С. Чулуунтогтох: Монгол кино бол үндэсний үйлдвэрлэл, дэмжих нь зөв

2017 оны 07-р сарын 20 өдөр, 10 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aav5
Т. Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн “Сайн аав” МУСК-ны продюсер С. Чулуунтогтохтой ярилцлаа. Тэрбээр хүүхдэд зориулсан контентыг хөгжүүлэх зорилгоор “Шидэт хуудас” хүүхэлдэйн киног бүтээж байгаа юм. Түүний кино урлагт оруулсан томоохон хувь нэмэр нь яахын араггүй “Сайн аав” МУСК. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
Та кино урлагийн салбарт хэзээнээс эхэлж оров. Энэ салбарт хүч үзэх шалгаан юу байв?
-Би багийн л кино урлагт дуртай хүүхэд байсан. Ер нь кинонд дургуй хүн байдаггүй байх. Намайг 6 настай байхад аав маань приставка авч өгсөн юм. Хэдэн хальсны киногоо дуустал нь үзчихсэн бараг үг өгүүлбэр, үйлдлийг нь цээжилчихсэн байдаг байлаа. Би үргэлж шинэ, өөр кино үзэхийг их хүсдэг байлаа. Тэгээд гэртээ байрныхаа 5,6 хүүхдүүдийг 1 төгрөгөөр кино үзүүлж, гаднаас нь цоожилчихоод Жуковын музейд очиж 3 төгрөгөөр кино үздэг хүүхэд байсан. Би өөрөө ч жүжигчин болно гэж их мөрөөддөг хүүхэд байсан. Энэ бодол маань үргэлж л кино хийх юмсан гэдэг мөрөөдөл нь байж ирсэн. Тэгээд л кино урлагт орох цаг маань ирсэн болоод л орсон байх лдаа. Хүсэл мөрөөдлөө дагсан гэх үү дээ.
Та хүүхдэд зориулсан контент үйлдвэрлэж байгаа гэсэн. “Шидэт хуудас” хүүхэлдэйн киноныхоо талаар дурдах уу?
Нэг өдөр л дунд хүү маань one two three гээд л хэлд ордог юм байна. Би маш их гайхсан. Тэгээд хүү маань юүтүбээс суржил дээ. Яг энэ үед л хүүхэд хойч үедээ хүүхэлдэйн кино контентыг үйлдвэрлэж эхлэхгүй бол болохгүй юм байна гэдэг бодол төрсөн. Ингээд 2016 оны 1 сараас эхлээд л “Шидэт хуудас” Хүүхэлдэйн киног монгол үлгэр домгуудаас сэдэвлэн хийхээр болсон түүхтэй. Одоогоор бага зэргийн санхүүгийн чадамжаас болоод түрдээ зогссон байгаа. Гэхдээ би шатрахгүй ээ. Хүүхэлдэйн киногоо бас хийж дуусгах л болно. Бага зэрэг цаг хугацааны асуудал байгаа л даа.
Та “Сайн аав” киноны продюсераар яагаад ажиллах болов. Энэ тухайгаа ярих уу?
Манай төрсөн дүү: С. Бүжин шидэт хуудас хүүхэлдэйн киноны маань ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм. Бид ч хүүхэлдэйн киногоо аль болох хурдан дуусгах гээд шаргуу ажиллаж байсан үе. Харин 2016 оны 6-р сараас эхлэн дүү маань Т. Даваасүрэн агсаны гэргий Д. Амаржаргалтай холбогдож хүүхэлдэйн киноныхоо хажуугаар бодит амьдралаас сэдэвлэсэн кино зохиол дээр ажиллаж эхэлсэн. Ингээд 8 сард хар зохиолоо надад танилцуулсан юм. Бид ярилцаад энийг кино болгох хүмүүстэй холбогдож нэлээдгүй хүмүүстэй уулзсан. Оны сүүл болж байсныг ч хэлэх үү туслаж дэмжих албан байгууллага олдоогүй л дээ. Ингээд зориглоод энэ зохиолоор өөрсдөө кино хийцгээе гэж шийдээд бид баг бүрдүүлж эхэлсэн. Ингээд л би өөрөө бие дааж продюсерлахаар шийдсэн.
“Сайн аав” киноны дүрийн сонголт бас уран бүтээлчдийн баг их чадварлаг хүмүүсээс бүрдсэн байсан. Тиймдээ ч чанартай уран бүтээл болсон байх. Дүрийн сонголтыг хэрхэн яаж хийв?
Т. Даваасүрэн агсаны гэргий Д. Амаржаргал болон найруулагчтайгаа ярилцаж байгаад эхлээд кино бүтээх уран бүтээлчдээ, багаа бүрдүүлж эхэлсэн. Олон кинонд явсан туршлагатай хүмүүсийг урьж ажилуулсан. Учир нь манай “Простар”-ын анхны бүтээл болохоор чанартай байх ёстой гэдэг зорилго байсан. Бид бүхэн ярилцаад аавын дүрд МУСТА: Жүжигчин, найруулагч: С. Баттулга ээжийн дүрд МУСТА: Маск продакшны жүжигчин Ш. Жавхлан нар тохиромжтой гэж санал тавихад их таатай хүлээж авсан. Харин энэ үед С. Баттулга ах маань намайг яг халзанаар маань сонгочихлоодоо та нар гээд наргиан шоглоом болж байж билээ. Ер нь уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад нэг сайхан нь цаг хугацаа их хөгжилтэй өнгөрдөг.
“Сайн аав” кинондоо яагаад дөнгөж сургуулиа төгссөн найруулагчийг ажиллуулахаар болов?
Ер нь анхнаасаа найруулагч маань зохиолоо бичсэн. Тэр хүний амьдралыг олон талаас нь судалсан хүн. Тэгээд ч найруулагч мэргэжилтэй, номын дууг нь 4 жил сонссон, бас КУДС-т орохоосоо өмнө СУИС-ын соёлын дээд сургуулийг Компьютер графикчаар төгссөн юм. Мэргэжилдээ ч дуртай. Тэгээд ч сэтгэл дотор нь уран бүтээлч хандлага байгаад байдаг болохоор нь энэ киногоо чи өөрөө найруул гэдэг шийдвэрийг би гаргасан. Залуу хүн аливаа юманд эхлэж байж л цааш урам зоригтой хөдлөнө. Энэ боломжийг олгосон. Гэхдээ өмнө нь бүрэн хэмжээний кино хийж байгаагүй гэдгээр нь уран бүтээлчид маань эхэндээ бол эргэлзэж байсан. Киноны явцын дунд уран бүтээлчид маань хүлээн зөвшөөрч нэг баг болж амжилттай уран бүтээлээ гаргасан. Хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгааг мэдрэх их сайхан байлаа даа. Бид бүгд ард нь гарч чадсан.
“Сайн аав” МУСК санхүүжилтыг олоход хүндрэлтэй байсан гэж та дурдсан. Санхүүгээ яаж босгов?
Монгол киночдын гол зовлон бол энэ л байдаг. Уран бүтээлчид өөрийн байраа барьцаалж, зарах нь зарж бүхий л зүйлээ кинондоо зориулж амьдралаа дэнсэнд тавьж бүтээл гаргасан олон найруулагч, продьюсерууд байдаг. Тэд бүхэн ер нь бол бизнесээр ярьвал азаа туршиж, алдаж онодог. Миний хувьд ч ялгаагүй энэ зовлон тойрч биш дайрч л явна даа. (инээмсэглэв) Гэхдээ хийх гэж зориглосон шалтгаа нь бол анх. Д. Амаржаргалтай уулзаад л хүн бүрийн амьдрал яг кино шиг байж, жаргал зовлон ээлжилдэг шүү дээ. Амараагаа хараад 5 хүүхдийг нь бодоод би энэ киног хийх ёстой юм байна гэж шийдсэн. Магадгүй талийгаач маань биднийг уулзуулж өгсөн байх гэж боддог.
Кино хийнэ гэдэг амар ажил биш тэр тусмаа бүрэн хэмжээний кино гэдэг бол үнэхээр их хөдөлмөр олон хүний хүч, сэтгэл шингэж бүтдэг. Сүүлийн үед фэйсбүүкээр монгол киног шууд үзүүлэх явдал байгаа. Энэ талаар та үзэл бодлоо илэрхийлэх үү?
Тиймээ. Энэ асуудал их хэцүү. Олон уран бүтээлчид хөдөлмөр, хөлсөө шавхан, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, амьдралаа зориулж хийж байгаа бүтээлээ олонд хүргэх тэр агшинд хулгайн бичлэг хийж нийтийн сүлжээ сайтуудаар байршуулах нь үнэхээр том асуудал. Зүгээр л хэдэн лайк авч, шэйр хийлгүүлэхийн төлөө тэр их хөдөлмөрийг, мөнгийг, уран бүтээлийн үнэ цэнийг хоромхон зуур л үгүй хийдэг. Бид 2-ын ярилцлагыг уншиж байгаа хүмүүсийн дунд тэрхүү зовлонг ойлгохгүйгээр байршуулчихдаг хүн байвал монгол кино бол үндэсний үйлдвэрлэл юм аа. Ядаж монгол киногоо битгий хулгайлаарай. Эргээд энэ чинь дараа дараагийн уран бүтээлийн чанар сайжрах илүү уран бүтээлч, урлаг үйлдвэрлэхэд саад болдог юм шүү. Тиймээс Монгол киногоо битгий лайк шэйрний төлөө цацаасай л гэж хүсдэг дээ. Мөн хэрэв тэгэж цацагдсан байвал аль болох комментоор нь энэ бүгдийг ойлгуулж устгуулах тал дээр арга хэмжээ авч чаддаг ухамсартай байх нь чухал. Ийм л ухамсартай нийгэмд урлаг хөгжинө гэж бодож явдаг даа. Үзэгчид маань монгол киногоо түлхүү үзэж байгаасай. Гэхдээ чанаргүй уран бүтээл байна гэхээсээ илүүтэйгээр тухайн уран бүтээлийн реклам сурталчилгааг хараад өөрийн дүгнэлтээ хийгээд зорьж үздэг байгаасай гэж их хүсдэг. Мөн ихэнх үзэгчид маань театруудад очоод ямар кино үзэх ээ шийдэж байгаа харагддаг. Тэгэлгүйгээр одоо үед бол бүх театрууд өөрийн сайттай, киноны мэдээлэл болон цаг нь тодорхой байж байдаг. Зав цагаа зохьцуулаад яг үзэх киногоо үзээд явах хэрэгтэй. Тэгэж сурвал монгол кино ч гэсэн сайн муугаараа ялгараад ирнэ л гэж бодож байна. Тэгээд ч киног кино театрт үзэх, хулгайн бичлэг үзэх мэдрэмжийн хувьд ч чанарын хувьд харьцангуй өөр байдаг. Хүн киног үзэж мэдрэмж авах нь л гол нь чухал даа. Үзэгчид маань Монгол кино бол монгол үндэсний үйлдвэрлэл гэдгийг ойлгоод үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв.
Тэдгээр хүмүүс нь ойлгох байх гэж найдаж байна. Та 21 аймгаар “Сайн аав” кинотойгоо тойрсон гэсэн орон нутгийн үзэгчид хэр хүлээж авав даа.
Манай киног үзсэн хүн бүр их сайхнаар хүлээж авдаг. Киногоо үзүүлчээд үзэгчидээ үүдэнд үдээд зогсож байхад олон хүмүүс үнэхээр сайхан кино байна. Монголын өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа зан чанарыг сайхан харуулжээ. Нийгмийг эрүүлжүүлхэд хувь нэмэр оруулах юм байна гэдэг үгийг их сонсож урам авч явлаа даа.
Цаашид та кино хийх уу?
“Сайн аав” МУСК маань гэр бүлүүдэд зориулсан кино. Ялангуяа томчууд ихээр үзээсэй гэж их хүсдэг. Ямар нэгэн зүйлийг ойлгоход тус дэм болж чадахуйц кино болж чадсан гэж үнэлдэг. Одоо өсвөр насныханд зориулсан кино зохиол дээр ажиллаж байгаа. Ажлын нэр нь одоохондоо “Хип хоп цагдаа” МУСК гээд нэрлээд байгаа. Удахгүй сайхан бүтээл гарнаа гэж бас найдаж байгаа.
Хип хоп цагдаа” гэхээр их сонирхолтой санагдаж байна. Тэсэн ядан хүлээж байна. Танд ярилцлагынхаа төгсгөлд танд хэлэх зүйл байна уу?
Уг “Сайн аав” киноны 70 хувь нь бодит амьдралаас 30 хувь нь зохиомол буюу киног сонирхолтой болгох үүднээс оруулсан юм. Тиймээс та бүхэн үзээд буруу зөвийг ялгаж тунгаагаарай. Мөн сайхан сэтгэл гэж чухам юу вэ? Хүн байгаа амьдралдаа л сэтгэл хангалуун явбал тэр л аз жаргал байдаг юм. Таны аз жаргал зөвхөн дэргэд чинь байгаа. Холоос хайх хэрэггүй гэдгийг л уг кино маань харуулахыг зорьсон. Үзсэн хүн бүр бусдад тус дэм болж явбал энэ нийгэм чинь сайхан болно доо гэдгийг л ухаарах байх гэж бодож байна.
Танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (192.168.8..***)
    2018/04/24 12:24

    муу амьсгаа гуйлагчин алны улаан үс

    (0) (0)