Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

2017 оны 07-р сарын 19 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ec59e598-9b6c-4ee4-a7d9-49875e632fed

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо.

Энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болж, үндэсний дуу бүжгийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тоглолтоо хүндэт зочдод сонирхуулсан юм.

Ноён Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийн гайхамшгийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсамбуу түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэлээ.

Хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын Түвшинбатын хээр түрүүлж, Баян-Өнжүүл сумын Батжаргалын хонгор аман хүзүүнд давхисан бол Зуунмод сумын Баярбаатарын шарга халзан, Алтангэрэлийн хул, Цогтбаатарын халтар морьд айрагдлаа.

Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Б.Батжаргал тэргүүлж, Гоц мэргэн Д.Бадамханд удааллаа. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Алтаншагай түрүүлж, залуу харваач Г.Соёл-Эрдэнэ удаах байрт шалгарсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нар сурын харвааг сонирхох үеэрээ сум тавьж цэц мэргээ сорьсноос гадна наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, айргийн морьд, уяачид, унаач хүүхдүүд, харваачдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Түүнчлэн М.Энхболд ноён Т.Оошимад хурдан удмын шарга морь бэлэглэсэн юм. Ноён Т.Оошима морьтой болж байгаадаа ихэд баярлаж, мориндоо “Моори”хэмээх нэр өгөв.

Ноён Т.Оошима дагалдан яваа төлөөлөгчдийн хамт маргааш өглөө (2017.07.19) Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсанаар албан ёсны айлчлалаа өндөрлүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх