БОАЖЯ-наас “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр батлуулсан билээ. Тэгвэл шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор , хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн хариуцлагыг ухамсарлуулах ажлын хүрээнд БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарлан амжилттай зохион байгуулж дууслаа. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Цэвэр сайхан орчин” аяны ялагчдыг урамшуулж, шагналаа. Уралдаанд Говь-Алтай аймаг I байр эзэлж, II байранд Увс аймаг, III байранд Сонгино-Хайрхан дүүрэг, Дархан-Уул аймаг оров.
Аяны хүрээнд улсын хэмжээнд хог хаягдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор нийт 89 удаа 19 537 иргэн, аж ахуйн нэгжид сургалт семинарыг зохион байгуулан, 2432 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн, сурталчилан таниулсан байна. Нийт дүнгээр 18974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21 148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна. Тухайлбал, тэргүүн байр ээзэлсэн Говь-Алтай аймаг нь гялгар уутыг халж, даавуун торыг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор Говийн гайхамшигт 6 амьтны лого бүхий Алтайн бренд даавуун торыг Залуус клуб нь үйлдвэрлэж эхлээд байна. Энэхүү даавуун тор нь олон үйлдэлтэй бөгөөд гар цүнх, үүргэвч, жимс хэлбэртэй болж эвхэгддэг, авч явахад авсаархан, үзэмжтэй тор юм. Даавуун торны худалдан авалт тутмаас тодорхой хувь нь говийн гайхамшигт 6 амьтныг хамгаалах үйлсэд зориулагдах бөгөөд нөгөө талаар гялгар уутыг хэрэглээнээс халж, даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой ажил юм. Мөн Увс аймаг нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Холивол хог, ялгавал баялаг” сэдэвт бүтээлийн, “ Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт гар зургийн, “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаануудыг амжилттай зохион байгуулж ногоон орчин бүрдүүлэхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриалсан байна.
Харин Дархан-Уул аймаг нь хүүхдүүдэд байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр “Хогоо витаминаар сольё” арга хэмжээг зохион байгуулж нийт 3000 ширхэг витаминыг хогоор сольж тараасан байна. Мөн Дархан сумын 2 дугаар багт амьдардаг 20-н өндөр настан нэгдэж “Төгөл хараа”, “Хараа”, “Хушаат”, “Ногоон хүрээлэн” гэсэн 4-н бүлэг байгуулж Хараа голынхоо эргэн тойрныг цэвэрлэж эхэлжээ. Тэд өөрсдөө Хараа голын эргэн тойрныг цэвэрлэхээс гадна залуу хойч үедээ эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, цаашлаад цэвэр таатай орчинд аж төрөх боломж нөхцөлийг бүрдүүлэн ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлыг үзүүлж байна. Эдгээр ахмадуудад тус аймгийн БОАЖГ-аас Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэхийг гардуулан өгсөн юм.
Мөн Сонгинохайрхан дүүрэг нь аяны хугацаанд 164 хогийн цэгийг бүрэн устгаж, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 23, Тээвэрлэлт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 40, Улаанбаатар шинэчлэл ХХК-нд 2, дүүргийн хэмжээнд нийт иргэдийн бүлгийн 65 ажилтан, 57 хог тээврийн автомашин, 5 ковш тракторын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна. Тухайлбал: 32 дугаар хорооны малын гаралтай Эмээлтийн хур хог, 21 дүгээр хорооны Рашаантын гэх хур хог, 32 дугаар хорооны мал бордооны хэсгийн хогийн цэгүүд, 22-р хорооны тахилтын хэсгийн хогийн цэгүүд, 6, 23 дугаар хороодын зааг жалгын хур хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж устгажээ.