2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46% буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72,0 хувьд хүрсэн. Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн дүнтэй.
2016-2017 оны хичээлийн жилд шинээр 2 настай 22009 хүүхэд элсэн орсноос төрийн өмчийн цэцэрлэгт 14421 мянга, төрийн бус өмчийн цэцэрлэгт 7580 мянган хүүхэд элссэн байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
- 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд явагдана.
- Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд уламжлалт аргаар явагдана.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт элсэлтийн цахим бүртгэлийг зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх заавар, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 02-ны А/40 дугаартай тушаал, tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn сайтад байршуулсан. Элсэлтийн бүртгэлийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллана. Элсэгчдийн нэгдсэн мэдээг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗАР