Бангкок хотын “Рүүнг Арун” сургуулийн сурагчид морин хуурын тоглолтоо сонирхуулжээ

2017 оны 08-р сарын 11 өдөр, 15 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GqAEM1

Бангкок хотын “Рүүнг Арун” сургуулийн сурагчид 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр багш, сурагч, эцэг эхчүүддээ морин хуур сурснаа үзүүлж, тайлан тоглолтоо сонирхуулжээ.

Тоглолтонд тус сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид монгол ардын дуу, Бетховен, Моцарт зэрэг сонгодог хөгжмийн зохиолчид, Монгол, Тайландын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг морин хуураар хөгжимдөж, төгсгөлд нь Тайландын хаант төрийн дууллыг эгшиглүүлэв.

“Рүүнг Арун” сургуулийн сурагчдад Монголын морин хуурын төв, Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “ИКЭЛ” сангийн гишүүн, Соёл, урлагийн Их Сургуулийн морин хуурын багш Пүрэвхүүгийн Мөнхжин хичээл заасан бөгөөд тэрээр Тайланд Улсад байх хугацаандаа нийслэл Бангкок хотоос гадна Чиангмай, Сонгкла, Накхон Си Таммарат, Кхонкен зэрэг мужийн их, дээд сургуулиудад морин хуурын сургалт зохион байгуулжээ.

Морин хуурыг Тайландын олон нийтэд танилцуулж, сурталчлах төслийг ноён Вилит Тежапайбул анх санаачилж, Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядетэд зориулсан Монголын морин хуурын төвийн хөгжимчдийн тоглолтыг 2015 онд Бангкокийн Урлагийн төвийн байранд, мөн 2016 онд Рангситын Их сургуульд “Хан Хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын оркестрын “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” гэсэн нэртэй концертыг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамтай тус тус хамтран зохион байгуулсан юм билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх