Нийслэлчүүд бидний амралтын өдрийнхөө алжаалийг тайлах гэж очдог цэнгэн хөгжилддөг газарын нэг бол яахын аргагүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэн билээ. Тэр дундаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт JCI Garden төгөлд гэр бүл, үр хүүхдээ дагуулан зугаалах хүмүүс олон биз ээ.
Дэлхийн 200 мянга гаруй манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын ASPAC буюу Ази-Номхон далайн бүсийн чуулган энэ оны 6-р сарын 8-аас 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, 51 орны 3600 гаруй бизнес эрхлэгч, манлайлагч залуус манай оронд айлчлан ирсэн үйл явдал саяхан.
JCI Монгол байгууллага нийгэмд хандсан, эерэг өөрчлөлтийн төлөөх олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг бол үүний нэг нь 2017 ASPAC чуулганыг тохиолдуулан нээлтээ хийсэн JCI Garden төсөл юм. Энэхүү төслийг Монголын JCI Конгресс салбар байгууллага хариуцаж, орон орны JCI байгууллагууд, JCI Монгол байгууллагын 13 салбар байгууллага, тэдгээрийн ахан дүүсийн харилцаатай гадаадын 12 салбар байгууллагуудтай хамтран ажилласан юм. Үүний илэрхийлэл болгож JCI Garden төглийн эхлэл цэгт JCI алдрын самбар, JCI нөхөрлөлийн цагийг байрлуулан тавьжээ.
JCI Garden-аар зугаалах хосууд, найз нөхдүүд, гэр бүлээрээ заавал зурагаа авахуулдаг зүрхэн хэлбэртэй сандал, жилд 2 удаа нээж хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг сонсох 12 жил бүхий хүслийн хайрцаг төглийн төв хэсэгт байрлаж байгаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн JCI Garden-ний хэсэгт урт дугуйн замаар тойрч ирэх хүмүүс хөлөө амраах сандал, сүүдрэвч, мөн урдхан хэсэгийг нь авьяас чадвараа үзүүлэх хэн бүхэнд нээлттэй тайз болгосон юм.
Та бүхэн нартай бас хуртай зуны сайхан өдрүүдийг дуусахаас нь өмнө олон олдохгүй амралтаа ашиглаад аваарай.