Энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо хороонд суух эрэгтэй хоёр настай Г нь буцалж байсан тогоотой шөлөнд унаж түлэгджээ.
Анхаарал болгоомжгүй байдлаас болж 0-3 насны хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдсаар байгаа билээ. Сургууль, цэцэрлэг амарснаас хойш бага насны хүүхдүүд, тэр дундаа 1-5 насныхан түлэгдэж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-д хүргэгдэн ирж, нас барах, улмаар тахир дутуу болох тохиолдол эрс ихэсдэг хэмээн тус эмнэлгийн ажилтан хэлж байв. Тус эмнэлгийн түлэнхийн тасагт өнгөрсөн сард нийтдээ 163 хүүхэд хүргэгдэн ирсний 85% буюу арваас долоо нь бага насны хүүхдүүд бөгөөд гэмтлийн улмаас мэс засал хийлгэсэн гэх харамсалтай тоо баримт гарсан байна.
Хүүхдүүдийн ихэнх нь халуун тогоонд түлэгдэж байна
Манай иргэд халуун тогоог ахуйн хүрээнд өргөнөөр ашигладаг билээ. Богинохон залгууртай, доод суурь нь нарийн энэ тогоог иргэд ихэвчлэн газар тавьж хоолоо хийдэг. Гэтэл бага насны хүүхдүүд тус тогоог татах, дээр нь суух зэргээр халуун хоол цайнд түлэгдэн амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Түлэгдлийн өвчлөл, нас баралтад хүргэж буй үндсэн шалтгаануудаас халуун хоол, цай гэх мэт шингэн зүйл 93,2 хувийг эзэлдэг аж. Мөн осол гэмтлийн улмаас нас барсан арван хүүхэд тутмын найм нь түлэгдлийн шалтгаантай нас барсан тохиолдол гарсаар байгаа юм.