8c448

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хөдөөд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилготой “Шинэ хөдөө” төсөл санаачилжээ. Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өчигдөр уулзаж, МАН-ын 2016 оны сонгуулийн хөтөлбөрт тусгасан “21:100” зорилттой уг төслөө уялдуулах санал тавьсан юм. Монголын улс төрд өрнөж буй “үймээн” болон “Шинэ хөдөө” төслийн талаар түүнтэй ярилцлаа.

-Өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөлийн талаар таны байр суурийг сонирхъё. Танай намынхан хагаралдаж, талцан, бие бие рүүгээ хатуу үг чулуудаад эхэллээ. Та үйл явдлын өрнөлийг хэрхэн дүгнэж байна вэ?

 -Би намаа шинэчлэх санаачилгыг дэвшүүлж, голлох үүрэгтэй явсан хүний нэг. “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” жигүүрийн дэд зохицуулагчаар ажиллаж байлаа. Намын шинэчлэлийн талаар байнга ярьж байх ёстой гэж үздэг. Гэхдээ би үүссэн асуудлыг аравдугаар сард намын Их хурлаараа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Намын Удирдах зөвлөлийнхөн үүссэн асуудлыг Их хурлаараа шийдвэрлэнэ гээд тохирчихсон. Улстөржихийн оронд төсвийн бодлогоо сайтар боловсруулчих хэрэгтэй байна, санаа зовоож байгаа бас бус ажлууддаа анхаарах хэрэгтэй. Улстөржилтөө аравдугаар сард хий гэж хэлмээр байна.

 -Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын 30 орчим гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэх албан бус мэдээлэл авлаа. Та гарын үсэг зурсан уу?

 -Гарын үсэг зураагүй. УИХ-ын чуулганы үеэр намынхаа бага хуралд оролцохдоо байр сууриа илэрхийлнэ.

 -Засгийн газар идэвхгүй ажиллаж байна гэж УИХ-ын гишүүд, эдийн засагчид, иргэний нийгмийнхэн ярихыг сонслоо. Таны бодлоор идэвхгүй ажиллаж байна уу?

 -Би Булган аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн. Жишээ нь, Булган аймгийн удирдлага муу ажиллаж байна гэж иргэд нь гомдоллодог. Дээд түвшиндээ Засгийн газар муу ажиллалаа гэж ярьж байна. Буруу дүгнэсэн хандлага яваад байна уу даа. Засгийн газрыг эмхлэн байгуулаад нэг жил боллоо. Засгийн газрын бүрэлдэхүүнд  ажиллаж байгаа хүмүүсийн хийж, хэрэгжүүлж буй ажил урд урдын гүйцэтгэх засаглалаас доор ороогүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зөв шийдвэр гаргаж ажиллаж байгаа гэж боддог. Үүгээрээ бусад Засгийн газраас илүү байх. Жилийн хугацаанд үүнээс илүү гоц гойд ажилласан Засгийн газрыг мэдэхгүй юм.

 -Тэгвэл яагаад танай намын хэсэг гишүүн огцруулах гээд гарын үсэг цуглуулаад байгаа юм бэ?

 -Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон улстөржилт дуусахгүй байна. Улстөржилтийн хөөсийг даръя, ажил хийе гэсэн сонирхол алга. Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон улстөржилтийг цааш нь үргэлжлүүлье гэсэн улс төрийн хүчнүүдийн тоглоом болж байна. Хэрэв Засгийн газар хөдөлбөл хэдэн хүн хожиж, амбийц нь дарагдана. Өөр ямар ч үр дүн гарахгүй. Бодлого яг хэвээрээ л үргэлжилнэ. Шинэ Засгийн газар байгуулагдаад, гайхамшигтай үр дүнтэй бодлого хэрэгжүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Өнөөгийн бодлогыг л хэрэгжүүлнэ. Энэ бол хоосон улстөржилт.

 -Тэгэхээр та учир зүйгээ олоод цаашдаа хэвийн ажиллана гэж найдаж байгаа байх нь ээ?

 -Дахиад хэлье. Том нам шүү дээ. Жижигхэн хатгаасанд өнхрөөд уначихгүй байх.

 -Одоо таны санаачилсан “Шинэ хөдөө” төслийн талаар ярилцъя. Энэ төслийг хэрэгжүүлснээр хөдөөгийн иргэдийн амьжиргаа хэрхэн сайжирч, тэдний амьдралд ямар үр ашиг өгнө гэж төсөөлж байгаа вэ?

 -Хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг бид аль эрт тодорхойлчихсон. Гэхдээ бодлогоо хэрэгжүүлэх алхам хийхгүй явж ирлээ. Иргэд нь орлоготой, аж ахуйн нэгжүүдийнх нь үйл ажиллагаа нь сайжирсан, баялаг бүтээдэг хөдөөг би хүсэж байгаа. Тиймээс “Шинэ хөдөө” төслийг санаачилсан. Өндөр хөгжилтэй орнуудын хөдөөгийн иргэд жижиг, дунд үйлдвэрлэл, ферм эрхлээд чинээлэг амьдардаг. Монголын хөдөөгийн иргэдийг тийм л амьдралтай болгомоор байна. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах гэх мэт том бодлого ярьж ирсэн. Өнөө маргаашгүй их мөнгө олж ирээд торгонд хөлбөрүүлж, тосонд умбуулах юм шиг ард иргэдээ хүлээлгэлээ. Гэтэл энэ том бодлогын гадуур хөдөөгийн иргэд хаягдсан байна. “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг 2018 оны төсөвт тусгая гэж Ерөнхий сайдад хандлаа.

 -Та “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхэд жилд 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж үзэж байна. Ийм хэмжээний хөрөнгөөр нэг төслийг санхүүжүүлэх боломж манай улсад бий юу? Төсөв хөрөнгө хосё байгаа шүү дээ.

 -Төсөв хөрөнгө хүрэлцэхгүй гээд хойш нь тавиад байж болохгүй. Боломж, нөөцөө дайчлаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Тариа таривал эхлээд тархиндаа ургуул гэсэн үг байдаг. Үүнтэй адил ийм зүйлийг заавал хийх ёстой гэдэг үзэл бодлыг УИХ-ын гишүүд, сайд нар нь толгойдоо ургуулах шаардлагатай байна. Энэ бодлогыг хэрэгжүүлж байх иргэдээ, нутгаа, улсаа хөгжүүлэх юм байна гэдгийг бодолцох учиртай. Мөнгөний тооноос аймааргүй байна.

 -Төслийн хүрээнд хэдэн жил санхүүгийн дэмжлэг үзүүлж байж хөдөөгийн иргэдийн амьдрал сайжрах бол?

 -Мэдээж 2018 онд төсөл хэрэгжүүлээд л хөдөөгийн иргэдийн амьдрал сайжирчихгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд юутай ч гурван жил хэрэгжүүлнэ гэж харж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дууссанаас үл хамаараад бодлого цаашид үргэлжлэх ёстой.

 -Таны санаачилсан төслийг хөдөөгийн иргэд дэмжиж байна уу. Санал бодлыг нь сонсов уу?

 -Их баяртай хүлээж авсан. Үйлдвэртэй нь танилцаж, төслийнхөө талаар ярилцахаар үнэн сэтгэлээсээ баярлаж, төдөн төгрөгийн санхүүжилттэй бол үйлдвэрээ ийм болгож сайжруулмаар байна, өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх тийм боломж бий гэж учир байдлаа тайлбарлаж байна. Маш их хүлээлттэй байгаа нь харагдлаа.

 -Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг хөдөөг үйлдвэржүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой санхүүжилт гэж ойлгодог. Гэтэл гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодитой үр дүн гараагүй. Дахиад их хэмжээний мөнгө хөнгөлөлттэй зээлсэн ч үр дүнд хүрэхгүй бол яах вэ?

 -УИХ-ын олон гишүүн, сайд үр дүнгүй төсөл болчих вий гэж надаас асууж байна. Бид ажлаа эхлээгүй байж үр дүнд хүрэхгүй бол яах вэ гэж айх хэрэггүй. Үр дүнд хүргэхийн тулд хичээж ажиллах ёстой. Төслөө үр дүнд хүргэхийн тулд иргэдээ бизнес хийж чаддаг болгомоор байна. Халамжилсаар байгаад иргэддээ өнөөг хүртэл ажил хийх чадвар суулгаж чадсангүй. Жаргалант, борнуурынхан үхрээ улам сайжруулахын төлөө, сүүний гарцыг нь нэмэгдүүлэхийн төлөө хичээж байна. Гэтэл зах зээлд сүү нийлүүлдэггүй нутгийн иргэдэд энэ талаар ойлголт ч алга. Та нар сүүний ферм байгуулах боломжтой гэхээр үнэмшихгүй байна. Сүүний ферм байгууллаа гэхэд ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг, тэжээлээ өөрсдөө тарьчихдаг, ийм амьдралын хэвшил рүү иргэдийг аажмаар оруулах хэрэгтэй. Айгаад зугтаад байвал хөдөөгийг иргэдийн амьдрал дээшлэхгүй. Магадгүй санхүүжилт олгосон 10 өрхийн хоёр нь дампуурч болно. Ингэлээ гээд муугаар үнэлж болохгүй. Найман айлынх нь амьжиргаа дээшилнэ. Мэдээж төслөө маш сайн зохион байгуулж, санхүүжилтийн зөв механизм бүрдүүлэх хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээл бол халамж биш, үрэн таран хийвэл хариуцлага тооцох ёстой.

 -Та улс төрийн эгзэгтэй нөхцөл үүссэн үед төслөө дэмжүүлэх санал гаргалаа. Дэмжинэ гэж итгэж байна уу?

 -Улстөрчдөөс илүүтэй иргэдээс дэмжлэг хүлээж байна. Улс төрийн нөхцөл эгзэгтэй байгаа үед төслөө өргөн барьсан нь төсөвтэй холбоотой. 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулаад эхэлсэн. Одоо л Засгийн газарт саналаа танилцуулахгүй бол төсөвт хөрөнгөө тусгуулж чадахгүй, оройтчих гээд байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 5 сэтгэгдэлтэй
  1. Иргэн
     (103.212.11.***)
    2017/09/10 18:23

    Бат-Эрдэнэ гишүүн маш зөв байр суурин дээр байгаад талархаж байна. Бас Дундчууд, амьжиргаа доогуур өрх, иргэдэд тус болох жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээж дэмжих томоохон саначилга гаргаж, хот хөдөөд иргэдтэйгээ уулзаж бодито, далайцтай арга хэмжээ авахаар зориг шулуудсанд баярлаж байна. Одоо бидэнд улс төржилт биш амь амьдралд наалдах ийм л ажил чухал шүү дээ.

    (0) (0)
  2. Зочин
     (103.212.11.***)
    2017/09/10 18:19

    Үнэн шүү. АН эдийн засгийн бүхий л үзүүлэлтийг хасахтай болгож, дампуурлыг босгонд тулгаж, өрийн дарамтад оруулаад орхисон. Ажилгүйдэл, ядуурал түүхэн дээд хэмжээнд очсон. Гадаад дэмжлэгээ бүрэн алдсан. Ийм л улсыг авсан. Харин 1 жилийн дотор чамлахааргүй ахиц гаргаж чадсан. Эдийн засгаа өсөлттэй болголоо. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэснээр сүүлийн 6 жилд анх удаа татварын орлого биеллээ. Хоолойд тулсан гадаад өрүүдийг дарав. Валютын ханшаа тогтворжуулж чадав. Бас томоохон бүтээн байгуулал эхлүүлж, нийгмийн асуудлуудаа ч хөдөлгөж чадав. Ийм байхад ЗГ-аа огцруулсан нь алдаа байв. Эрх мэдлийн төлөө сөрөг хүчинтэй хамтран ЗГ-аа нураав. Одоо хагарал, улс төрийн эцэс төгсгөлгүй стндорм, богино настай засгууд, эдийн засгийн зогсонги байдал, гадаадын хөрөнгө оруулагчдын болгоомжлол л харагдаж байна.

    (0) (0)
  3. зочин
     (202.179.25.***)
    2017/08/28 11:17

    Үнэхээр чи юу мэдэх вэ дээ.

    (0) (0)
  4. zochin
     (66.181.189.***)
    2017/08/27 17:19

    ene hun tomor zamiin heregt ih holbootoi sh tee chi odoo yo geed balairaad bga yom be ho

    (0) (0)
  5. unen
     (202.179.24.***)
    2017/08/25 13:01

    ene uvs zuusan hulgana un ve huuramch amitan bna

    (0) (0)